Чех улсын нийслэлд ирэх зургадугаар сарын 6-нд олон улсын театрын урлагийн PQ наадам болох бөгөөд үүнд Монголоос 12 уран бүтээлч оролцохоор бэлтгэж буй. PQ наадмын Монголын талын куратор, “Хатан шонхор” холбооны тэргүүн, тайзны зураач С.Ариунболдтой энэ талаар болон мэргэжлийнх нь онцлогийн тухай ярилцлаа.
Тэрбээр шилдэг уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” шагналыг 2008 онд хүртсэн бөгөөд театрын хөшигний цаана өрнөдөг “тулааныг” “Сценограф” үзэсгэлэнгээрээ үзэгчдэд хүргэж байсан билээ. Түүнчлэн эх орондоо төдийгүй Киевийн ДБЭТ-ын “Спартак” балет, ОХУ-ын Улаан-Үдийн театрын “Монгол гарвал” жүжиг, Хятадын Шанхай хотод болсон Өвөр Монголын ардын найрал дууны наадамд зориулсан концерын тайзыг амьдруулсан уран бүтээлч юм.
-Та Монголын сонгодог болон драмын урлагийн олон сайхан бүтээлд тайзны зураачаар оролцжээ. Энэ нь чухам юугаараа онцлог мэргэжил вэ гэдгээс яриагаа эхэлье.
-Би 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн. Дараа нь Украины Киевийн уран зургийн академид тайзны зураач (сценограф)-аар сурч, 1989 онд дүүргэсэн. Монголдоо ирээд Хүүхэлдэйн театрт нэг хэсэг ажиллаж байгаад ОХУ-ын Буриад улс руу явсан. Тэндхийн театрт мэргэжлээрээ гурван жил ажиллаж, эргэж ирээд Хүүхэлдэйн театртаа орсон.
Энэ хугацаанд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрүүн намар”, “Зуурдын орон” хэмээх орчин үеийн болон рок балетын тайз, хувцасны зураачаар, мөн ДБЭТ-т тавьсан “Симфонит бүжиг” бүтээлд ажиллаж байлаа. Түүнчлэн УДЭТ-ын Түвшин найруулагчтай хамтран “Зуны шөнийн зүүд”, “Оддын өвчин” зэрэг жүжигт ажилласан.
Тайзны зураач бол орон зайд шийдэл гаргаж, туурвидаг. Тодруулбал, хувцас, дүрсийг 3D, 4D орчин буюу орон зайд шийддэг гэсэн үг. Ингэхдээ бүтээлийн агуулгыг шингээж, дүрсээр жүжиг тоглуулдгаараа онцлогтой.
-Тэгэхээр тайзны зураач интерьер, экстерьер, уран барилга болон баримал, хувцас дизайн, инстоляц гэхчилэн урлагийн олон чиглэлээр туурвидаг онцлогтой мэргэжилтэн юм байна. Тайзны засалчаас юугаараа өөр юм бол?
-Их өргөн цар хүрээг хамарсан мэргэжил. Сүүлийн үед сценограф нь архитектур, орчин, ахуй бүрдүүлэх гэсэн ойлголтоос ангижирч, тодорхой элементүүдийг орон зайд тоглуулж, зохиолын агуулгыг харуулах тал руугаа илүүтэй хөгжиж байна.
Орчин үед эл мэргэжил улам нарийсан, 10 гаруй чиглэлээр салаалан хөгжиж буй. Жишээ нь, том бүтээлд постановщик буюу тайзны тавилтын, зураг, эскизийн, бүтцийн, хувцасны, жижиг хэрэглэлийн гэхчилэн 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зураач, засалчдийн баг ажилладаг болсон, олон улсад. Манайхны хувьд эдийн засаг ямар билээ, ингэж ажиллаж чадахгүй л байна.
-PQ наадам шалгуур өндөртэй, олон улсад нэлээд нэр хүндтэй гэж сонссон. Та бүхэн наадам зохион байгуулагчидтай хэзээ, хэрхэн холбогдсон юм бэ?
-Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг эл наадмыг орчин үеийн урлагийн олимп гэдэг. PQ гэдэг нь Prague quadrennial гэсэн үгийн товчлол бөгөөд 1957 оноос улбаатай арга хэмжээ. ЮНЕСКО-гийн захиалгаар Прага хотын захиргаа, Чехийн Театрын урлагийн их сургууль хамтран зохион байгуулдаг. Энэ жил 12 дахь удаагаа болох бөгөөд 80 гаруй орны уран бүтээлчид оролцож, “Алтан гурвал” цомын төлөө өрсөлдөнө. Үүнээс гадна 10-аад төрлөөр шилдгүүдийг шалгаруулна.
