Монголын жүдо бөхийн өнөөгийн хөгжил, тамирчдын амжилт, дасгалжуулагчдын ур чадвар дэлхийн хэмжээнд хүрч, өнгийг нь тодорхойлж буй гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа тамирчдыг бэлтгэж, амжилтад хүргэсэн шилдэг дасгалжуулагчдын нэг нь Гавьяат тамирчин Дашгомбын Баттулга.
Азийн наадам, Азийн АШТ-ий хүрэл медальтай тэрбээр Монголын жүдо, самбо бөхийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн. Оюутны (1988 он) болон насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн (“Белград-1989”, 60 кг-д) Монголын анхны жүдоч түүний амжилт булган сүүлтэй байж 1989 онд Хөдөлмөрийн баатар О.Балжинням (95 кг) дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн билээ. Тэгж монгол жүдочид ДАШТ-д анх амжилт гаргахдаа мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Зах зээлийн ороо бусгаа үед спортдоо үнэнч үлдсэн хуруу дарам тамирчдын нэг Д.Баттулга самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн залуучуудын аварга. Сайн санааны наадам, өнөөгийн Токиогийн “Их дуулга”-аас мөнгөн медаль хүртсэн улсынхаа анхны жүдоч тэрбээр УАШТ-д жүдогоор дөрөв, самбогоор нэг удаа түрүүлсэн.
2008 оноос хойш үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй Д.Баттулга олимпын гурван медальтан (Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа, Гавьяат тамирчин С.Ням-Очир) бэлтгэсэн гавьяатан. Тэгэхдээ Н.Түвшинбаярыг олимпын анхны аварга болгож, монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн билээ. Монгол жүдочид ДАШТ-ээс 21 медаль хүртсэний 18 нь түүний хөдөлмөр, нойр хоолоо умартан зүтгэснийх нь үр шим гэхээр бахархахгүй байхын аргагүй. Д.Баттулга гавьяаттай ярилцсанаа хүргэж байна.
-Азийн АШТ-д оролцож буй манай жүдочдоос өчигдөр хоёр бөх түрүүллээ. Өнөөдөр (энэ сарын 22-нд) Л.Отгонбаатар аваргын төлөө барилдана. Тамирчдынхаа амжилт, алдаа, оноог хэрхэн дүгнэж байна вэ?
-Юуны өмнө монгол түмэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. Монголын жүдо бөхийн холбооноос баталсан журмын дагуу энэ жил УАШТ-д түрүүлсэн тамирчдаа Азийн АШТ-д оролцуулсныг онцолъё. Жүдочдын бэлтгэл, бэртлээс шалтгаалан зарим бөхийг сольсон.
Тамирчдынхаа амжилтад сэтгэл хангалуун байна. Өмнө нь 60 кг-д барилддаг байсан Ц.Цогтбаатар жин өгсөхдөө 66-г алгасан, 73 кг-д өрсөлдөж байгаа. Сэргэлэн, сийрэг барилдаантай, ирээдүйтэй тамирчин л даа. Л.Отгонбаатар, О.Ууганбаатар хоёр Монголын шилдэг жүдочдын төлөөлөл.
Туршлага, бяр, ур чадвар гээд юугаараа ч дэлхийн шилдгүүдээс дутахгүй. Бэлтгэлээ сайн тааруулж, уйгагүй хөдөлмөрлөж чадвал том амжилт гаргах боломж, нөөц тэдэнд бий. Сүүлийн үед амжилт нь эрс ахиж буй Л.Сосорбарам бэлтгэлээ Л.Лувсандэмбэрэл багшийн удирдлагад хийдэг. Их спортоор амжилт гаргах чин хүсэлтэй, хөдөлмөрч, хүмүүжилтэй охин. Түүнтэй адил Азийн дэвжээнд үзүүрлэсэн Б.Ганхайч дөрвөн мөчиндөө тэнцүү бяртай.
