Энэ сарын 21-нд буюу өчигдөр Шри Ланкийн хэд хэдэн хотод дэлбэрэлт болж 207 хүн нас барж, 400 гаруй хүн шархаджээ. Эхлээд Кохчайкад, Баттикалоа Негомбо хотуудад улаан өндөгний баяраа тэмэдэглэж байсан Христийн шашны сүмүүдэд дэлбэрэлт бараг нэгэн зэрэг гарсны дараа удалгүй тус улсын хуучин нийслэл Коломбо хотын “Shangri-La Colombo”, “Kingsbury Hotel”, “Cinnamon Grand Colombo” тансаг зэрэглэлийн гурван зочид буудал ойрхон давтамжтай дэлбэрчээ. Нийт найман дэлбэрэлт гарсан бөгөөд дэлбэрэлтийг ихэнх нь амиа золоиослогчид үйлдсэн байна. Эл халдлага нь сүүлийн 10 жилийн иргэний дайнаас хойшхи хамгийн том террорист халдлага аж.
Амь үрэгсэдийн дунд 27 гадаадын иргэд байсан бөгөөд тэдгээр нь АНУ, Их Британи, Голланд, Португаль, БНХАУ-ын иргэд байжээ.Тус улсын Ерөнхий сайд Ранил Викременсингэ Улсын аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулан хугацаагүй онц байдал зарласан байна. Террорист халдлагын хариуцлагыг одоогоор хэн ч үүрээгүй байгаа ч Шри Ланкийн Батлан хамгаалахын сайд Руван Виевардены мэдэгдснээр бол эрх баригчид халдлагын зохион байгуулагчдыг тогтоожээ. "Мөрдөн шалгах ажиллагаанд цагдаагийн офицерууд болон цэргийнхэн оролцож байгаа бөгөөд халдлагын цаана байгаа бүх хүмүүсийг аль болох богино хугацаанд шүүхэд шилжүүлэх болно" гэж тэрээр хэлсэн аж. Шри Ланка улс нь 22 сая орчим хүн амтай, тэдний 70 хувь Буддын шашинтан бол 12,6 хувь нь Хиндү, 9,7 хувь нь Муслим, 7,6 хувь нь Христийн шашинтнууд байдаг агаад сүүлийн жилүүдэд Христийн шашинтнуудын эсрэг, тэдний биед халдах явдал ихсэх болсон байна.