“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс санаачлан улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлийг үнэлснээ танилцуулсан юм. Улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, тайлагнах, мэдээлэх, хяналтын тогтолцоо гэх зэргээр олон талаас нь судалж, үнэлсэн тус тайланд хариуцлагын тогтолцоо сул, оновчтой биш буйг онцолсон байна.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан, судалгааны багийн гишүүн В.Удвалтай ярилцлаа. Тэрбээр дээрх үнэлгээг хийхэд бие даасан судлаачаар оролцож, улс төрийн санхүүжилтийн хяналт, хариуцлагын тогтолцооны талаар түлхүү судалжээ.
-Өдгөө манайд улс төрийн санхүүжилттэй холбоотойгоор чухам ямар хариуцлага яригдаж байна вэ?
-Үүнийг тухайлан судлахдаа хууль болон нийтийн ашиг сонирхлыг дээдлэх, холбогдох байгууллагууд уялдаа холбоотой ажиллах, хариуцлагатай байх зарчмыг чухалчилснаа юуны түрүүнд тэмдэглэе. Мөн улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилт хоёр нь улс төрийн санхүүжилт хэмээх ойлголтыг бий болгож байгааг дурдах нь зүйтэй байх.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар улс төрийн, захиргааны болон эрүүгийн гэсэн үндсэн гурван төрлийн хариуцлагын механизм үйлчилж байгаа. Харамсалтай нь, аль аль хариуцлагынх нь сул, оновчгүй, зөрчил, дутагдлыг арилгаж, тухайн харилцааг зохицуулж чадахгүй байна.
-Улс төрийн хариуцлага гэж юуг хэлж байна вэ?
-Уг нь энэ төрлийн хариуцлага бол улс төрийн намуудад хүлээлгэх хамгийн үр дүнтэй механизм юм. Тиймээс ч бусад улсад нам, нэр дэвшигчийг сонгуулийн нэрийн жагсаалтаас хасах, төрийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаанд хязгаарлах, намуудад олгодог төсвийн дэмжлэгийг түр, эсвэл бүрмөсөн зогсоох, сонгуульд бүртгэхээс татгалзах, бүр намын бүртгэлээс хасах, улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглох зэрэг арга хэмжээ авдаг.
Харин манайд сонгуулийн зардал, хандив, сонгогчид бэлэн мөнгө, эд зүйлс тараахтай холбоотойгоор хоёр зүйлд улс төрийн хариуцлага тооцохоор хуульд заасан байна. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 60.5-д сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байх, 52.4-т хориглосон этгээдээс хандив авсан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар тусгаснаас өөр зүйл үгүй.
-Захиргааны хариуцлага буюу торгох шийтгэл нэлээд давамгайлж байна уу?
-Тийм. Сонгуулийн тухай хуульд нам, нэр дэвшигч зардлын нэг данс нээх, үүнийгээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэх, дансаа нээх, хаах хугацаа, зардлаа төвлөрүүлэх, зарцуулах талаар нэгбүрчлэн заасан нь сайн. Түүнчлэн нам, нэр дэвшигчийн зардлын данс байршуулсан банкны удирдлага уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж, сонгуулийн санал хураалт дууссанаас хойш 45 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэхээр хуульчилж, зөрчвөл торгохоор заасан нь давхар хяналт гэж ойлгож болно.
Гэхдээ данснаас гадуурх хандив, хууль бусаар хөрөнгө босгосон, эсэхэд тавих хяналт, хариуцлага тун сул байгаа юм. Судалгаанд оролцогчдынолонх нь “Хэдэн тэрбум төгрөгийн санхүүжилттэй харьцаж байгаа хүнд ногдуулж буй шийтгэл бага байна” гэсэн санал хэлж байсан. Өөрөөр хэлбэл, торгуулийн хэмжээг өндөр болгохыг шаардаж буй хэрэг. Үнэхээр ч сонгуулийн санхүүжилт нь хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэж байхад зөрчил гаргасан бол хэдэн зуухан мянгаар торгох нь оновчтой биш.