Түүнийг ямар ч амжилт гаргахад гайхах зүйлгүй. Хүрэл медаль хүртсэн гурван тамирчнаараа ч мөн бахархаж байна. Өнөө орой Л.Отгонбаатар түрүүлчих (алтан медаль авсан) байх. Маргааш манай тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөнө. Бахдам амжилтаараа монгол түмнээ баярлуулсан Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар тэргүүтэй шилдгүүдийн дараагийн үе, залгамж халаа нь яах аргагүй тэд.
-Сүүлийн үед олонх шилдгийн амжилт саараад байх шиг. Д.Сумъяа гэхэд энэ жил тэмцээнд төдийлөн оролцоогүй, Азийн АШТ-д эхний учраадаа ялагдлаа.
Зарим хүн “Монгол жүдочид бусад орныхонд нэвт судлагдсан, бэлтгэлийн арга барилаа өөрчлөх шаардлагатай” гэж шүүмжилдэг. Ийм бодолтой явдгаа Х.Цагаанбаатар саяхан цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн. Тэдэнтэй Та санал нийлэх үү?
-Юу гэж хэлж, шүүмжлэх нь хувь хүний эрх. Авах, гээхийн ухаанаар л хандах хэрэгтэй. Бид ч бас бусад орны жүдочдыг судлан, хэрхэн өрсөлдөх төлөвлөгөөгөө үргэлж боловсруулдаг. Дасгалжуулах арга барилаа цаг ямагт өөрчилж, тамирчдынхаа бэлтгэлийг шинэчилсээр өдий хүрсэн. Манай зарим жүдочийн амжилт энэ жил ялимгүй саарсан нь үнэн. Бид тэдний бэлтгэлийн ачаалал, амралт, сэргэлтийг нь тааруулж чадаагүйтэй холбоотой.
Д.Сумъяаг Азийн АШТ-д тааруу барилдсанд шүүмжлэлтэй хандах хүн мэр сэр байна. Саяхан хоолойныхоо махыг авхуулсан түүний биед их өөрчлөлт гарсан нь тодорхой. Тийм үед бэлтгэлийг нь хэрхэн тааруулах спортын анагаах ухаан Монголд хөгжөөгүй. Энэ мэт олон шалтгаан тамирчны амжилтад нөлөөлдөг. Энэ жил өнгөгүй байна гээд манай жүдочид “харьчихаж” байгаа юм биш. Бэлтгэл нь жигдрэхээр аяндаа өмнөх шигээ барилдана.
Олон жил зодоглосон, туршлагатай бөхчүүд яахаа сайн мэднэ. Дасгалжуулагч бид ч хэрхэх талаар сайн ярилцан, уяа сойлгыг нь тааруулах үүрэгтэй.
-Монголчууд жүдогоор амжилт гаргаж чадахыг үлгэрлэсэн анхны тамирчдын нэг нь Та. Эл спортод хөл тавьсан дурсамжаасаа хуваалцана уу?
-Японоос гаралтай жүдогийн спорт Монголд хөгжөөд 10-аад жил болчихсон байсан үеийн тамирчин л даа, би. Спортын төв ордон барьчихсан, жүдогийн дүрэм баталчихсан, цөөнгүй дугуйлан нээгдэн, амжилт гаргах бүхий л нөхцөл бүрдсэн байлаа. Би Улаанбаатар хотын унаган хүүхэд, VI сургууль төгссөн. Багаасаа дээл, гутлаа ханзартал барилдаж, бөхийн спортод хорхойссон юм. Ихэнхдээ давна. Түүндээ их урамшина. Би эхээс тавуулаа. Манайх спортлог гэр бүл. Надаас бусад нь спортоор хичээллээгүй ч байгууллагынхаа тэмцээнд идэвхтэй оролцдог. Удамд минь барилддаг, тэнхээтэй хүн байсан гэдэг ч би сайн мэдэхгүй.
