“U stage” театрын залуу жүжигчин М.Төгөлдөрийг “Шинэ танил” онцолж байна. Тэрбээр ОХУ-ын Кемерово хотын Урлагийн их сургуулийн кино драмын жүжигчний ангийг төгсөж, өнгөрсөн жилээс “U stage” театраар овоглон уран бүтээлээ хүргэж байна.
Михаил Шолоховын “Дөлгөөн Дон” жүжгийн Григорийн дүрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард үзэгчидтэй уулзсан бол ирэх сарын 17-ноос Олжас Жанайдаровын “Дэрний сэтгэл” хүүхдийн жүжигт тоглохоор сургуулилж буй аж.
-Яагаад энэ мэргэжлийг эзэмшихээр дурласан бэ?
-Би Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургууль төгссөн. Уг нь эдийн засагч болохоор шамдаж, тэр чиглэлийн хичээлүүдээ түлхүү давтдаг байв. Урлагт дуртай ч мэргэжил болгох хэмжээнд сонирхдоггүй байлаа. Гэтэл дунд сургууль төгсөхийн өмнөхөн манай ангид өндөр нуруутай, буурал үстэй, хүнгэнэсэн хоолойтой орос хүн орж ирсэн юм.
Их гоё хүн. Хараад л уулга алдмаар. Тэр хүн бол ОХУ-ын Гавьяат жүжигчин Виктор Васильевич Мирошниченко. Тэрбээр ОХУ-ын Кемерово хотын Урлагийн их сургуульд элсэх боломж бий, элсэлтийн шалгалтыг
СУИС-д авна гэдгийг дуулгасан. Яагаад ч юм очоод үзье л гэж бодсон. Шалгуулахаар очтол дунд сургууль төгсөж буй хүүхдүүдээс гадна СУИС, КУДС гэхчлэн урлагийн сургуулийн оюутнууд ч ирсэн, хүлээж байлаа. Халгаж байсан ч шалгууллаа. Тэгтэл тэнцчихсэн. Бүр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр дөрвөн жил сурах боломжтой болсон.
-Таны гэр бүлийнхэн дунд урлагийн хүн бий юү. Эдийн засагч болохоор бэлтгэж байсан хүүгээ гэнэтхэн л ОХУ-ын Урлагийн сургуульд сурах болоход ээж, аав тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Тэнцсэн гэсэн хариу сонсоод шуудхан л аавтай утсаар ярьсан. Болсон явдлыг хэлтэл “Юу яриад байгаа юм. Урлагийн хүн болно гэж байхгүй. Юутай ч гэртээ хурдан ир. Ярилцъя” гэлээ. Хариад гэрийнхэнтэйгээ ярилцлаа. Аав, ээж “Чи өөрөө шийд. Амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэрүүдийн чинь нэг энэ шүү” гэсэн.
Нэлээд удаан бодож, явахгүй байхаар шийдлээ. Маргааш нь ОХУ руу явж чадахгүй гэдгээ хэлэхээр аавтай хамт Виктор Васильевич Мирошниченко гэж хүнтэй дахин уулзаад л бодлоо өөрчилж, энэ боломжийг алдаж болохгүйг ойлгосон. Ингэж л нэг өдрийн дотор амьдрал минь эрс өөрчлөгдсөн дөө.
-Жүжигчин болно гэж мөрөөдөх нэг хэрэг. Харин тогоонд нь орж, жаргал, зовлонг нь биеэр мэдрэх өөр. ОХУ-д очсон хойно ямар байдал таныг угтсан бэ?
-Төсөөлснөөс өөр байсан. Эхэндээ хичээлийнхээ хажуугаар эндээс хамт очсон оюутнууддаа орчуулга хийдэг байлаа. Тэрэндээ их түүртэнэ. Шантармаар ч санагдаж байв. Гэхдээ хүнд эхэлсэн зүйлээ заавал дуусгах гэсэн хүсэл, хор шар байна шүү дээ. Тиймээс эцсийг нь үзнэ гээд л гүрийсэн.
-Мэргэжлийнхээ амтанд хэзээ оров?
