Г.Равжаа
Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг яллагдагчаар тооцон 15 хоног хорих шийдвэр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр 16.40 цагийн үед гаргалаа. Түүнийг энэ сарын 23-ны 23.30 цагийн үед МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн гэрээс нь баривчилж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаагаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.
Түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлд заасан гүйцэтгэх ажиллагааны хууль, журам зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-т шалгаж байгаад Улсын ерөнхий прокурор харьяалал тогтоон, өнгөрсөн баасан гарагт Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
Түүнийг эрүүгийн хэрэгт шалгах болсонтой холбогдуулан хошууч генерал цолыг нь хураалгах тухай санал Ерөнхийлөгчид зарим хүн хүргүүлэхээр болж байгаа гэх мэдээлэл ч гарах болов. Үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх үндэслэлээр ял шийтгүүлсэн хүмүүсийн холбогдсон хэрэгт хяналт тавьж байсан НПГ-ын хяналтын прокурор Ж.Сандагсүрэн, Б.Батжаргал нарыг ч Б.Хурц болон ТЕГ-ын бусад албан тушаалтантай хамт шалгаж болзошгүй гэх мэдээлэл байна.