1980 оны олимпыг зурагтаар үзсэн минь санаанаас ер гардаггүй. Тэгэхэд тамирчин болох сон гэх хүсэл төрсөн. Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат бид хоёр нэг ангийнх. Манай ангийн цөөнгүй нь түүнийг дагаж буудлагаар хичээллэсэн. Би наймдугаар ангид байхдаа жүдогийн спортод хөл тавьж байлаа. Надтай хамт манай ангийн 10-аад хүүхэд барилдсан ч нэг нэгээрээ больсоор би ганцаараа үлдсэн. Жил гаруй бэлтгэл хийгээд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, УАШТ-ээс хүрэл медаль хүртэхдээ их урамшиж билээ.
Анхандаа Спортын тов ордонд, дараа нь “Хоршоолол” нийгэмлэгт бэлтгэл хийж байгаад 1985 онд улсын залуучуудын шигшээ, дараа жил нь үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Тэгэхэд жүдогоор тууштай хичээллэн, амьдралаа холбохоор эргэлт буцалтгүй шийдсэн юм. Анхандаа самбогийн шигшээ багийн тамирчин байлаа. Би жүдогоор 60, 65, самбогоор 57, 62 кг-д барилдсан. Гавьяат дасгалжуулагч Баярсайхан, ОУХМ Эрдэнэбат, Ш.Ганбаатар, Б.Ганболд тэргүүтэй олон шилдэг өрсөлдөгч намайг ирлэж, амжилт гаргахад нөлөөлсөн.
-Өнөөгийнх шиг бөхийн өөр төрлөөр тэмцээнд оролцохыг төдийлөн дэмждэггүй байсан үед жүдогийн оюутны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон тань сонирхол татаж байна. Таныг эсэргүүцсэн хүн бий юү?
-Би тухайн үед барилдахынхаа хажуугаар МУИС-д сурдаг байлаа. 1988 онд Гүржид болсон оюутны ДАШТ-д тавуулаа оролцсон юм. Цөөнгүй хүн “Самбогийн тамирчныг жүдогийн ДАШТ-д барилдуулах нь буруу” гэж эсэргүүцсэн. За, тэгээд багш нар учирлаж байгаад намайг оролцууллаа.
Самбогоор дагнан хичээллэж байсан би Монголд болсон жүдогийн тэмцээнүүдээс медаль авсан ч олон улсын дэвжээнд анх удаа зодоглосон юм. Тэгж тус тэмцээнээс Монголдоо анхны медалийг авчирсан даа. Хүрэл медаль авч, анхдагч болсондоо баярласаар эх орондоо иртэл юун магтуулж, шагнуулах, харин ч эсрэгээрээ долоо хоногийн цалингаа хасуулсан.
-Яагаад тэгсэн юм бол?
-Уг нь би самбо бөхийн шигшээ багаас зөвшөөрөл, чөлөө аваад оролцсон юм. Гэтэл ямар шалтгаанаар тэгснийг нь тухайн үед мэдээгүй. “Сөүл-1988” олимпод тааруу оролцсон монгол жүдочид их шүүмжлүүлсэн юм билээ. Гэтэл сар гаруйхны дараа самбогоор барилддаг нэг нөхөр оюутны ДАШТ-д оролцохдоо Сөүлийн олимпоос медаль хүртсэн жүдочидтой өрсөлдөөд медаль авсан нь зарим хүнд таалагдаагүй байх.
Улам шүүмжлүүлэх гээд байсан юм болов уу. Тиймээс миний амжилтыг аль болох чимээгүй өнгөрүүлэх, намжаахын тулд тэгсэн юм шиг байна лээ.
-Самбогоор бус, жүдогоор түлхүү барилдвал дэлхийн хэмжээний бөх болно гэх итгэлийн эхлэл тэр тэмцээн байв уу?
-Тийм. Тиймээс л би төд удалгүй жүдогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан юм. Оюутны ДАШТ-ий медальтан болсон нь надад урам өгөхийн сацуу хариуцлага нэмсэн. Ямар ч тэмцээнд тааруу барилдах, бэлтгэлээс алгуурлах эрх байгаагүй. Тэр бүхэн 1989 оны ДАШТ-ээс медаль хүртэхэд их нөлөөлсөн.
