Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг УИХ-аас 2001 онд батлан мөрдүүлсэн. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг үүнээс гадна салбарын 100 гаруй хуулиар зохицуулж байна. Гэвч тусгай зөвшөөрлийн төрөл, тоо, түүнийг олгох эрх бүхий субъектийг шинээр тогтоох зэргээр эрх зүйн зохицуулалтын гажуудлыг үүсгэж ирсэн байна. Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төрлийг шинээр бий болгох, эсвэл тусгай зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагааг дотор нь задлах зэргээр яам, агентлагуудаас олгох тусгай зөвшөөрлийн тоог нэмэгдүүлсээр байгаа.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд салбарын яамдаас олгох 18 чиглэлийн 103 ерөнхий төрөл, түүнд хамаарах 210 гаруй дэд төрлийн үйл ажиллагаа болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргаас олгох долоон төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэхээр заасан боловч одоо 54 байгууллага, 914 төрлийн зөвшөөрөл олгож байна. Түүнчлэн хуулиар эрх олгоогүй боловч тодорхой үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрээр бий болгож, хууль бус төлбөр, хураамж ногдуулах тохиолдол түгээмэл байна.
Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомжийн зохицуулалт хоорондоо зөрчилтэй, хуулиас гадуур зөвшөөрөл бий болгох явдал түгээмэл байгааг өөрчлөн засах шаардлагыг үндэслэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг шинэчилсэн найруулгын түвшинд өөрчилж, Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хууль хоорондын давхардал, зөрчил, хийдлийг арилгах, хуулиас гадуур тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл бий болгож, иргэдийг чирэгдүүлдэг байдлыг хориглох, төрөөс зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг бий болгох хүрээнд зөвшөөрлийн төрөл, түүний ангилал, олгох эрх бүхий этгээдийг тогтоохын тулд Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ.
Эдгээр арга хэмжээг нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөс нэг их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, амьжиргааг дээшлүүлэх бодлого хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүний хүрээнд татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулсан төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөх нь.
Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.9 тэрбум ам долларт, гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларт, экспортын хэмжээ 9.1 хувиар өсөж 7.7 орчим тэрбум ам.долларт, импортын хэмжээ 5.5 хувиар өсөж 6.2 орчим тэрбум ам.долларт хүрэхээр тооцжээ. Төлбөрийн тэнцэл 2019 онд ашигтай гарна гэж үзэж байна. Инфляцын түвшин 2019 онд зорилтот түвшин буюу найм орчим хувьд хадгалагдах аж.
Монгол Улсын эдийн засгийг 2020-2022 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу зургаа орчим хувьд хүргэх зорилттой байна. Экспорт 2020 онд өсөж, 7.8 орчим тэрбум ам.долларт, импорт найман хувиар нэмэгдэж, 6.7 тэрбум ам.долларт хүргэхээр төсөөлжээ. Инфляцын түвшин дунд хугацаанд буюу 2020-2022 онд найм орчим хувьд байна гэж тооцсон байна.
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Засгийн газрын 2012-2016 онд гаргасан бондуудыг 2021-2023 онд эргэн төлөхтэй холбогдуулан төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс сайжруулан, 2021 онд ДНБ-ий -2.8, 2022 онд ДНБ-ий -1.4 хувь, цаашид 2023 оноос ашигтай гаргах бодлого баримтлах ажээ.