Өнөөдөр Наран улсын 125 дахь эзэн хаан Акихито сэнтийгээ ууган хүүдээ шилжүүлэх ёслол үйлдэх түүхэн чухал өдөр. Маргааш шинэ эриний тоолол эхэлнэ. Японы эзэн хааны гэр бүл нь нэр төдий удирдагчид бөгөөд төрийн жинхэнэ төлөөлөгчдийг бодвол ард түмнийхээ бэлгэ тэмдэг болдог. Гэсэн ч эзэн хааны гэр бүлтэй холбоотой бүхэн олны анхаарлыг татдаг ба улс орон нь эзэн хаантай байгаа нь япон хүн бүрийн бахархал юм. Эзэн хаан солигдох арга хэмжээ энэ улсын жирийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
ХӨГЖИМЧИН ГЭР БҮЛ
Тус улсыг одоо эзэн хаан, энэ жил 86 насны ойгоо тэмдэглэх Акихито удирддаг. Тэрбээр манай тооллын өмнөх 660 оноос төрийн эрх барьж буй овгийн 125 дахь угсаа залгамжлагч, манай гараг дахь цорын ганц эзэн хаан. Уламжлалын дагуу Акихито сэнтийгээ шилжүүлэхээр түүнийг Хэйсэй хэмээх юм. Энэ нь энхжин тогтнох гэсэн утгатай бөгөөд түүний эриний нэр билээ. Акихито өөрийн эцэг, эзэн хаан Хирохитогийн халааг 1989 онд авсан. Хирохитогийн эринийг Сёва буюу гэгээрсэн ертөнц гэдэг бөгөөд цэргийнхэн төрийн эрхэд гарсан, Хятадтай дайтсан, дэлхийн II дайнд оролцсон, Японы эдийн засгийн гайхамшиг болсон зэрэг олон чухал үйл явдал өрнөсөн аж.
Одоогийн эзэн хаан Акихито гурван хүүхэдтэй. Гэргий Митикотойгоо 1959 онд гэрлэжээ. Тэд газрын теннисний талбайд танилцсан байна. Хүүхдүүдээ асрагчаар бус, өөрсдөө өсгөж, хүмүүжүүлсэн гэдгээрээ тэд алдартай. Мөн төлөв даруу, эе эвийг хичээдгээрээ орчин үеийн иргэдийнхээ үлгэр жишээ болдог. Хувцаслалт нь хүртэл хуучинсаг, гял цал биш. Эзэн хаан хоёр энгэртэй костюм өмсөхийг илүүд үздэг. Харин гэргий нь хуучинсаг загварын хувцас өмсдөг ч олны өмнө дэгжин бүрхтэй гарах дуртай. Тэднийг их энгийн буюу дунд давхаргын мая гийн харилцаатай гэдэг.
Ташрамд дурдахад, эзэн хааны гэр бүлд жил бүр төсвөөс гаргадаг багагүй зардлыг чанга хяналтан доор зарцуулдаг. Эзэн хаан зарцуулсан иен бүрээ улсдаа тайлагнах үүрэгтэй. Акихитогийн гэр бүлийн хэрэглэдэг барилга, байшин, автомашинууд нь бусад эд хөрөнгийн адил улсынөмчид тооцогддог. Үнэндээ түүний гэр бүлд өөрийн гэх юм үгүй аж.
Энэ оны нэгдүгээр сарын эхээр эзэн хаан, 30 жил төр барьсан Акихито эрүүл мэндийн шалтгаанаар бүрэн эрхээ шилжүүлэх болсноо албан ёсоор зарласан. Төлөвлөсний дагуу өнөөдөр тэрбээр сэнтийгээсээ бууж, төрийн эрхээ ууган хүү, угсаа залгамжлах хунтайж Нарухитод шилжүүлнэ. Тийнхүү тавдугаар сарын 1-нээс Рэйвагийн тооллын эзэн хааны эрин үед эхлэх бөгөөд энэ өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэнэ.
126 дахь эзэн хаан болох Нарухито дэлхийн II дайнаас хойш мэндэлсэн, Японы анхны эзэн хаан болно. Тус улсын эзэн хааны гэр бүл хөгжим их сонирхдог. Халаагаа өгөх гэж буй эзэн хаан Акихито чөлөөт цагаараа морин хийл тоглодог. Хатан хаан Митико босоо ятга, төгөлдөр хуураар чадварлаг хөгжимддөг бол угсаа залгамжлах хунтайж эрдүү хийлчин. Түүгээр зогсохгүй тэрбээр оркестртой тоглодог.
Угсаа залгамжлах хунтайж Нарухито нь Оксфордын их сургуулийн төгсөгч, түүхийн ухааны магистр, тал бүрийн авьяастай нэгэн. Хөгжим, улс төрөөс гадна тэрбээр уулын спорт сонирхдог, спортоор алхаагаар байнга хичээллэдэг. Түүний охин, гүнж Айко мөн л хийл тоглодог бөгөөд ааваасаа илүү авьяастай гэгддэг.