-Тэр жил Та дэлхийн медальт Монголын анхны жүдоч болсон. Насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцохдоо анхдагч болно гэх итгэл хэр байсан бэ?
-Залуу насны аагаар амжилт гаргана, чадна гээд л оролцсон. Хагас шигшээд Японы бөх Таданори Кошинод дийлдэн, хүрэл медалийн төлөөх барилдаанд америк жүдочийг гарыг нь ороож унагаах мэхээр ялсан юм. Тэр мэхийг бүтэн жил давтсан. Тэгэхэд би 24 настай байсан.
Шагналын тавцанд зогсож байхад үнэхээр их баярлаж, монгол хүн болж төрснөөрөө бахархаж билээ. Баярын нулимстай зогссоноо одоо ч өчигдөр болсон мэт тод санаж байна. Медалиа авангуутаа “За, хурдан харья” гэж бодсон (инээв). Өмнөхөөсөө хэд дахин их бэлтгэл хийн, хөдөлмөрлөж, өөрийгөө шахсан болохоор их ядарсан.
-Дараа жил нь Гавьяат тамирчин цол хүртсэн үү?
-Тэгсэн. ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнийхээ дараа Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан. 1991 оны арванхоёрдугаар сард Гавьяат тамирчин цолоо анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас хүртсэн юм. Шагнуулах болсноо өмнөх өдөр нь мэдсэн.
Маргааш нь автобусаар “давхиж” очоод шагналаа авч билээ. Спортынхноос надтай хамт улсын гарьд П.Сүхбат, улсын заан Ж.Ганболд, боксын дасгалжуулагч В.Батбаяр, самбогийн Л.Бадамсүрэн нар Гавьяат болсон юм.
-Жүдогоор арай эрт барилддаг байж гэж харамсдаг уу?
-Тийм бодол ер төрдөггүй. Хүн байгаа газартаа орон зайгаа дүүргэж явбал сайхан. Монголын шилдэг олонх тамирчин самбогийн шигшээд байсан юм шүү дээ. Тиймээс тэдэнтэй бэлтгэл хийсэн нь миний ур чадвар богино хугацаанд ахихад нөлөөлсөн. Үүнд олзуурхаж, баярлаж явдаг. Тухайн үед жүдогийн ДАШТ хоёр жилд нэг болдог байлаа. 1991 онд би УАШТ-д 65 кг-д түрүүлсэн.
Тиймээс 60 кг-д бус, тус жинд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн юм. Сугалаагаа хартал дийлчихмээр бөхчүүдтэй нэг хэсэгт багтаж. Бэлтгэл сайтай, бэртэлгүй болохоор медаль хүртэнэ, түрүүлнэ гэдэгтэй итгэлтэй байлаа. Сэтгэлд бүр багтаад байсан л даа. “Мөнгөн медаль авах нь тодорхой боллоо. Надтай аваргын төлөө хэн өрсөлдөх бол” гэсэн юм бодоод л. Гэвч ядуу орны зовлонг мэдэрсэн дээ.
-Тэгэхээр булхайтай шүүлтийн улмаас ялагдсан гэсэн үг үү, эсвэл...
-Тийм. Эхний тойрогт учраа таарсан Оросын бөх намайг шүүлтийн булхайгаар ялсан. Улайм цайм луйвардсан тэдний эсрэг бид юу ч хийж чадаагүй. Урам хугарч, хүрэл медалийн төлөө барилдах ямар ч утгагүй санагдаж билээ. Амьдралдаа хийсэн барилдаануудаас хамгийн харамсалтай нь тэр.
