Олны танил хүмүүстэй спортын тухай хөөрөлддөг “Зөвхөн спортын тухай” буландаа Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаярыг урилаа.
-Дунд сургуульд байхдаа Та урлаг, спортын аль нэгийг сонгох болж, урлагийг нь чухалчилсан юм билээ. Хэрвээ спортыг сонгосон бол өдийд хаана, юу хийж яваа бол гэж бодож байв уу?
-Өсвөр насандаа спортод ч айхавтар, урлагт ч дуртай байлаа. Харин сурлага улаан ноль. Ах нарыгаа дагаад урлагт орчихмоор, эв дүйгээ бодохоор спорт хөөчихмөөр санагддаг байв. Сургуулийн багш нар намайг булаацалддаг байлаа. Бодож бодож гитараа сонгосон доо. Гэхдээ спорт одоо миний амьдралын салшгүй нэг хэсэг. Хэрвээ спортоор тууштай хичээллэсэн бол Гавьяат тамирчин болчихсон л яваа байх.
-Та багадаа ямар спортоор хичээллэдэг байсан бэ?
-Боксоор хичээллэдэг байлаа. Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Банди багшийн удирдлагад “Алтан бээлий” клубт хичээллэдэг байв. Бокс хүнд хүндлэл, ёс зүй, тэвчээр суулгадаг. Маш том хүмүүжил олгодог спорт шүү дээ.
-Ямар амжилт гаргаж байв?
-Октябрын pайоны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байлаа. Спортын замналаа үргэлжлүүлсэн бол овоо амжилт гаргах байсан гэж боддог.
-Тэр үеийн өрсөлдөгчдөөс тань спортын замналаа үргэлжлүүлэн сонгосон хүмүүс байдаг уу. Одоо тамирчидтай хэр ойр нөхөрлөдөг вэ?
-Хандгайтын аманд “Тамирчин” хүүхдийн зуслан байв. Тэнд амрах үедээ өсвөрийн олон тамирчинтай танилцаж байв. Гавьяат тамирчин Э.Цогтжаргал, Т.Үйтүмэн, Д.Лхагва нарын боксчинтой хүүхэд байхдаа тэнд танилцаж, нөхөрлөсөн. Одоо ч тэдэнтэйгээ сайхан харилцаатай.
-Тэмцээнийг нь зурагтаар юм уу, очиж үзэх дуртай спорт бий юү?
-Хөлбөмбөг, чөлөөт болон үндэсний бөх үзэх дуртай.
-Одоо ямар спортоор, хэчнээн жил хичээллэж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд фитнессээр хичээллэж байна. Долоо хоногийн дөрвөн өдрийн өглөөд тогтмол хичээллэдэг.
-Спорт хүнд ямар эeрэг өөрчлөлт, зөв дадал суулгадаг гэж боддог вэ. Биe хүн болж төлөвшихөд тань спорт хэрхэн нөлөөлөв?
-Эр хүн, ялангуяа өрхийн тэргүүн хамгийн гол нь эрүүл байх ёстой. Энэ нь эцэг хүний үүрэг. Зөвхөн өөрийнхөө эрүүл мэндийг бодохоос гадна гэр бүлийнхээ өмнө хариуцлага үүрэх ёстой. Ингэхийн тулд эрүүл байж, өөрт тохирсон спортоор хичээллэдэг байх хэрэгтэй. Хүүхдүүддээ ч тийм үлгэр дуурайл үзүүлэхийг хичээдэг.