Ажлын цаг шувтарч, сонины дугаар шилжих болчихоод байхад төрийн байгууллагуудаас утасдаж “Энэ тендерийн зарыг маргааш заавал сонинуудаар гаргах ёстой юм аа. Хугацаа нь тулчихаад байна” гэж тэвдүүлдэг явдал бишгүй. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулах зараа түгээж байгаа нь тэр. Гол зорилго нь олон нийтэд мэдээлэл түгээх биш, “Хэвлэл мэдээллээр зарласан” гэсэн нэр зүүж, ам хаах төдий болсны жишээ энэ.
Худалдан авах ажиллагаа буюу тендер гэдэг үг олон нийтийн дунд хэдийн луйвар гэсэн “орчуулгатайгаар” хүрдэг болсон нь нууц биш. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтад явуулна хэмээн зарласан. Үүний хүрээнд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өчигдөр “Ил тод худалдан авах ажиллагаа-2019” арга хэмжээг Иргэний танхимд зохион байгууллаа. Тендерийн хуулийг хэрэгжүүлэх, сонгон шалгаруулалтыг авлигаас ангид, олон нийтийн хараа хяналтад зохион байгуулах зорилготой тус арга хэмжээний үеэр худалдан авах ажиллагааг ямар үе шатаар явуулдгийг олон нийтэд нээлттэй, шууд дамжуулан үзүүлэв. Тодруулбал, Ус сувгийн удирдах газарт өргөгч төхөөрөмжтэй, ачааны машин худалдан авах төсөл болон Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны цогцолбор барилгыг төвийн халаалтад холбох гэсэн хоёр ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах тендерийг нээлээ.
Цахим системд тендерийн материалыг хүлээн аваад, нэг цагийн дотор нээхдээ оролцогч аж ахуйн нэгжүүдийн нэр, санал болгож буй үнийн дүн, тендерийн баталгааны болон хүчинтэй хугацаа зэргийг олон нийтэд зарладаг аж. Ус сувгийн удирдах газарт өргөгч төхөөрөмжтэй, ачааны машин худалдан авах төслийн төсөвт өртөг нь 600.3 сая төгрөг бөгөөд энэ тендерт зургаан аж ахуйн нэгж үнийн санал ирүүлжээ. Харин Багахангай дүүргийн барилгын ажлын төсөвт өртөг нь 211 сая төгрөг бөгөөд 11 аж ахуйн нэгж материал ирүүлсэн байв. Компани бүрийн ирүүлсэн үнийн саналыг ийнхүү олон нийтэд ил тод зарласнаараа төрийн дээд, дунд, доод шатны албан хаагчид тендерийн “цавчаа” хийдгийг таслан зогсооно гэдгийг зохион байгуулагчид хэлсэн.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Тендерийн үйл ажиллагаатай холбоотой олон гомдол санал нийслэлд ирдэг. Тендер зохион байгуулагч сонгон шалгаруулалтад оролцогчдоос шан харамж хэлбэрээр 10 хувийн “цавчаа” авдаг болсныг хэн хүнгүй ярьдаг, хүлээн зөвшөөрдөг болжээ. Үүнээс болж төрийн алба авлигын “хар авдар”-тай болж, зарим албан хаагч ажил хийхээс илүүтэй тендерийн хувь хүртэхэд анхаарлаа хандуулдаг нь нууц биш. Нийслэлийн Засаг даргын хувьд би ийм зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй. Авлигагүй Улаанбаатар болохын төлөө ажиллана. Худалдан авах ажиллагаанд оролцох аж ахуйн нэгжүүд одооноос албан тушаалтанд өгдөг 10 хувиа ажлаа заасан хугацаанд чанартай гүйцэтгэхэд зарцуулж, ажлын байр бий болгог” хэмээв.
Тендерт шүглэсэн 10 хувийн “цавчаа”-ны талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Мэдээллийн технологийн албаны дарга Н.Цэрэнсамбуу ч нуулгүй ярьсан. Худалдан авах ажиллагааны төсөвт өртгийг олон нийтээс тас нуудаг, сонгон шалгаруулалттай холбоотой материалыг танилаа дуудаж өгдөг албан тушаалтнууд ч байдгийг тэрбээр шүүмжилсэн.
Ташрамд дурдахад, энэ онд нийслэлд нийт 503.7 тэрбум төгрөгийн 1019 төсөл, арга хэмжээг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах аж. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар одоогоор 30 орчим тендер зарласан бөгөөд зураг төсөл, бичиг баримтыг нь боловсруулж, бэлтгэл ажлыг нь хангасан 100 орчим тендер байгааг тус газрын дарга Э.Болормаа хэллээ.