Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн мягмар гарагт болж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай болон дагалдах хууль, тогтоомж, Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийджээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар яамны удирдлагын хамт өчигдөр энэ талаар мэдээлэл хийлээ.
Эдийн засгийн өсөлтийг 2020 онд зургаа, инфляцыг найм, төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувь, гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай байхаар дээрх баримт бичгүүдийг боловсруулжээ. Үндсэн чиглэлийн төсөлд нийт 10 их наяд төгрөгийн 116 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Улсын төсвөөс үүнд 3.4 их наяд төгрөг зарцуулах гэнэ. Урсгал зардалд 1.3 их наяд төгрөг зарцуулах нь.
Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх, Төрийн албаны болон зарим хуулийг шинээр мөрдөж буйтай холбогдох санхүүжилтийг тусгажээ. 2019 онд хөрөнгө оруулалтын хэмжээг нэлээд өндөр дүнтэйгээр тавьж, 2020 онд бүрэн дуусгахаар төлөвлөж буй юм байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Байгалийн түүхийн музей болон Үндэсний урлагийн их театрын барилгын ажлыг эхлүүлэхийн тулд зардлыг нь төсөвт нэмжээ. Төсвийн бүх зардлын ДНБ-д эзлэх хувь, хэмжээг нь бууруулж тооцсоноо Сангийн сайд онцолсон.
Тухайлбал, төсвийн зарлагын дээд хэмжээ ДНБ-ий 32.8 хувьтай тэнцэж байсныг 32.4, Засгийн газрын өр 2016 оны төгсгөлд ДНБ-ий 78.8 хувь байсныг өнгөрсөн оны эцэст 58.9 болгожээ. Төсвийн сахилга батыг алдагдуулдаг тул барих-шилжүүлэх хэлбэрийн концесс хэрэгжүүлэхгүй байхаар төлөвлөж байгаа гэнэ.
Мөн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 2020 оноос Төрийн санд байршуулах аж. Сайд Ч.Хүрэлбаатар “2019 оны эхний улирлын байдлаар төсөв 196 тэрбум төгрөгийн ашигтай байгаа. Тиймээс аль болох бонд гаргахгүйг хичээнэ. Өрийн хэмжээ ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байсан үе бий.
Дээр дурдсан арга хэмжээг хэрэгжүүлбэл Засгийн газрын нийт өрийн хэмжээ ДНБ-ий 54 хувьтай тэнцэнэ. 2020 онд уул уурхайн түүхий эдийн үнэ энэ оныг бодвол өндөр байх төлөвтэй байгаа тул бага зэрэг нэмэгдүүлж тооцсон. Ингэхдээ дэлхийн эдийн засгийн төлөв байдалтай уялдуулсан” гэв.
Мэдээлэл хийснийхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Ирээдүйн өв санд энэ онд хэдий хэмжээний хөрөнгө хуримтлуулна гэж тооцсон бэ?
-553 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэж үзэж байгаа. Хүний хөгжил сангаас авсан өрөө энэ жил төлж дуусгана.
-“Капитал” банканд байсан мөнгөө төр буцаан авах боломж бий юү?
-Тус банкны байдал хүндрээд дөрөв, таван жил болсон. Хуулийн дагуух арга хэмжээг аваагүй. Тиймээс ч 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй. Сангийн яам мөнгөө буцаан авах бодлого баримталсан. Үр дүнд нь 10 гаруй тэрбум төгрөг авч чадсан.
Одоо “Капитал” банкнаас авлагатай сан, байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг дуудаж, Сангийн яамнаас тодорхой удирдамж, чиглэл өгөхөөр ажиллаж байна. Мөнгө нь агаарт уусаж, газарт шингэчихээгүй байлгүй. Тиймээс мөнгөө олж авна. “Капитал” эдийн засаг сэргэсэн үед дампуурсан учраас олгосон зээлээ буцаан авч чадна гэж бодож байна.
-Хөрөнгө оруулалтын хэмжээ яг хэд байгаа вэ?
-Сонгуулийн жил шинэ хөрөнгө оруулалтыг төсвийн баримт бичгүүдэд ихээр тусгадаг. Дараа нь шинэ парламент бүрдэж, өмнөх хөрөнгө оруулалтуудыг “царцаадаг”. Тиймээс 2018, 2019 онд дорвитой хөрөнгө оруулалт хийлгээд, 2020 онд бүрэн дууссан байх ёстой гэсэн бодлого баримталж байгаа.
Мөнгөн дүн нь 980 тэрбум төгрөг. Шинээр объект барих, их засвар, тоног төхөөрөмжид 300 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн.
-“Эрдэнэт үйлдвэр” болон “Оюутолгой”-н орлогыг хэрхэн тооцсон бэ?
-ДНБ-ий өсөлтийн хэмжээгээр үйлдвэрлэл нэмэгдэнэ. Үүнийг дагаад орлого өснө гэж тооцож байгаа.