Их эзэн хааны театрын захирал, балетмейстер, Д.Дашлхагватай ярилцлаа.
-Их эзэн хааны театр ирэх сарын 17, 18-нд “Ромео, Жульетта” бүжгэн жүжгийг үзэгчдэд толилуулах болжээ. Ямар онцлогтойгоор хүргэх вэ?
-У.Шекспирийн “Ромео, Жульетта”-г балетмейстер Х.Гансүрэн 2001 онд ДБЭТ-ын тайзнаа неоклассик маягаар дэглэж хүргэсэн. Харин бид сонгодог хэлбэрээр, бүрэн хэмжээний бүжгэн жүжиг үзэгчдэд хүргэх гэж байна. Гурван жил гаруй судалж, бэлтгэсний үндсэн дээр хүргэхээр шийдсэн юм.
“Ромео, Жульетта”-г сонгосон нь дараах шалтгаантай. Нэгт, манай урын санд У.Шекспирийн зохиол “амилдаггүй”, С.С.Прокофьевийн хөгжим эгшиглэдэггүй. Дэлхийн алдартай төдийгүй, улсуудын сонгодог урлагийн театрууд урын сандаа С.С.Прокофьевийн бүтээлийг заавал багтаадаг. Бид юугаар дутна гэж.
Нөгөөтээгүүр, үзэгчид балетыг өөр өнцгөөс үзээсэй гэж хүссэн. “Бүх зүйл хувьсдаг ч ганцхан хайр л өөрчлөгддөггүй” гэдэг үг байдаг даа. Тэр нандин гэгээн зүйлийг магтан дуулах гэсэн юм. Сонгодог бүжгэн жүжиг хэлбэрээр тоглох учир тухайн үеийн Италийг санагдуулам байлгахаар хичээж буй. Ялангуяа XV зуунд италичуудын өмсөж, эдэлж байсан хувцсыг түүхэн судалгаанд тулгуурлан бүтээлээ.
Бас тухайн үеийн Верона хотод томоохон цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд иргэд нь худалдаа наймаа эрхэлдэг байж л дээ. Энэ ч бас тэдний амьдралын нэг хэсэг. Энэ мэтчилэн тэр цаг үеийг илэрхийлэх бүхнийг хамгийн дөхүү үзүүлэхээр бэлдэж байна.
-Үзэгчид “Ромео, Жульетта”-гаас юу мэдрээсэй гэж та хүсэж байна вэ?
-Балет үзэгчдийг яагаад ч хуурч чаддаггүй. Худал хөдөлгөөн хийж, дүр эсгэнэ гэж байхгүй. Зөвхөн сэтгэлээс л урган гарч, түүнийгээ мэдрэмжээр хөглөж биеэр илэрхийлдэг. Тэгэхээр үзэгчид зөвхөн бүжиг үзэх бус, дотоод сэтгэлийн нарийн нандин бүхнээ мэдэрч, нэг өдрийг хайраар бялхаж өнгөрүүлээсэй гэж хүсэж байна.
Зүрхнийхээ гүн дэх илч дулааныг мэдэрснээр эргэн тойрноо аз жаргал, хайр ивээлд автуулна гэж итгэж байгаа юм. Хайрыг сонгодог хэлбэрээр, чанарын дээд түвшинд хүргэх нь бидний гол зорилго. Дараа нь монгол хүний оюунаас бүтсэн, бахархал болсон, ирээдүйд хэрэгтэй зүйлийг сонгодог урлагийн жишигт хүргэн хөгжүүлэхийн төлөө ажиллана.
-Бүжгэн жүжгийн зөвлөхөөр ахмад туршлагатай уран бүтээлчид ажиллаж буй гэсэн үү?
-“Ромео, Жульетта” бүжгэн жүжгийн зөвлөхөөр зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяандагва, Ардын жүжигчин П.Хаянхярваа, Гавьяат жүжигчин Т.Туул нарын урлагийн нэрт зүтгэлтэн ажиллаж байна.
-Та Их эзэн хааны театраа 2005 онд байгуулсан. Одоо уран бүтээлчидтэй хэрхэн хамтран ажилладаг вэ. Танайх ямар онцлогтойгоор үйл ажиллагаа явуулж буй вэ?
-Театрыг хүмүүс том байшин гэж ойлгодог. Гэтэл театр гэдэг бидний оюун санаанд байдаг хэсэг уран бүтээлчийн нийлбэр юм байна. Байшингаас хамаарахгүйгээр уран бүтээл туурвиж болно. Театраа анх байгуулах үед үүнийг ойлгох хүн ховор байлаа. Цаг үеэ дагаад хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн.
Шавь нар минь ч Монголдоо гэлтгүй олон улсын театруудад томоохон уран бүтээлд ажиллаж, нарийн мэргэжлээр боловсроод ирж байна. Гадаадын театрууд тухайн төсөл, уран бүтээлд ажиллах гадаад, дотоодын уран бүтээлчдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажилладаг. Манай театр яг л энэ зарчмаар ажиллаж байгаа.
Тийм ч болохоор “Ромео, Жульетта”-д өнөө цагт сонгодог урлагийн тайзнаа гялалзаж яваа хоёр залуу уран бүтээлчийг сонгосон. Ромеод А.Эрдэнэболд, Жульеттад Гавьяат жүжигчин О.Анужин нар тоглоно. Дараагийн уран бүтээлд гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах талаар ярилцаж байгаа.
