Элсэлтийн ерөнхий шалгалт тойрсон асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Энэ онд өмнөх жилээс цөөн сурагч ерөнхий боловсролын сургууль төгсөж буй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг хэчнээн сурагч өгөхөөр бүртгүүлсэн бэ?
-17 мянга орчим сурагч энэ жил арванхоёрдугаар анги төгсөнө. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн сарын 15-ны 18.00 цагт дууслаа. 18 130 сурагч уг шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн. Урьд нь дунджаар 45 мянган сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг байхад 50 төвд зохион байгуулдаг байсан.
Энэ жил улсын хэмжээнд 34 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж буй. Тодруулбал, 21 аймаг, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 12 төв байгуулна.
-Өмнөх онуудын шалгалтаас энэ жилийнх юугаараа онцлог вэ?
-Энэ жилийн шалгалтын гол онцлог нь монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоосон. Үүний хүрээнд монгол хэл, бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 23, дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулав. Эхний шалгалтаар нийт сурагчдын 87 хувь нь тэнцсэн. Дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулсан шалгалтад гуравдугаар сарын 23-нд босго оноогоо авч чадаагүй болон хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцож чадаагүй сурагчид шалгалт өгсөн.
Үүнд нийт 3100 орчим сурагч хамруулсан. Энэ удаагийн шалгалтад 400 оноо авч чадаагүй шалгуулагч их, дээд сургуульд оролцох боломжгүй болно. Хоёр дахь шалгалтын хариу маргааш (өнөөдөр) гарна. Дараагийн нэг онцлох зүйл нь сурагчдын дүнг шалгалтаа өгсөн даруйд танилцуулах шилэн технологи нэвтрүүлж байна.
Сурагчид шалгалтаа өгч дуусаад, дүнгээ харчихаад дараагийн шалгалтдаа орох юм. Үүнтэй холбоотойгоор зургадугаар сарын 17-20-нд элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах тов гаргалаа. Ингээд зургадугаар сарын 23-нд батламж хуудас тараахаар бэлтгэж байгаа. Мөн төгсөгчид ч элсэх сургуулиа эрт сонгоно.
Урьд жилүүдэд шалгалт авснаас 14 хоногийн дараа дүнг гаргаж, долдугаар сарын эхээр сургуулиуд элсэгчдээ хүлээн авдаг байсныг хална гэсэн үг.
-Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй сурагчдын тоо цөөн байгаатай холбоотойгоор зарим их, дээд сургуульд элсэгч олдохгүй, босго оноог бууруулах талаар ярьж байгаа гэх юм. Үнэн үү?
-Манай улс 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор энэ жил төгсөх сурагчдын тоо цөөн байна. Дараа жилээс өснө. Урьдчилсан тооцоогоор ирэх жил 40 мянга, гурван жилийн дараа 50 мянган сурагч төгсөнө гэсэн судалгаа бий. Их, дээд сургуулиудын хувьд элсэгчдийн тоо хоёр дахин багасаж буй учраас хүндрэл гарах байх.
Босго оноог өнгөрсөн жилийнхтэй ижил байлгахаар шийдвэрлэсэн. Энэ нь ч зөв. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 2.5 жилийн хугацаанд хүчинтэй учраас жил бүр босго оноог шинэчлэн тогтоохоор өмнөх жил шалгалт өгчихөөд, энэ онд их, дээд сургуульд элсэхээр төлөвлөсөн шалгуулагчид хохирох магадлалтай. Тиймээс өнгөрсөн жилийнхээр буюу төрийн өмчит сургуулиудынх 480, хувийн хэвшлийнх 410, орон нутгийнх 400 оноогоор босгыг тогтооно.
-Төгсөгчдийн тоо бага учраас хүүхэд бүр их, дээд сургуульд элсэх боломжтой гэсэн ойлголт эцэг, эхчүүд болон сурагчдын дунд байна.
-Элсэгч цөөхөн гээд бүх шалгуулагч сургуульд элсэх боломжтой гэсэн үг биш. Жишээлбэл, жилийн жилд нийт шалгуулагчдын 70 орчим хувь нь нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалт өгдөг. МУИС-ийн Хууль зүйн сургууль жилд 40 оюутан элсүүлдэг бол түүнийгээ л авна.
Тиймээс энэ жил 12 мянга гаруй шалгуулагч тус 40 хуваарьт өрсөлдөнө гэсэн үг. Ер нь тухайн жилийн эрэлттэй байгаа мэргэжлийн ангид өрсөлдөөн өндөр байдаг зарчим хэвээрээ.
-Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагч нарт анхаарах зүйлс бий юү?
-Дээр дурдсанчлан энэ удаагийн монгол хэл, бичгийн шалгалтад 400 оноо авч чадаагүй сурагчид их, дээд сургуульд орох эрхгүй болохыг анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ нь элсэлтийн ерөнхий шалгалт өгч болохгүй гэсэн үг биш. Учир нь энэ жил монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог авч чадаагүй ч бусад шалгалтаа сайн өгч болно.
Тиймээс дараа жил монгол хэл, бичгийнхээ шалгалтыг дахиж өгөөд, амжилт гаргавал бусад шалгалтынхаа дүнгээр их, дээд сургуульд орж болно гэсэн үг. Үүнийг зарим сурагчид мэдэхгүй, монгол хэл, бичгийн шалгалтын босго оноогоо даваагүй учраас бусад шалгалтаа ч өгч болохгүй гэж ойлгоод байна.
-Шалгалтын материал засах хэчнээн машин байгаа вэ. Хэр найдвартай юм бол?
-Боловсролын үнэлгээний төвд 27 машин бэлэн байна. Үүн дээр Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд 50 машин нэмж авах болсон. Ингээд нийт 76 машинаар, нэг төвд хоёрыг байршуулж, элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг гаргахаар зохион байгуулж буй. Өнгөрсөн жил Орхон, Ховд аймагт эл технологийг ашигласан.
Тухайн үед ямар нэгэн асуудал гараагүй. Харин шалгалт өгөх сурагч бүрийн ширээн дээр харандаа, баллуур, үзүүрлэгч байршуулна. Шалгуулагчид зөвхөн бидний өгсөн харандаагаар хариултын хуудсыг будах ёстой. Үүнийг зөрчөөд, өөр харандаагаар хариултын хуудсаа будаад, түүнийг нь машин уншихгүй, бага оноо авсан тохиолдолд бидэнд дахин шалгах цаг байхгүй.
Өмнө нь шалгуулагч нарыг харандаа, үзэг, балтайгаа ирэх шаардлага тавьдаг байсан бол энэ жилээс ямар нэгэн бичиж тэмдэглэх зүйлгүй ирэхийг анхааруулж байна.