Баянгол дүүргийн 56 дугаар сургуулийн дэргэдэх хөлбөмбөгийн талбайг нурааж сүйтгэж буй талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар нийслэлийн холбогдох албаныхнаас тодруулахад “Барилга, хот байгуулалтын яамнаас улсын төсвийн хөрөнгөөр тус сургуулийн өргөтгөл барьж эхэлсэн. Өргөтгөл хийхээр төлөвлөсөн газарт нь Баянгол дүүргийн Ардчилсан намын үүр барилга барьж, улмаар газраа чөлөөлөөгүй тул хөлбөмбөгийн талбайг нураан, сургуулийн өргөтгөл барихаас өөр аргагүйд хүрсэн” хэмээв.
Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд хөлбөмбөгийн есөн талбайг ашиглалтад оруулна хэмээн мэдэгдлээ. Үүний дагуу холбогдох газруудтай хамтран зураг, төсөл гаргаж буй гэнэ. Цаашид биеийн тамирыг дэмжих үүднээс хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан дээрх шиг талбайг олноор байгуулах гэнэ.