УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир болон УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Саранчимэг, С.Жавхлан, А.Сүхбат нар өчигдөр ХХААХҮЯ-нд ажиллаж, газар, хэлтсийн дарга нартай уулзан, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэсэн ажлуудын тайлан мэдээтэй танилцав.
Сүүлийн таван жилд малын тоо толгой тогтмол нэмэгдсэн бөгөөд үүнийг дагаад малын гаралтай бүтээгдэхүүн төрөл бүрээр өсжээ. Тухайлбал, 2018 онд 93 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 7.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Газар тариалангийн бүтээгдэхүүн ч мөн өсөлттэй байгаагийн дотор улаан буудай, төмсний хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангаж буй талаар газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулгадаа онцолсон.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилогдсоноосоо хойш авч хэрэгжүүлж байгаа зарим ажлынхаа тухай мэдээлэл өгөхдөө “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 2019 онд хийх эрх зүйн шинэчлэлд нэн түрүүнд Бэлчээрийн тухай хууль хүлээгдэж байна. 20 гаруй жил ярьж байгаа ч эрх зүйн зохицуулалтгүйн улмаас бэлчээр цөлжиж, үлийн цагаан оготно огцом нэмэгдэж, бэлчээрийн доройтол эмзэг асуудал боллоо. Харин тариалангийн чиглэлд Таримал ургамлын үр, сортын тухай болон Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг энэ парламент хэлэлцэн батална гэдэгт итгэж байна” гэв.
Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир “Бэлчээрийн тухай хуулийг батлах цаг болсон. Энэ асуудлаар байнгын хороо, ажлын хэсэг нухацтай ажиллана” гэлээ. Мөн “Энэ жил ноолуурын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Тиймээс ирэх онд ноолуурын ханшийг буулгахгүй байх бодлого барих хэрэгтэй” хэмээн санууллаа.