Ийм нэг арга хэмжээний урилга Монголын холбогдох байгууллагад дөрвөн жил тутамд ирдэг байжээ. 2010 онд БСШУЯ-ны мэргэжилтэн Баянзул энэ талаар надад дуулгаж, “Яам үүнийг зохион байгуулах хөрөнгө, санхүүгийн боломжгүй учраас театрын зураач нарыг нэгтгэсэн “Хатан шонхор” холбоо үүнийг судалбал ямар вэ. Хэрэв оролцоно, зохион байгуулна гэвэл дипломат шугамаар зөвшөөрлийг нь авч өгөх зэргээр бүх талаар дэмжинэ” гэсэн. Ингээд багагүй хугацаанд манай хоёр улсын ЭСЯ, холбогдох байгууллагынхны харилцааны үндсэн дээр “Хатан шонхор” хэмээх мэргэжлийн холбоонд маань эрхийг нь өгсөн.
Ингэснээр тус холбооны тэргүүний хувьд надад PQ наадам зохион байгуулагчидтай харилцах боломж нээгдсэн юм. Ийм сайхан бүтээлч харилцааны үр дүнд бид мэргэжлийнхээ талаарх маш их мэдээлэл авахын зэрэгцээ өөрийн орны театрын хувцас, тайзны тухай материалыг орчуулан илгээж ирлээ. Эл наадмын үндсэн зорилго нь театрын ирээдүйг тодорхойлохын зэрэгцээ нийгэм дэх энэ урлагийн нөлөөллийг тодруулах.
Урлаг нь нийгмийн хөгжлийг манлайлах юм уу, эдийн засагтаа чирэгдэх үү зэрэг олон асуудлыг хөндөн, хурал хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Ерөөс урлаг бол хүн төрөлхтнийг “чирч” явах ёстой агуу зүйл гэдгийг наадмын хүрээнд ойлгуулах нь бас нэг зорилго нь юм.
Манайхан урлагийг ээмэг, бөгж шиг, гоёлын хэмжээнд ойлгодог. Урлаг бол нийгмийн гэгээрлийн үндэс, замыг нь гэрэлтүүлэгч гэдгийг PQ-д оролцогчид ярьж, хэлэлцдэг. Монгол Улс тус арга хэмжээнд 2011 онд анх оролцохдоо ажиглагчийн байр суурьтай байсан. Гэхдээ бид бүтээлтэй явсан л даа. Ер нь манайх нүүдэлчдийн театрын агуулгаар оролцох нь зүйтэй гэж үзээд үүнийхээ хүрээнд судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй уулзаж, багагүй судалгаа хийсэн.
Монголд XIII зууны үед театр байсан түүх бий. Юань гүрний үеийн сударт тэмдэглэснээр, монголчууд театр, дуу хөгжим, бүж гээрээ алдартай байжээ. Цайны зам дагаж олон соёл нэвтэрч, театрын урлаг хурдацтай хөгжсөн байна. Сонирхуулахад, Монголын анхны жүжиг “Учиртай гурван толгой”-н тайзны заслыг хийсэн орос мэргэжилтний ажил их сонирхолтой. Тэрбээр нөхцөлт тайз хийсэн юм билээ. Тэр нь тус бүртээ дүр, агуулгаа илэрхийлсэн гурван сац суварга.
-ДБЭТ-ынхан “Учиртай гурван толгой” дуурийг төв талбайд тоглуулахдаа уламжлалт ахуйгаа харуулсан өвөрмөц шийдлээр тайзаа зассантай утга нэг гэсэн үг үү?
-Өнөө цагийн 3D шийдлийг тэрбээр гаргаж чадсанаараа гайхалтай. Бид зарим талаараа жишээ нь, Ц.Доржпалам, Б.Төмөрхуяг нарын мундаг зураачийн шийдлүүдээс ухарсан нь харагддаг шүү. Хэтэрхий реалист хэв маяг руу “ухарсан”, эсвэл шийдэл муутай зүйл анзаарагддаг. Гэхдээ манай театрын тавилт, тайзны шийдлийг гаднын мэргэжилтнүүд их өвөрмөц гэдэг. Энэ нь Өрнө, Дорнын нөлөө манай театрын хөгжил, соёлд нөлөөлсний илэрхийлэл.
-Уран зургийн наадамд тухайн зураач бүтээлээ дэлгэнэ. Харин театрын урлагийн наадмын бүтээл гэхээр нэг л нүсэр зүйл төсөөлөөд байна л даа. 12 дахь удаагийн наадамд та бүхэн ямар бүтээлээр оролцохоор бэлтгэж байна вэ?
