А.Тайшир
СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, судлаач Х.Чойдогжамцтай ярилцлаа.
-Та утга зохиол судлаач, шүүмжлэгч мэргэжилтэй юм билээ. СУИС-д багшлаад хэр удав?
-Би МУИС-ийг Гавьяат багш Д.Галбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав нарын удирдлагад төгссөн. Сургуулиа төгсөөд удаагүй байхад СУИС-ийн Театрын урлагийн сургуульд Урлаг судлал, утга зохиолын тэнхим байгуулагдан, тэнхимийн эрхлэгчээр П.Батхуяг ажиллаж эхэлсэн юм билээ.
Энэ хүн надад санал тавьснаар багшлах болсон. Ажлын шаардлагаар театр, кино судлал руу хөрвөсөн. Театрын шүүмж, кино судлалыг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах, уран бүтээлчид болон уншигчдын анхаарлыг хандуулах зорилготой ажиллаж байна.
-Ажих нь ээ, урлаг судлаач, шүүмжлэгч мэргэжил сонгож буй залуус их цөөн юм. Танай сургуулийг энэ мэргэжлээр жилд хэчнээн мэргэжилтэн төгсөж байгаа вэ. Төгсөгчдийн тоо өсөх хандлага байна уу?
-Манайх урлаг судлал, жүжиг, киноны зохиолч гэсэн хоёр ангитай. Нарийн мэргэжил учраас тийм ч эрэлттэй биш. Гэхдээ төгсөгчдөөс мэргэжлээрээ ажиллаж буй нь олон. Эрэлттэй, түгээмэл мэргэжлээс ангид. Тиймээс үнэхээр энэ мэргэжилд дуртай хүн, цаашид тууштай ажиллах хүн л зорьж эзэмшинэ.
Угаасаа нарийн мэргэжил, цөөхөн элсэгчтэй гээд тоохгүй орхиж болохгүй л дээ. Бид хамгийн гол нь урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй, мэдрэмжтэй мэргэжилтэн бэлтгэхийг хичээдэг. Нэг үеэ бодвол 2010 оноос хойш хүмүүс шүүмжийг сонирхож, анхаарч уншдаг болсон. 2014 оноос мэргэжлийн хүрээний хэсэг хүнтэй хамтран “Утга зохиолын судлал, шинжлэл” редакц байгуулан, урлагийн төрөл бүрийн судлал, шүүмжлэлийн ном гаргаж эхэлсэн. Одоогоор 30 гаруй цуврал хэвлүүлсэн. Уншигчид ч их сонирхож байгаа.
-Судлал, шүүмжийн хэд хэдэн ном гаргасан байх аа?
-Оюутан байхдаа 2013 онд дан уран зохиолын судлал шүүмжийн “Тайлахуйн чинад”, дараа нь 2015 онд “Гүн хэлмэр” номоо гаргасан. Үүнд зөвхөн уран зохиолын биш, урлагийн гэж хэлж болохоор шүүмж судлалын өгүүллүүд багтсан юм.
Театр, киноны нэрт зүтгэлтэн Л.Ванган гуайн амьдрал уран бүтээлийн тухай “Хүний мөр” номыг Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, судлаач Я.Баяраа нартай хамтарч, “Уран зохиолын тухай яриа-2” номыг С.Энхбаяр, Д.Галбаатар, Г.Батсуурь зэрэг шүүмжлэгчийн хамт бичсэн шүүмжүүдээ багтааж антологи гаргалаа.
-УДЭТ-ын тайзнаа тоглосон “Бүсгүйн зурвас” жүжигт бичсэн “Гоодон (bestseller) жүжгийн төсөл буюу УДЭТ-ыг бичил Бродвэй болгохоо зогсоо” гэсэн таны шүүмжийг саяхан уншлаа. Шүүмжийг уран бүтээлчид хэрхэн хүлээж авдаг вэ. Шүүмж, доромжлолыг ялгахгүй хүмүүс ч харагдах юм.
-Шүүмж гэдэг нэрэнд бас учир их бий мэт санагддаг. Хүмүүс шүүмж гэхээр л муулна, доромжилно гэж ойлгодог. Гэтэл энэ чинь тухайн бүтээлд уран сайхны үнэлгээ өгнө гэсэн үг шүү дээ. Бидний бодлоор шүүмжийг шинжлэл гэж үгээр хэрэглэж хэвшвэл илүү тохиромжтой мэт санагддаг. Яг үнэндээ уран бүтээлчдийн хүлээн авах байдал ч хэцүү.
Шударга хэлэхээр хувийн өс хонзонгоор “дайрч” буй мэт хүлээн авдаг. Уг нь урлагийн төлөө, тухайн уран бүтээлд баримттайгаар үнэлгээ өгч буй юм шүү дээ. Магтах хүн хаанаас ч олдоно. Харин чин үнэнийг шударгаар хэлэх хүн хэд билээ. Гэтэл энэ салбарт үнэнийг нь хэлж, алдааг нь засахаар ажиллаж байгаа цөөхөн хүнээ “барьж идэх” нь холгүй л байдаг. Ингээд бодохоор шүүмж бичнэ гэдэг эр зоригийн асуудал мэт болчихож.