УРТ ХУГАЦААНЫ АМРАЛТ
Эзэн хаан солигдохтой холбоотойгоор энэ онд төрийн байгууллагад ажилладаг япончууд онцгой амралт эдэлж байна. Тавдугаар сарын бүх нийтээр амардаг алтан долоо хоногийг 10 болгон сугажээ. Өнгөрсөн амралтын хоёр өдрийн араас өчигдөр Сёвагийн буюу эзэн хаан Хирохитогийн төрсөн өдрийг тохиолдуулсан уламжлалт амралтын өдөр тохиосон. Хаан ширээ залгамжлах ёслолтой холбоотой амралтын гурван өдрийн дараа буюу тавдугаар сарын 3-нд Үндсэн хуулийн өдөр болно. Үүний дараа дахиад бямба, ням гараг үргэлжлэх юм. Тавдугаар сарын 6-ныг баярын өдрөөр зарласан. Тийнхүү энэ онд япончууд дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 6-ныг дуустал амрах юм.
Хаан ширээ залгамжлуулах энэ үеэр жирийн япончууд гудамжиндаа гарч, хөгжилдөн зугаацаж, шинэ эзэн хааныхаа нэрийг уухайлан дуудаж суухгүй. Тус улсын иргэдийн олонх нь хотын дуу чимээ, олны хөлөөс хол, байгалийн сайханд гарахыг хичээдэг. Нөгөө хэсэг нь хилийн чанадад амрахаар төлөвлөсөн байдаг. Тавдугаар сард Японы жуулчид Бали, Хавайн арлуудын наран шаралгын газар, зочид буудлыг дүүргэдэг.
Харин эзэн хаан солигдох үеэр тус улсын нийслэл Токио болон бусад томоохон хотын гудамж түүхэн үйл явдлын гэрч болохоор ирсэн гадаадын жуулчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөөр дүүрнэ. Жирийн япончууд тавдугаар сарыг хотоос гарч, шорлог хийн идэж, амрахад хамгийн тохиромжтой болохыг мэддэг учраас энэ үеийг ашиглахгүй өнгөрөөнө гэж үгүй. Учир нь зургадугаар сараас үргэлжилсэн бороо орж, наймдугаар сараас байж, суухын аргагүй халуун, бүгчим болж, залгаад намрын далайн хар салхины улирал, араас нь өвлийн хүйтэн залгадаг гэнэ.
Баярын өдрүүдээр хотдоо үлдсэн нь цэцэрлэгт хүрээлэнгүүдээр зугаалж, дэлгүүрүүдэд заавал зардаг, шинэ эзэн хаанд зориулсан бэлэг дурсгалын зүйлс худалдан авах боломжтой. Үүний сацуу баярын өдрүүдэд хүнсний томоохон дэлгүүрүүд хурдан мууддаг бараагаа эрс хямдруулан худалдаалдаг.
Японы мэдээллийн “Жижи” агентлагийн уламжилснаар тус улсын иргэдийн саналыг асуухад тэд урт хугацаагаар үргэлжлэх баярыг харилцан адилгүй хүлээн авч буй нь харагдав. Тэдний нэг хэсэг нь өнгөрсөн нэгдүгээр сараас гэр бүл, хамт олноороо явж амрахаар төлөвлөж эхэлсэн бол хүн амын нөгөөс хэсэг нь ингэж удаан завсарласан шалтгааны улмаас дараа нь алдсан хугацаагаа нөхөж, хэт ачаалалтай ажиллахад хүрнэ хэмээн дургүй байжээ. Мөн сар бүр хөдөлмөрийн хөлс авч чаддаггүй, цагийн, эсвэл хоногийн ажил эрхэлдэг хүмүүст энэ урт амралтын улмаас санхүүгийн хүндрэлд орох аж.
ШИНЭЧЛЭЛ
Эзэн хааны сэнтий сэлгэгдэхээс өөр өөрчлөлт болох уу? Эл үйл явц улс төрд ямар ч нөлөөгүй. Харин эзэн хааны дүр төрх, ордны дэг өөрчлөгдөнө. Эс бөгөөс эзэн хаан, ард түмэн хооронд тодорхойгүй зааг үүсэж, залуу үеийнхэн эзэн хаант тогтолцоогоо хүндэтгэхээ байж мэдэх гэнэ. Тиймээс ядаж ганц хэв маягийн гэдэг ч юм уу өөрчлөлт шинэчлэл зайлшгүй болох ёстой. Хэт албархаг байдал арилж, ордны чанд дэг зөөлөрч магадгүй хэмээн ажиглагчид найдаж байна.
Нөгөөтээгүүр, анхны эзэн хаан 2700 жилийн өмнө сэнтийдээ заларсан гэх домог байдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Солонгосын хойгоос 1600 жилийн өмнө ирсэн гэх нь ч бий. Энэ талаарх баттай нотолгоо байдаггүйг эртний эзэн хаадын шарилд малтлага хийлгэдэггүйтэй холбон тайлбарладаг.
Тиймээс хамгийн хурц гэж болох, эрдэмтдэд малтлага хийхийг зөвшөөрөх асуудал нээлттэй хэвээр байна. Эл хоригийг цуцлах нь нийгэмд нэн таатай нөлөөлнө. Учир нь дэлхийд япончууд л эртний түүхийнхээ бодит баримтуудын талаар мэдээлэлгүй гэгддэг. “Бид ирээдүйн чиг баримжаагаа тодорхойлохын тулд домог бус, үнэн түүхээ мэдэх хэрэгтэй” хэмээн япон судлаачид мэдэгдэж байсан юм.