Амжилтад сөргөөр нөлөөлсөн бас нэг зүйл нь 1990-ээд оны зах зээлийн шуурга. Олонх тамирчин спортоо орхин, тэмцээнд хамт явах битгий хэл бэлтгэл хийх бөх нүдний гэм болсон. Ямар сайндаа 1991 онд ДАШТ-д надтай хамт оролцох гэж байсан Хөдөлмөрийн баатар Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням аваргыг санхүүгийн хүндрэлийн улмаас хасаж, Х.Болдбаатар гавьяат бэртэлтэй байсан тул өнжсөн. Тэгээд Ч.Насантогтох багшийн удирдлагад би ганцаараа зодоглосон шүү дээ.
-1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа үед олон шилдэг тамирчин спортоо орхисон. Танд ер нь өөр салбарт хүч сорих бодол төрсөн үү?
-Ээ дээ, мөн ч хэцүү байсан шүү. Спортоор тууштай хичээллэх, наймаа эрхлэх гэсэн хоёр том сонголтын өмнө нүүр тулсан, спортынхон. Зөвхөн спортын хүрээнийхэн бус, бусад салбарынхан ч бас хүнд үетэй учирсан. Надад хэчнээн хэцүү байсан ч өөрийгөө жүдогүйгээр төсөөлж чадаагүй, наймаанд явж зүрхлээгүй. Тухайн үед Гавьяат тамирчин Х.Болдбаатар, Д.Нармандах, ОУХМ Нямлхагва зэрэг залуу жүдоч торниж байлаа. Заримдаа 4-5-уулаа бэлтгэл хийнэ.
Би амжилт гаргая, олон жил хичээллэснийхээ үр шимийг хүртье гэхээсээ илүү жүдогийн монгол дэг сургуулийг үргэлжүүлж, галаа манаж үлдэхийн тулд спортдоо үнэнч үлдсэн юм. Бүгдээрээ спортоо орхивол хэн жүдог хөгжүүлж, сайн тамирчин бэлтгэх билээ. Монголд суурийг нь тавьсан жүдогийн багш нарынхаа арга барил, дэгийг нь ирээдүй хойчдоо өвлүүлэхийн төлөө бүхнээ зориулсан даа. Олимпоос бусад томоохон тэмцээнээс медаль хүртсэн, дутуугаа гүйцээх хүсэл байлгүй яах вэ. Гэтэл олимпын өмнө хөлөө бэртээн, “Барселона-1992”-оос өмнө эдгээж амжаагүй. Мэргэжилтнүүд медаль хүртэх магадлалтай тамирчдын тоонд намайг багтааж байлаа.
Хөлөө боогоод л барилдсан, өвдсөн гэж жигтэйхэн. Шүд зуугаад л өрсөлдсөн. Орондоо өөр бөх зодоглуулах боломж байсан ч миний жинд барилдах монгол бөх байгаагүй. Таван тойрог барилдаж, VII байрт шалгарсан. Өнөөх л жүдогийн дэг сургуулийг хойч үедээ өвлүүлж, залгамж халаагаа бэлтгэх чин хүсэлдээ хөтлөгдөн, 1993 онд зодог тайлж, дасгалжуулагч болсон. Нөгөө талаар “Заавал би тэмцээнд оролцох гээд яах вэ. Залуу тамирчдад боломж олгоё. Багаасаа туршлага хуримтлуулаг” гэж бодсон хэрэг.
Тухайн үед жилд 2-3 тэмцээнд оролцдог байв. Өнөөгийн тамирчид азтай. 2006 оноос эдийн засаг дээшилж, Монголын гадаад харилцаа эрс сайжирсан. Хүссэн тэмцээндээ оролцох боломж бүрдсэн, хэр баргийн өрсөлдөгчдөө булхайтай шүүлтээр дийлдэхгүй болсон.