-Хоёрдугаар дамжаанаас. Тэр үеэс л мэргэжлийнхээ онцлогийг илүү ойлгож, шунаж эхэлсэн. Илүү шамдаж, хэн хүний зориглож уншдаггүй зохиолуудыг уншиж, бэлддэг болсон. Өнгөрсөн аравдугаар сард Москвад болсон “Территория” 13 дахь удаагийн олон улсын урлагийн их наадамд амжилттай оролцсон. Энэ төрлийн олон улсын наадмуудыг очиж үзэх, оролцохыг зорьж байна.
-“U stage” театртай хэрхэн холбогдов?
-Өнгөрсөн хавар сургууль төгсөж ирээд жүжигчин, найруулагч Г.Ундармаа эгчтэй уулзсан. Түүнийг хувийн театр байгуулахаар зорьж явах үед бид төгсөж ирээд яг л тохироо нь бүрдсэн гэхэд болно.
-ОХУ-д төгсөөд ирсэн хүнд эндхийн сургалт, ажиллах арга барилын ялгаа ажиглагдаж байгаа биз дээ?
-Мэдээж. Энгийн жишээ хэлэхэд, зөвхөн Москва хотод гэхэд 150 гаруй театр үйл ажиллагаа явуулдаг. Театрын байж болох бүх л төрлөөр уран бүтээл туурвиж, шинэ сонирхолтой урсгалуудыг хөгжүүлж байна. Гэтэл манайд улсын, хувийн нийлээд хэдэн театр байгаа билээ дээ.
-“Дөлгөөн Дон” жүжгээ өмнө нь ОХУ-ын үзэгчдэд хүргэсэн гэл үү?
-Тэгсэн. Жүжигчин болох замыг минь заасан Виктор Васильевич Мирошниченко багш минь найруулсан юм. Оюутан байхдаа эл жүжгээ ОХУ-ын үзэгчдэд хүргэсэн. Өнгөрсөн өвөл Монголынхоо үзэгчдэд анхлан хүргэж, ирэх сарын 10-нд дахин тоглохоор зэхэж байна.
-Телевизийн “Дурласан” контентод тоглосон байна билээ. Ер нь дэлгэцийн уран бүтээлд тоглуулах санал ирж байна уу?
-Одоохондоо театрынхаа ажлыг эн тэргүүнд тавьж, тийм саналаас татгалзаж буй. Харин “U” фильмийн “Single ladies-4” киноны арын албанд ажиллаж байна. Жүжигчин хүн кино хэрхэн бүтдэгийг, арын албаныхан яаж ажилладгийг мэддэг байх ёстой шүү дээ. Сурах зүйл ч их бий.
-Ирэх сараас толилуулах “Дэрний сэтгэл” хүүхдийн жүжгийн гол дүрд тоглохын зэрэгцээ найруулж буй гэсэн үү?
-Би чадахгүй гээд өөрийгөө голж суух биш, чадахын тулд оролдож, авьяас чадвараа хөгжүүлэх нь зөв гэж боддог. Тийм ч болохоор энэ жүжгийг найруулж байна.
-Тус уран бүтээлээр үзэгчдэд юу “хэлэх”-ийг хүсэж байгаа вэ?
-Хүүхдүүд хамгийн үнэнч үзэгч. Тэд дуртай, дургүй байгаагаа шууд л илэрхийлдэг. Тэдний анхаарлыг татаж, бүтэн цагийн хугацаанд тайзнаас салгахгүй “уях” хэцүү. Гэхдээ бид хичээж байна. Жүжгийн үйл явдал сонирхолтой байхын зэрэгцээ тэдэнд ухаарал хайрлах хэрэгтэй.
“Чиний хаана амьдрах, ямар харагдах чухал биш. Гол нь бусдыг ойлгож, хүндэлдэг байх л хамгийн чухал” болохыг харуулах гэсэн юм. Хүүхдийн хүмүүжил эцэг, эхтэй шууд холбоотой. Тиймээс эл жүжгийг зөвхөн багачууд бус, ээж, аав нь хамт үзэж, ойлгосон зүйлээ хүүхдүүдтэйгээ ярилцаасай гэж хүсэж байна.