“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралтай холбоотойгоор өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр компанийн нэгдүгээр улирлын тайланг танилцуулж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа хэмээн мэдэгдсэн юм. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаан болно. Тус хурлаар 2018 оны ажлын үр дүнг танилцуулна.
2018 онд “ЭТТ” ХК 18 сая тонн нүүрс олборлож, 13 сая тонн нүүрс экспортлосон. 1.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 478.8 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Үүний үр дүнд Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш олон үзүүлэлтээр амжилт гаргасан. Тухайлбал, ДНБ-ий болон нийт төсвийн орлогын 6 хувийг “Эрдэнэс тавантолгой” ХК дангаараа бүрдүүлсэн.
Мөн 2019 оны I улирлын байдлаар 4.2 сая тонн нүүрс олборлож, нүүрсний экспорт 2.4 сая тонн-д хүрч, борлуулалтын орлого 741 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс Улсын төсөвт өнөөдрийн байдлаар 193.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.
Компанийн ТУЗ-аас энэ онд хэрэгжүүлэх гурван үүрэг даалгавар өгсөн.
- Олон улсад IPO гаргаж, дэлхийн тавцанд өрсөлдөх;
- Дэд бүтцийн томоохон төслүүдийг хөдөлгөх, санхүүжүүлэх;
- Олборлолт, экспортыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх юм.
Нийтэд ил тод, нээлттэй мэдээллийг өгөх зорилгоор “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг ажиллуулж байгаа.
“ЭТТ” ХК-ийн ТУЗ-өөс дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх хүрээнд 2018 онд баталсан 2019 оны төсвийн тодотголыг хийсэн. Үүний хүрээнд төсөл хөтөлбөрүүдэд 480 тэрбум төгрөгийн зарцуулахаар төлөвлөж байсан бол 397 тэрбум төгрөгийг танаж, 83 тэрбум төгрөгийн санхүүжилтийг үлдээсэн. Өөрөөр хэлбэл, нийтдээ 600 орчим тэрбум төгрөгийг танасан. Үүнд, компьютер, тоног төхөөрөмж, тавилгаас 4.5 тэрбум төгрөг, машин техник төхөөрөмжөөс 78.2 тэрбум, IPO зөвлөх үйлчилгээнээс 232.9 тэрбум, барилга, байгууламж худалдан авахаас 47.5 тэрбум, программ хангамжаас 34.4 тэрбум төгрөгийг тус тус хассан.
Таван чиглэлээр төслүүдээ хэрэгжүүлнэ.
- Одоогийн олборлолтын хүчин чадлыг дээд цэгт нь хүргэнэ.
- Боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 30 сая тонн-д хүргэнэ.
- Төмөр зам, автозамыг 60 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болгоно.
- Хими, технологийн үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
- Цахилгаан станцыг байгуулна.
Иймд 2018 оны цэвэр ашгаас 1072 хувьцааны ногдол ашиг ТАРААХГҮЙ байхаар ТУЗ-ийн шийдвэр гарсан" гэлээ.