Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа хийлээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, дэлхийн шилдэг мэс засалч, Монгол Улсын Гавьяат эмч О.Сэргэлэн эл хагалгааг удирдаж, БНСУ-ын АСАН эмнэлгийнхэн болон манай эмч нар хамтран 15 цагийн турш ажиллажээ.
Цусны бүлэг зөрүүтэй донороос эрхтэн шилжүүлнэ гэдэг эмч нараас өндөр ур чадвар, нарийн ажиллагаа шаарддаг аж. Уг эмчилгээг нэвтрүүлснээр донор олдохгүйгээс хагалгаа хийлгэж чадахгүй байгаа олон зуун хүнийг аврах боломжтой юм. Манай улс элэг шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлсэн дэлхийн 46 дахь орон бөгөөд 73 хүнд амьдрал бэлэглэж буй нь энэ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн 2019 онд 24 хүнд эл нарийн төвөгтэй мэс заслыг хийхээр төлөвлөжээ.
Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүн одоогоор 89 хувьтай буюу дэлхийд өндөр үзүүлэлттэйд тооцогдож байна.