...Эрүүгийн хуульд “Сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж, саналыг нь худалдан авах гэмт хэрэг үйлдсэн бол 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогох, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт бий. Гэхдээ энэ нь улстөрчдөд үйлчилж чаддаггүй байдал ажиглагддаг. Санал худалдан авсан гэх үндэслэлээр тухайн нэр дэвшигчийн сонгуулийн менежер нь шийтгүүлэх жишээтэй. Ингэхдээ нөгөө нэр дэвшигч нь УИХ-ын гишүүний тангараг өргөөд гурван жил болчихоод байхад сая менежерийг нь Дээд шүүхээр эцэслэн шийтгэж байгаа юм...
-Энэ төрлийн хариуцлагыг илүү оновчтой болгохын тулд яах ёстой вэ?
-Захиргааны хариуцлага ногдуулдаг ерөнхий хууль болох Зөрчлийн тухай хуулиар үүнийг зохицуулаагүй. Үндсэндээ Сонгуулийн хуульд л хэдэн заалт байна. Иймээс Зөрчлийн тухай хуулиар тодруулж хуульчлах шаардлагатай юм.
-Сонгуулийн үеэр мөнгө, эд зүйл тараадаг нь нууц биш. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр мэдээлдэг ч хууль, хяналтын байгууллага хэрхэн шийдвэрлэж, буруутай хүмүүст нь ямар хариуцлага хүлээлгэдэг нь бүрхэг үлддэг.
-Эрүүгийн хуульд “Сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж, саналыг нь худалдан авах гэмт хэрэг үйлдсэн бол 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогох, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт бий. Гэхдээ энэ нь улстөрчдөд үйлчилж чаддаггүй байдал ажиглагддаг.
Санал худалдан авсан гэх үндэслэлээр тухайн нэр дэвшигчийн сонгуулийн менежер нь шийтгүүлэх жишээтэй. Ингэхдээ нөгөө нэр дэвшигч нь УИХ-ын гишүүний тангараг өргөөд гурван жил болчихоод байхад сая менежерийг нь Дээд шүүхээр эцэслэн шийтгэж байгаа юм.
Ер нь нам санхүүжилтээ бүрдүүлж буй байдал, санхүүгийн дүрэм, журам үл сахисан зэрэгт хүлээлгэх хариуцлага их сул байна. Угтаа санал худалдаж авсан хэрэгт нэр дэвшигчээс гадна нам нь хариуцлага хүлээх ёстой. Тухайн нам л сонгуульд оролцохтой холбоотойгоор асар их санхүүжилтийн асуудал хөндөгдөж байгаа учраас давхар хариуцлага байх ёстой шүү дээ. Эрүүгийн хуулийн хариуцлагыг аль нэг байгууллагад хүлээлгэж болдог.
Одоо үүнд улс төрийн намыг оруулж өгмөөр байна. Нам бол Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10-т заасанчлан бүх хуулийг сахих ёстой байгууллага. Гэтэл санхүүгийн харилцааг зохицуулсан хуулиудад намд хариуцлага хүлээлгэх ямар ч заалт алга. Жишээлбэл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу аливаа байгууллага аудит хийлгэж, бүх санхүүжилтээ ил байлгах ёстой.
Харин үүнийг мөрдөхгүй байгаа намд ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Хяналт, хариуцлага, мэдээлэл гэсэн гурвалжин дотор улс төрийн намын санхүүжилтийг авч үзэх нь чухал байна. Ийм хүрээнд сайжруулж, боловсронгуй болгох зүйл нэлээд байна.
-Хариуцлагын арга хэлбэрүүд нь сул, оновчтой биш байгаагаас гадна хуульчлаад буй, хүчин төгөлдөр заалтуудыг ч хэрэгжүүлэхгүй байна гэж ойлгож болох уу?