-“Монголд ганц байх академик театрыг бичил Бродвэй болгох нь” гэж халаглаж байгаа таныхаар манай театрын хөгжил ямар шатанд явна вэ?
-Театрын талаар түлхүү судалж буй сүүлийн 5-6 жилийн тухайд л ярья. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарыг театр руу үзэгчдийг татаж чадсан хэмээн үнэлдэг. Харин арилжааны шинжтэй уран бүтээлүүдийг эрдмийн теарт тавьж буйд нь шүүмжлэлтэй хандмаар. Эрдмийн ганц театртайн зовлон энэ байх.
Сүүлийн жилүүдэд дэлхийн сонгодгуудыг шинэчлэн найруулан, үзэгчдэд хүргэсэн гавьяа Н.Наранбаатар найруулагчид бий. Театрын хөгжлийн сонирхолтой үед ажиллаж буй болохоор өндөр хариуцлага үүрдэг, өөр олон зүйл ч нөлөөлдөг байх.
-Таны хэлснээр гоодон жүжиг тавьж буй нь үзэгчдийн таашаалд нийцүүлж буй хэрэг юм болов уу?
-Мэдээж цаг үеэ мэдэрч, орчин цагийн үзэгчдэд зориулах нь зөв. Гэхдээ уран бүтээлдээ бүтээлчээр тусгах ёстой. Гэтэл өөрчилж, хувиргаж байна гээд амин сүнсийг нь алдагдуулах зохимжгүй. Үүнд л шүүмжлэлтэй хандаад байгаа юм.
-Тэгвэл бэсрэг, моно гэхчлэн жүжгийн бусад төрлөөр уран бүтээл хүргэдэг хувийн театруудын талаар юу хэлэх вэ?
-Жишээ нь, “Black box” театр богино хугацаанд хүмүүст амжилттай танигдсан. Модерн, абсурд, сэтгэлгээний жүжгүүд үзэгчдэд хүргэсэн. Уг нь тэндээс урлагийн амьд харилцаа, хөгжил харагддаг байсан. Ийм хувийн театруудын нас богино байдаг нь зах зээл, үзэгчидтэй л холбоотой. Олон төрлөөр уран бүтээл туурвидаг хувийн театрууд байж театрын урлаг илүү хөгжинө.
-Гадаад улсуудын театрын хөгжилтэй харьцуулахад манайх хөгжлийнхөө голдирлоор явна уу, эсвэл гажчихаж уу?
-Манай театр хөгжингүй үе дээрээ явна. Хамгийн сонирхолтой үе. Ямар ч төрлөөр уран бүтээл туурвиж болох, үзэгчид хүлээж авахад бэлэн үе. Сонгодог уран бүтээлийг шинэчлэх, орчин үеийн жүжиг тавихдаа төрлөөс нь эхэлж яримаар санагддаг. Жишээ нь, ямар төрөл, хэв маягаар энэ жүжгийг найруулах вэ гэдгээс эхлэх ёстой.
Үүнийг хольчихоор л замбараагүй байдал үүсэж, маргаан дэгдэж байгаа юм. Гадаадын орчин үеийн театруудын бүтээлийг харах нь ээ, хэдий орчин үеийн, этгээд шийдэлтэй байсан ч тухайн уран бүтээл нь цогц байж, төрөл, хэв маяг, найруулга, тоглолт нь зорилгодоо хүрдэг, хэм хэмжээгээ барьдаг. Гэтэл манайд учир нь олдохгүй, тарамдаж орхиод байгаа юм.
-Хэд хэдэн киноны шүүмжийг тань уншсан. Дэлгэцийн уран бүтээлийн талаар ямар бодолтой байна вэ?
-Киноны шүүмж нэлээд бичсэн. Хамгийн сүүлд хуучны хоёр, орчин цагийн хоёр киног харьцуулан тойм шүүмж бичлээ. Б.Балжинням найруулагчийн “Тан руу нүүж явна”, Ч.Жумдаан найруулагчийн “Эргүүлэг”, Д.Баярсайханы “Явуулын хүн”, П.Дэлгэрбаярын “Илд цэцэг” киног харьцуулан, уламжлал шинэчлэл, үнэт зүйлс, киноны хэлийг нь хөндөн бичихийг хичээсэн. Түүнээс биш хоорондоо ялгарахгүй шахам кинонууд олноор “төрж” байна. Хамгийн гол алдаа нь кино зохиолоо маш муу боловсруулдаг.
-Энэ нь кино зохиолч ховордож, найруулагч нар өөрсдөө киноны зохиолоо бичдэг болсонтой холбоотой юу?
-Мэргэжлийн кино зохиолч олдохгүйн улмаас найруулагч нар өөрсдөө зохиолоо бичих тохиолдол олон байгаа. Киноны зохиол муу бол өгүүлэмж, хийц сулхан болох нь ойлгомжтой. Үүнд анзааргагүй, хуумгай хандах л буруу байгаа юм.
