2020 оны сонгуулийн пи ар хэдийнэ цацагдаад эхэлжээ. 2010 оны эхээр сонгуулийн пи арыг “гүжир гүтгэлэг” хэмээн ойлгодог байсан бол жил ирэх тусам арга нь нарийсаж байна. Мөнгө тараахын оронд хүнсний дэлгүүрүүдэд тавьсан өрийг нь “тэглэх”, эсвэл өндөр настангуудад уулзалт хийх нэрийдлээр гурил, будаа, талх тариаг нь тарааж байгаа нь “баригдахад” хэцүү арга руу орж байгаа хэрэг.
Тун удахгүй уншигч та бүхэн “Эмэгтэйчүүдийг дэмжигч, эрүүл мэндийг дэмжигч, ард иргэдээ эцэг эхийн сэтгэлээр хайрлагч, ард түмний хайртай хөвгүүд” гэх мэт хүндтэй хэрнээ сүржин цолнуудтай бишгүй тааралдах биз. Зарим нь ч эхнээсээ яваад эхэлчихэж. Жишээлбэл, МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Боловсролыг дэмжигч” гуншинтай болжээ. 2020 оны сонгуулиар Говь-Алтай аймгийг онилсон тэрбээр “Төрөлх-Алтай” ТББ-ыг байгуулж, боловсролыг түлхүү онилох бодолтой байгаа бололтой. Гараагаа сайн тавьж буй тэрбээр ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авсан Говь-Алтай аймгийн сурагч бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэжээ. Үүнээс гадна ЭЕШ-даа хамгийн өндөр оноо авсан эхний 100 хүүхдэд сар бүр 50000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгох гэнэ. Энэ ч яахав өөрийнх нь халааснаас гарах учраас ирээдүй хойч үеийнхэндээ хөрөнгө оруулалт хийж байна хэмээн ойлгож болох юм. Гэхдээ улсын мөнгөөр сонгуулийнхаа пи арыг хийж байгаа бол асуудал өөрөөр эргэнэ. Тухайлбал, тэрбээр БҮТ-тэй хамтран 1-12 дугаар ангийн сурагчдын дунд байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг зохион байгуулсан аж. Гэхдээ үүний төсөв хэний халааснаас гарч байгаа нь сонирхол татна. БСШУСЯ-ны харъяа БҮТ бол төрийн институтын байгууллага. Иймдээ ч зохион байгуулж буй бүх арга хэмжээ нь Төрийн мөнгө буюу татвар төлөгчдийн халааснаас гардаг. Энэ жишгээр тус олимпиадын төсөв ч та бидний халааснаас гарсан байх нь.
Тэгээд ч болоогүй шалгалт өгч байгаа хүүхдүүд танхимынхаа урд Амарбаясгалан даргынхаа зургийг шүтээн мэт “залж” байгаад л шалгалтаа өгсөн дүрс, зураг цахим орчинг дүүргэжээ. Үүнийхээ дараа нэр дэвшигчдэдээ баярласан талархсанаа илэрхийлж байх юм. Энэ нь нэлээд хэдэн жилийн өмнө Америкийн нүдний мэс засалч БНАСАУ-ын хараагүй иргэдэд мэс засал хийгээд хараа оруулж байхад хараа орсон иргэд нь эмчдээ талархах бус хоймортоо залсан удирдагчийнхаа хөргөнд талархаж суудагтай адил санагдав.
Д.Амарбаясгалангийн пиар цаанаа бодлоготой. Сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хориглох үйл ажиллагааны жагсаалтад нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх зэргийг багтаадаг. Энэхүү журмаар ирэх жил буюу 2020 онд аливаа олимпиад, тэмцээн уралдааныг явуулах эрхгүй болох учир энэ жил зохион байгуулж байгаа гэж хардах үндэслэлтэй. Учир нь жил болгон дараалсан арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа, пи ар хэмээн тооцдоггүй аж. Энэ ч утгаараа генсек дарга хоёр жил дараалан өөрийнхөө сонгуулийн сурталчилгаанд хүүхдүүдийг ашиглаж байгаа гэж үзэж болохоор. Гэхдээ үүнийгээ ч нэг их юманд бодохгүй байгаа бололтой. Сонгогчдынхоо эрхийг хайрлан хамгаалах, улсынхаа ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, боловсролыг дэмжих тухай үгсийг бид залхатлаа ярьж, дөжиртлөө сонссоор ирэв. Гэхдээ пиардаж байгаа нь энэ гээд хүүхэд сурагчдыг ашиглан чихэн дээр нь хоосон цэцэг ургуулах, урмыг нь хугалах “хар” хэргүүдийг улстөрчид харилцан бүү турхираасай билээ.