Эрт цагт урд хөршийнхөн умард зүгийн морьтон нүүдэлчин үндэстнүүдийн халдлагаас хамгаалах зорилгоор шавар, чулуугаар хамгаалалтын хана босгосон нь энэ цаг үед дэлхийн соёлын өвд багтсан. Нийт 8851.8 км урт Цагаан хэрэмнээсээ дутахгүй агуу бүтээн байгуулалтыг хятадууд 1970-аад онд эхлүүлжээ. Тэр нь Ногоон хэрэм. 2050 он гэхэд дуусгахаар төлөвлөсөн “Агуу ногоон хэрэм” төслийнхөө хүрээнд Хятад улс хойд хилийнхээ дагуу 100 тэрбум мод суулгаж, тарих ёстойгоос одоогийн байдлаар барагцаагаар 66 саяыг нь ургуулчихаад байна.
Ингэснээр цөлжилтийг бууруулахын зэрэгцээ Цагаан хэрэмтэйгээ параллел байрлалтай Ногоон хэрэмтэй болох юм. Элснээс хамгаалсан эл хана нь түйрэнгийн аюулаас ч гэтэлгэнэ гэж үзжээ. Хятад улс жил бүр дунджаар 1300 ам км газар нутгаа элсэнд эзлүүлж, цөлжилтийн улмаас 400 сая хүн амьдрах орчноо “алддаг” гэсэн судалгаа бий.
30-аад жилийн өмнө эхэлсэн, 13 мужийн нутаг дэвсгэрийг дайрах Ногоон хэрэмийн урт нь 4500, өргөн нь 100 км, 350 000 ам км талбай эзлэх аж. Энэ нь ХБНГУ-ын нутаг дэвсгэртэй бараг дүйх юм. Эл төсөлд тус улсын хүн амын оролцоог чухалчилсан бөгөөд 11-60 насны иргэн бүр жил болгон 3-5 мод суулгаж, тарих ёстой. Мод тарих боломжгүй хүмүүс нь тодорхой татвар өгөх зохицуулалттай. Уг төслийн хүрээнд зөвхөн мод тарихгүй. Уламжлалт болон дэвшилт технологиор, жишээлбэл, онгоцоор үр цацах зэргээр зүлэгжүүлэх, төрөл бүрийн ургамал суулгаж, нутагшуулж буй гэнэ. Одоогийн байдлаар 1000 ам км газрыг зүлэгжүүлсэн аж. Энэ мэтээр “Агуу ногоон хэрэм” төсөл бие даасан зах зээл бий болгосон гэдгийг тэмдэглэжээ.
Ташрамд дурдахад, 2012 онд Африк тивд “Агуу ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлсэн нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн хүрээнд ногооруулах бодлого болсон гэдэг. Үүний үр дүнд сансраас ч тод харагдах том талбайд мод, зүлэг тарьсан. Мөн л цөлжилтийг бууруулж, Сахарыг ногооруулах зорилготой уг төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд хар тивийн Сенегал, Мавритан, Мали, Буркина Фасо, Нигери, Нижер, Чад, Судан, Эритрей, Этиоп, Жибути гэсэн 11 улсын нутаг дэвсгэрийг хамарсан, 7800 км урт, 15 км өргөн ойн модон “бүрхүүл” бий болжээ. Мөн 12 сая га талбайг зүлэгжүүлсэн.
“Агуу ногоон хэрэм” бол улс, хил дамнасан бүтээн байгуулалт бол хувь хүмүүс ч дэлхийгээ ногооруулахад бага гэлтгүй хувь нэмэр оруулж буй сайхан жишээ олон байна. Жишээ нь, өнгөрсөн жил хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлээс зугтаж, Камерун дахь дүрвэгсдийн “Минавао” хуаранд орогнож байсан нигер хүмүүс орчноо ногооруулах, цаашлаад ашиг шимийг нь хүртэн барилгын материал хийхээр 2.5 га газарт 40 000 мод тарьжээ. Моддыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар өдгөө тус газарт амьдарч буй 60 000 орчим хүн амьжиргаагаа залгуулж байгаа гэнэ.