-Ирэх сард Монгол, Америкийн балетын хөтөлбөрөөс “Амьдралыг тэтгэгч-Агаар” модерн балетыг үзэгчдийн хүртээл болгох юм билээ. Мөн танай театрын тоглолттой.
Манайд сонгодог урлаг сонирхдог үзэгч цөөн. Хэдхэн хоногийн зайтай тоглох хоёр өөр төрлийн балетыг хэрхэн хүлээж авах бол. Үзэгчид юу хүсэж байгааг Та судалдаг уу?
-Манай сонгодог урлаг одоо л хөгжлийнхөө дараагийн шатанд гарч байна. Би 10 наснаасаа хойш энэ урлагтай амьдралаа холбож явна. Гэтэл би одоо ч гүйцэд ойлгоогүй. Тиймээс бид үзэгчдэд заавал ойлгуулах гэж албадах шаардлагагүй. Харин тэдэнд сонгох боломж олгох хэрэгтэй гэж боддог.
Зоогийн газрын цэсэнд хүмүүсийн хэрэгцээнээс хамаараад олон төрлийн хоол багтдаг. Түүн шиг театрын урын санд үзэгчдийн сэтгэлийн цангааг тайлах олон төрлийн бүтээл байх шаардлагатай. Гадаадын театрууд энэ л жишгээр бүтээлээ тавьж байна. Бид ч тэгэх ёстой.
-Та модерн бүжигт хэр дуртай вэ?
-Оюун хомсдуулж түгждэггүй бүхэнд, чөлөөт сэтгэлгээнд дуртай. Хэсэг хугацааны дараа “Ромео, Жульетта”-г модерн хэлбэрээр тавихаар төлөвлөсөн. Түрүүн хэлсэнчлэн сонгох боломж олгох гэснийх. Их эзэн хааны театрыг хүмүүс зөвхөн Дашлхагва гэдэг хүнээр төсөөлж, балетын театр л гэж ойлгодог.
Олон жил балетын урлагаар дагнасан учраас аргагүй байх л даа. Эзэн хааны театр балетаас гадна ардын урлаг болон модернист чиглэлийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг.
-Түрүүн Та шавь нараас тань олон улсын театруудад томоохон уран бүтээлд ажиллаж, нарийн мэргэжлээр боловсроод ирж байна гэсэн. Та ч гадаадын олон театрт ажилласан. Гадаадын театруудын хөгжил хаашаа “явж” байна вэ?
-Өмнө нь Монголын сонгодог урлагийн театр Азидаа мундаг гэж ярьдаг байлаа. Гэтэл одоо бид Европын театруудаас хоцорчихлоо. Сурсан эрдмээ илүү том тайзан дээр үзүүлж, эх орныхоо нэрийг гаргах хүсэл уран бүтээлч бүрт бий. Тийм байхад бид яагаад хүлэгдэх ёстой гэж. Хүн хэрэгтэй, зөв газраа л байх ёстой. Эсрэгээрээ мэт санагдвал орхиод явж чаддаг байх хэрэгтэй. Би шавь нартаа ч ингэж хэлдэг.
-Балетчнаас багш, тэгээд балетмейстер болоход ямар өөрчлөлтүүд гарав. Ямар уран бүтээлээр дурсагдахыг хүсдэг вэ?
-Өмнө нь зөвхөн сайн бүжиглэхэд л анхаардаг байлаа. Балетмейстер болсон хойно юу хийвэл бусдаас нэг алхам урд явах вэ, хоцорвол юу болох вэ гэхчлэн олон зүйл бодох болсон. Харин одоо хүнд хэрэгтэй зүйл хийж үлдээх сэн л гэж хүсдэг.
-Эзэн хааны театрын дараагийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөс хуваалцаач?
-“Жизель”, “Хунт нуур”, “Чингис хаан” зэрэг бүжгэн жүжгийг хүргэнэ.
-Та театраараа дамжуулан шинэ боловсон хүчин бэлтгэх талаар ярьж байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Урлаг, тэр дундаа сонгодог урлагийг хөгжүүлэхийн тулд боловсролтой удирдлагыг системтэйгээр бэлтгэх ёстой гэж боддог. Хэн дуртай нь урлагийн байгууллагын дарга болж, уран бүтээл туурвихгүй. Миний хийхээр оролдож байгаа нь шинэ үеийн удирдлага, продюсер, менежерүүдийг бэлтгэх.
Хөгжингүй орнуудын театр яг л энэ жишгээр хөгжиж байна. Манай театрын үйл ажиллагаа тэдэн шиг болоосой гэсэндээ дэргэдээ залуу уран бүтээлч, менежерүүдийг бэлтгэж, уран бүтээлүүддээ ажиллуулж байна.
Нэг үгээр, манайд авьяас чадвартай уран бүтээлч олон бий ч тэднээр бүтээл хийлгэх, түүнийг нь үзэгчдэд хүргэх мэргэжлийн хүмүүс байхгүй гэсэн үг. Тиймээс л урлагийн байгууллагын удирдлагыг бэлтгэх зорилгоор ажиллаж байна.