-Орчин үеийн урлагийн чиглэлээр, орон зайн бүтээл туурвидаг 12 залуу уран бүтээлч оролцоно. Тэднээс гадна БСШУЯ болон соёл, урлагийн байгууллагуудын төлөөлөл явна. Бид өгөгдсөн заавар, журмын дагуу дөрвөн янзын үзэсгэлэн дэлгэнэ. Нэг нь “Ази-Опа” нэртэй. Үүнд Монголд тавьсан жүжгүүдийн макетыг чөлөөт орон зайд инстоляц буюу өрөг урлагийн хэлбэрээр байршуулна.
“Төмөрийн бодол” нэртэй удаах үзэсгэлэндээ Монголын театрын урлагийн нэрт мастер Б.Төмөрхуягийн уран бүтээлээс дэлгэх юм. Монгол гэрийн шал дайвалзаж, агаарт оньсон тоглоом эргэлдэж буй шийдэлтэй, их сонирхолтой бүтээл хийж байна, Ц.Түвшинжаргал, С.Батсайхан нар маань. Сценографийг хөгжүүлэхийн төлөө тэр хүн ямар саад бэрхшээл туулсныг хий орчинд биетийг байрлуулахтай адилтгасан утгатай юм.
Залуу уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ ахлан, СУИС-ийн оюутан А.Цэгц, М.Номин-Эрдэнэ нарын тусламжтай гүйцэтгэж байгаа “Ро ба Жу” бүтээлийг гурав дахь үзэсгэлэнд зориулсан. Эдгээрээс гадна гудамж, талбайд үзүүлэх үзүүлбэр бэлтгэж байна. СУИС-ийн бүжгийн багш М.Мөнгөнцэцэгийн удирдлагад бэлтгэж буй “Этүгэн ээж” хэмээх перформанс үзүүлбэр маань нөгөөх гурван үзэсгэлэнгийнхээ агуулгыг товчлон харуулахаараа онцлог.
Метро, гудамж, талбай, үзэсгэлэн зохион байгуулж буй газруудад Монголын уран бүтээлчдийн бэлтгэсэн үзэсгэлэн, үзүүлбэрийн гол санаа, агууламж нь ийм юм шүү гэж багцлан мэдээлэх мессеж болно гэсэн үг. Нөгөөтээгүүр, дэлхийгээ хайрлая, нүүдлийн соёл бол байгалиа дээдлэх ухаан гэдгийг өгүүлэх юм. Наадам 10 хоног үргэлжилнэ.
-Олон улсын том арга хэмжээнд уран бүтээлчдээ оролцуулах ажлын ерөнхий зохион байгуулагч нь “Хатан шонхор” холбоо өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллага байгаа нь үнэхээр сайшаалтай, талархууштай. Санхүү гэж айхтар даваа бий. Төр, засгийнхны дэмжлэг, тусламж байгаа биз дээ. Та нарын хувьд овор ихтэй, эмзэг ачаа олонтой байх нь ойлгомжтой. Үүнд мөнгө шаардлагатай болно. Манай урлаг, спортынхон гадаадын арга хэмжээнд оролцоход хамгийн том тээг, садаа нь мөнгө, санхүү байдаг шүү дээ.
-Нийт 100 гаруй сая төгрөг зарцуулах багцаалсан тооцоо байгаа. Уран бүтээл хийхэд зарцуулах зардлын тодорхой хувийг Соёл, урлагийн газраас шийдэж өгсөн. Мөн БСШУЯ, ГХЯ-ны зүгээс дэмжиж, тусалж байгаа. Мөн БОАЖЯ, ХХААХҮЯ-хан хамтран ажиллана гэсэн. МИАТ компанийнхан тодорхой хэмжээнд туслахаа амласан.
Энэ мэтээр зохион байгуулалт нэлээд сайн явж байгаа. Үүнд урлаг судлаач П.Батжавын оролцоо, зүтгэл их байгааг дурдах ёстой. НҮБ-ын ажилтан Нараад бас баярлаж буйгаа хэлье. Уран бүтээлчид маань ч хувиасаа боломжоороо мөнгө гаргаад болгоно доо.
-Уг нь олон улсын арга хэмжээнд оролцох нь хамгийн түрүүнд улсын нэр хүндийг өсгөх ач холбогдолтой. Өгөөж нь хүртэл монгол уран бүтээлчдэд хэрэгтэй шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Нэг удаагийн арга хэмжээнд оролцоод л болох асуудал биш л дээ. Энэ бол олон жил үргэлжилж, манай залуу уран бүтээлчдэд тодорхой сургалт, мэдлэг болно. Тэр хэрээр театрын тайзны туурвил сайжирна.
Нөгөөтээгүүр, урлаг бол улс төр, эдийн засгаас хараат бус, манлайлах мөн чанартай чухал хөшүүрэг гэдгийг ойлгоход их чухал арга хэмжээ. Тиймээс PQ наадмын үр дүнгийн талаар бид тайлагнаж, олон арга хэмжээ зохион байгуулж, баримтат кино бүтээхээр төлөвлөсөн.