-Болно. Хэрэгжүүлэх механизм нь ч бас дутагдалтай. Хууль зөрчсөн эзнийг нь олж шийтгэхгүй байгаа талаар дээр цухас дурдсан шүү дээ. Нэр бүхий намын удирдах албан тушаалтныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-ийг үндэслэн нийтийн албанд томилогдох эрхийг нь дөрвөн жилээр хасаж, 4.5 жил хорих ял шийтгэсэн.
Тухайн албан тушаалтан намдаа хөрөнгө босгох гэж авлигын мөнгө авсан гэж мэдүүлсэн байгаа юм. Гэтэл нам нь, удирдлага нь ч хариуцлага хүлээгээгүй. Хариуцлагыг нэр дэвшигч болон намтай нь холбочихвол ийм зүйл болохгүй шүү дээ.
Менежер, эсвэл өөр хэн нэгэнд хариуцлага үүрүүлж болоод байгаа учраас улстөрчид хууль зөрчсөөр байна. Ингэхдээ намын тэр албан тушаалтанд тийм хариуцлага ногдуулна гэж тодорхой хуульчлах ёстой.
-Улс төрийн санхүүжилттэй холбоотойгоор хариуцлага тооцох суурь зарчим нь Үндсэн хуульд хэр тусгалаа олсон байдаг юм бэ?
-Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байдаг. Үзэл бодлоороо нэгдэж нам, эвсэл байгуулан, үйл ажиллагаа явуулж байгаа л бол аливаа хуулийг сахих ёстой. Уг нь нам гэдэг чинь сонгуулийн үр дүнгээр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг онцгой субъект биз дээ.
Түрүүнд дурдсанчлан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг нам биелүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль болон бусад хуулийг сахиж, мөрдөөгүй гэсэн үг шүү дээ.Эс үйлдэхүй талаас нь харж, Захиргааны ерөнхий хуулиар байгууллага, албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх боломж бий.
-Санхүүжилттэй холбоотой харилцааг нь Улс төрийн намын тухай хуулиас тусдаа хуульчилбал хэр үр дүнтэй гэж бодож байна вэ?
-Зарим оронд Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэж бий. Манайх тусад нь хууль батлахгүй юм гэхэд Улс төрийн намын тухай хуулийн “Санхүүжилт” гэсэн хэсгийг боловсронгуй болгох замаар, хариуцлагатай нь хамт хуульчлах нь зүйтэй гэж бодож байна.
Миний хувьд Улс төрийн намын болон Улс төрийн санхүүжилтийн тухай хууль гэж тусдаа байх ёстой гэж үздэг. Учир нь одоо манайд нам, улс төрийн буюу сонгуулийн санхүүжилттэй холбоотой аливаа асуудал ямар ч дэг журамгүй явж байна шүү дээ. Үүнийг журамлахын тулд тусдаа хуультай байсан нь дээр.
-Тусад нь хууль баталдаггүй юм гэхэд улс төрийн санхүүжилттэй холбоотойгоор хамгийн түрүүнд хийх ёстой алхам юу байх ёстой бол?
-УИХ-д суудалтай намуудын санхүүгийн ил тод байдал, сахилга батыг төсвийн дэмжлэгтэй уялдуулсан хариуцлага огт алга. Төсвийн дэмжлэгийг нь бууруулах, бүр зогсоох хүртэл хариуцлагын арга хэмжээг хуульчлах цаг болсон.
Улс төрийн намын тухай хуулийн 18.4, 20.3 буюу “Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ” гэснийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд оруулах ёстой. Торгож шийтгэхээс гадна зөрчлөө давтвал нэр дэвших эрхийг хязгаарлах, хасах зэргээр улс төрийн хариуцлага хүлээлгэх заалтыг хуульчлах нь зүйтэй.
Ер нь энд яриад байгаа гурван төрлийн хариуцлагаас гадна ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг баймаар юм.