Би анхандаа “Их шавь” дээд сургуульд ажиллан, насанд хүрэгчдэд багшилсан. Жүдогийн суурийг багаас нь зөв тавьж, гарын шавиа бэлтгэхийн тулд Спортын төв ордонд өсвөр үеийн жүдочидтэй нэлээд хэдэн жил ажиллав. 2000-аад он хүртэл зүтгэсний үр дүнд Монголд жүдогийн спорт овоо сэргэж, цөөнгүй дасгалжуулагчтай болсон. Үнэнийг хэлэхэд тэр үеийг хүртэл би хувийн амьдралаа хойш нь тавин, эл спортыг хөгжүүлэхийн төлөө бүхнээ зориулсан. Хурааж хуримтлуулсан юм ч байгаагүй. Тиймээс амьдралаа бодож, Малайз улсаас тавьсан саналыг зөвшөөрч, тэнд долоон жил ажилласан.
-Тэнд дасгалжуулагчаар ажиллах гарцыг хэрхэн олсон бэ?
-Малайз, Монгол Улсын Засгын газрын хамтран ажиллах гэрээний хүрээнд МҮОХ-ны журмаар тус улсад бөхийн хоёр дасгалжуулагч ажиллуулах санал тавьсан юм билээ. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан Ж.Отгонцагаан надад энэ тухай хэлэхэд нь би зөвшөөрсөн. Тэгж урилгаар очихдоо их зүйл сурсан шүү. Тэнд долоон жил ажилласны дараа Монголын жүдо бөхийн холбооноос намайг дуудсан.
-Та үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2008 оноос хойш ажиллаж байна. Хамгийн дурсамжтай нь олимпын анхны монгол аварга мэндэлсэн “Бээжин-2008” болов уу?
-Яг тэр гэж онцлохын аргагүй л дээ. Бүхий л тэмцээн сайхан дурсамжтай. Олимпын аварга мэндэлсэн, олимп, дэлхийн медальтнууд төрсөн бахдам амжилтуудтай хамт байснаараа, тэднийг дасгалжуулж яваагаараа бахархдаг. Монголчууд спортод элэгтэй, тамирчдаа үргэлждэмждэгийн өгөөж их бий.
-Токиогийн олимп эхлэхэд жил гаруй хугацаа үлдлээ. Монгол жүдочид “Токио-2020”-д ямар зорилготой оролцох вэ?
-Тэдэн медаль хүртэнэ гэж хэлэхэд арай эрт байна. Мэдээж олимпын аварга төрүүлж, мөнгө, хүрэл медаль олныг хүртэхийн төлөө зүтгэнэ. Тэр амжилт гаргана, түүнтэй тэгж барилдуулна гэсэн нарийн судалгаа, төлөвлөгөө бий.
Зөвхөн жүдо гэлтгүй бөхийн бусад төрлийн эмэгтэйчүүдийн хүнд жинд өрсөлдөөн сул, амжилт тааруу байгаа нь үнэн. Монголын спортын тогтолцоо хуучирсан. Аль социализмын үеийн загвараар, хааяа нэг дүрэм шинэчлэхээс өөр зүйлгүй яваа нь учир дутагдалтай. Хэдхэн дасгалжуулагч, тамирчдын нуруун дээр явж байна шүү дээ.
-Ерөнхийлөгч та хоёр амьдай, самбогийн үндэсний шигшээ багт хамт байсан. Та хоёр тэмцээнд хоорондоо учраа таарч байв уу?
-Багадаа “Хоршоолол” нийгэмлэгийн аварга шалгаруулах тэмцээнд барилдахад би дийлдсэн. Дахиж учраа таараагүй. Түүнтэй олон жил хамт бэлтгэл хийсэн. Хөдөлмөрч зангаас нь үлгэрлэж явдаг.
-Манай жүдочид БНХАУ-д хамтарсан бэлтгэл хийхээр болсон гэж дуулсан. Урд хөрш рүү хэзээ явах вэ?
-Тэд манай холбоонд хамтарсан бэлтгэл хийх урилга илгээсэн гэсэн. Жүдочид, дасгалжуулагчдын олонх нь Азийн АШТ-д оролцож яваа. БНХАУ-д бэлтгэлд хамрагдах тамирчдыг удирдах үүрэг надад өглөө. Бид маргааш (өчигдөр) урд хөршийг зорино.