Хоёр улсын тэргүүн нарын уулзалт Примори хязгаарын “Орос” арал дээр болж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Умард Солонгосын удирдагчийг Алс Дорнодын Их сургуулийн цогцолборт угтан хүлээж авлаа. Тэд Солонгосын хойгийн аюулгүй байдал, бүсийн хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааг хөгжүүлэх асуудлаар ярилцах аж. Владимир Путин Умард Солонгосын удирдагчийн ОХУ-д хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хоёр орны төлөөлөгчид энэ уулзалтыг “их эртнээс тохиролцсон” гэдгийг анхаарууллаа. Мөн тэрээр БНАСАУ-д өөрөө айлчилж байснаа эргэн санав. Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгчид уг уулзалтыг зохион байгуулсанд мөн уулзалтад ирэх цаг зав гаргасанд талархсан байна. Тэрээр ОХУ-ын төрийн тэргүүнтэй хийж буй уг уулзалт хоёр талын харилцааг улам хөгжүүлж, Солонгосын хойг дахь асуудлыг зохицуулахад дөхөм болно гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.Үүний хариуд Владимир Путин Умард Солонгосын удирдагчийн эл айлчлал Солонгосын хойг дахь нөхцөлийг зохицуулахад тус болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд ОХУ Пхеньяныг Өмнөд Солонгос болон АНУ-тай харилцаагаа сайжруулах тал дээр хүчин чармайлт гаргаж байгааг сайшаан дэмжиж байгааг хэллээ. Уулзалт үргэлжилж байна