-Индепендент кино сонирхдог биз дээ?
-“Алтан хальс” кино наадам руу чих тавьдаг шүү. Артхаус төрлийн киноны урсгалуудыг арай илүү боловсролтой үзэгчид хүлээж авдаг мэт санагдаг. Илүү мэдрэмжтэй гэхэд ч болно. Оюутнууддаа энэ төрлийн киноны тухай ярихдаа Солонгосын найруулагч Ким Ки Дукийн “Хавар, зун, намар, өвөл. Дахиад хавар” киног жишээ болгон ярих дуртай.
-Судлаач, шүүмжлэгч хүн аливаа уран бүтээлийг үйл явдалд нь хөтлөгдөхөөс илүүтэй мэргэжлийн үүднээс харж, өөнтөгч байдлаар үздэг үү?
-Ажлын шаардлага байна. Гэхдээ кино, жүжиг эхлэнгүүт үзэг, цаасаа бариад сууна гэж байхгүй. Гэхдээ л энгийн үзэгчээс илүү анхааралтай харна. Кино ч тэр, жүжиг ч тэр ганц удаа үзээд л шүүмж бичихгүй. Ялангуяа театрын бүтээлийг гурав дөрвөн удаа үзэж байж бичдэг. Өөнтөгч гэхээс илүү гярхай үзэх шаардлагатай болдог. Үйл явдлын уялдаа холбоо, зангилаа, тайллаас зохиолын үнэлэлт дүгнэлтийг өгнө.
Яах аргагүй үзэг, цаасаа бэлдээд л сууна. Үзээд суух үед орж ирсэн санаагаа тэр дор нь тэмдэглэж авна. Шүүмж гэдэг уран бүтээл шүү дээ. Зөвхөн яруу найрагч, зохиолч хүмүүс араншингаараа бичдэг гэсэн үг биш. Судлаач хүмүүст ч гэсэн онгод, араншин, сэтгэл хөдлөл бий. Түүгээрээ хөглөгдөж бичнэ. Миний хувьд шүүмждээ тухайн бүтээлийн шинэлэг тал, туурвилын өвөрмөц нээлтүүдийг тайлбарлан шинээр хандахыг хичээдэг. Дуу алдмаар мөр, өгүүлбэр, хэсэг олзолж аваад, түүнийгээ уншигчдад сонирхолтой хүргэхийг хичээдэг.
-Сүүлийн үед үзэгчдэд хүргэсэн тайз, дэлгэцийн ямар бүтээл танд таалагдаж, сайн “дүн тавьсан” тань сонирхолтой байна.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагчийн “Монгол ардын суут” жүжгийг онцгойлон хэлмээр байна. Ойрын жилүүдэд үзэгчдэд хүргэсэн Монголын театрын уран бүтээлүүд дундах хамгийн шилдэг найруулгатай бүтээл. Найруулгын шийдэл, тайзны зураачийн ажил, утга санаа, минималист байдал гээд бүх зүйл нь маш цогц болсон. 40 минутын жүжиг хэр нь яриад баршгүй.
Энэ жүжгийн тухай би гурван шүүмж бичсэн. Мөн “Black box” театрын “Сандлууд”, “Хирснүүд”, “Ширэнгэд” зэрэг жүжгийг нэрлэнэ. Буриадын театрын найруулагч Олег Юмовын найруулсан “Өвгөн, тэнгис хоёр” нэг хүний жүжгийг мартаж болохгүй. Жүжигчин Баста Цыденов маш гайхалтай тоглосон. Тэр жүжгийн найруулгын шийдэл үнэхээр сонирхолтой. Дэлгэцийн уран бүтээлийн хувьд “Абсолют” фильмийн найруулагч П.Дэлгэрбаярын “Илд цэцэг”, “Жаалхүү” фильмийн “Хүдэн”, “Ланз” фильмийн “Өвлийн тууж” киног үнэлсэн.
-Та нэлээд хэдэн жил багшилчихлаа. Үргэлжлүүлэн сурах, өөрийгөө илүү хөгжүүлэх бодол бий юү?
-Би оюутны ширээнээс шууд багшийн ширээ гэх том алба руу яваад орчихсон. Багш хүн гэж хүнд юм өгөхийн хажуугаар өөрөө сурч боловсрохын нэр юм уу даа. Яагаад гэвэл лекц, семинар бэлдэж байхдаа, оюутнуудтай харилцаж байхдаа тэднээс буцаагаад маш их зүйлийг авдаг. 20 оюутанд нэг л зохиол өгөөд явуулахад тэд 20 өөр янзаар тайлаад ирдэг.
Ярилцаад суухад өөр өөр санаа, олон янзын өнцөг гаргаж ирэх жишээтэй. Ингээд бие биенээ тасралтгүй хөгжүүлдэг. Утга зохиол судлаач мэргэжлээрээ дахин суралцъя, юм үзэж харъя гэсэн бодол байгаа. Европын аль нэг улсад очиж сурах бодолтой. Би хүүхэд байхаасаа л ОХУ-ын Москва хот дахь М.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд суралцахын мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлөө ч биелүүлж магад.