Хүүхдийн төв номын сан Олон улсын хүүхдийн номын өдрийг тохиолдуулан Монгол мэдлэгийн танхим нээлээ. Уг танхимаа хүүхэд багачуудад монгол ахуй, соёлын тухай мэдлэг олгох “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” ном бүтээсэн, гол дүр Оюу буюу манай сонины сэтгүүлч Р.Оюунжаргалтай хамтарч байгууллаа.
Танхимын дэглэлт, тохижилтыг санаачилга гаргасан сэтгүүлчид даатгасан тул тэрбээр номд гол дүрээс дутуугүй үүрэгтэй хуучны буриад модон байшинд байдаг тавилга сэлтээсээ авчирч дотоод засал болгосон нь сонирхолтой аж. Жишээ нь, 1945 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумын дунд сургуулийн дотуур байрны бага ангийн хүүхдүүд унтдаг байсан модон ор байна. Түүн дээр номын зохиогчийн ээж, өдгөө 82 настай буурал унтдаг байжээ. Харин Оюугийн өвөө, эмээ нь уг орыг цагаан идээний тавиур болгон олон жил ашигласан аж.
Сэтгүүлч Р.Оюунжаргалын өвөө, эмээгийн хоолны шүүгээ аргагүй сонирхол татна. Түүнийг XIX, XX зууны заагт Оросоос нүүж орж ирсэн Бавуу Балдангийнх хэмээх айлынх ачиж ирсэн түүхтэй юм байна. Тэднийх нутаг сэлгэн одохдоо хөсөгт багтахгүй гээд буурин дээрээ орхиход нь номын гол дүр Оюугийн элэнц эмээ нь авч гэртээ тавьжээ. Шүүгээ нь нэг ширхэг хадаасгүйгээр буюу модыг модоор шахаж бэхлэх уламжлалт технологийн хийцтэй. Жаахан Оюугийн унтдаг байсан 200-гийн хэмээх цагаан толгойтой пүрштэй ор танхимын нээлтэд ирсэн хүмүүсийн “гижгийг хүргэсэн” бөгөөд эздийг нь явахаар хэвтэж үзнэ гэсэн хүн ч байв.
Оюугийн эмээ Д.Долгор 21 настайдаа, өөрөөр хэлбэл, 1937 онд үхрийн шир элдэж, оёсон цайны уут, тэр үед анх гартаа барьсан алх гэх зэрэг үзмэр тус танхимд бий. Уншлагын танхим гэлээ ч, музей мэт тохижуулсан энэ орон зайд хүүхэд багачуудад монгол ахуй соёлын мэдлэг олгохыг хүссэн хэн бүхэн цагийн хуваарийн дагуу ажиллаж болох аж. Сэтгүүлч Р.Оюунжаргал бол долоо хоног бүрийн бямба гарагт уншигчидтайгаа уулзах юм байна. Танхимд зураач Б.Хонгорзулын бүтээл “Хуучин байшин” уран зураг болон гэрэл зурагчин, “Zev photo”-гийн П.Баттулгын монгол ахуйн сэдэвт бүтээлүүдийг залсан нь өнгө, утга нэмжээ.