Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан олон нийтэд нээлттэй захидал хүргүүлсэн бөгөөд уг захидлыг дэлгэрэнгүйгээр нь хүргэе.
"Сүүлийн өдрүүдэд Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацагдах болсон тул эдийн засагт гарсан өөрчлөлт, Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын үр нөлөө, цаашид учирч болзошгүй эрсдэл, сорилтын талаарх мэдээллийг хүргэх зорилгоор энэхүү нээлттэй захидлыг хүргүүлж байна.
Монгол Улсын эдийн засаг 2016 оны 2 дугаар хагаст туйлын хүнд нөхцөлд байв. Тухайлбал, эдийн засгийн өсөлт сөрөг утгатай болж (3 дугаар улиралд -1.6 хувь), 2016 оны 8 дугаар сараас эхлэн 3 сарын турш дефляци үргэлжилж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал нэмэгдэж оны эцэс гэхэд 1.7 их орчим наяд төгрөгт хүрээд байсан юм. Үүнээс гадна эдийн засгийн уналтыг дагаж, банк санхүүгийн байгууллагуудын чанаргүй зээл болон алдагдал нэмэгдэж, өөрийн хөрөнгө буураад байсан нь эдийн засаг дахь санхүүгийн зуучлалын цар хүрээг хумьж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санхүү төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж, хямралыг гүнзгийрүүлэх эрсдэлтэй байв. Түүнчлэн 2016 оны 2 дугаар хагаст Монголбанкин дахь гадаад валютын улсын нөөц (ГВУН) нийт дүнгээрээ 1 тэрбум орчим ам.доллар байсан боловч богино хугацаанд хийх гадаад валютын төлбөрүүд болох Хөгжлийн банкны бондын төлбөр, Засгийн газрын зээлийн үндсэн өрийн төлбөр, Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн төлбөр, хувийн хэвшлээс эргэн төлөгдөх эх үүсвэр зэрэг нийлбэр дүнгээрээ гадаад валютын улсын нөөцөөс 4-5 дахин давсан өр төлбөр хүлээгдэж байсан тул Монгол Улс 2016 оны эцэст үндсэндээ гадаад өрийн дефолтын ирмэгт хүрээд байв. Үүсээд байсан нөхцөл байдал туйлын хүнд байсан тул энэхүү хүндрэлийг даван туулахад Монголбанк Засгийн газартай хамтран эдийн засгийг тогтворжуулан сэргээх бодлогыг тууштай хэрэгжүүллээ. Үүнд:
- Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталж, Монголбанк уг хөтөлбөрийн хүрээнд инфляцийг тогтворжуулах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Энэ хүрээнд мөнгө, зээлийн өсөлтийг эдийн засгийн өсөлтийг дэмжих, гэхдээ инфляцийн дарамт бий болгохгүй зохистой түвшинд мөнгөний бодлогын зах зээлийн зарчимд суурилсан арга, хэрэгслүүдийг ашиглан удирдаж ирлээ.
- УИХ-аас баталсан энэхүү бодлогын баримт бичгийг Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Жайка зэрэг олон улсын байгууллагад танилцуулан хэлэлцээр хийж, 2017 оны эхээр хөтөлбөр тохирсны үндсэн дээр 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг Монгол Улсад оруулж ирэх бололцоог бүрдүүлэв. Үүний үр дүнд дотоодын зах зээлд оролцогчид, гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын эдийн засгийн төлөвийн талаарх итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдал, түүний сэргэлтэд чухал нөлөө үзүүлэв.
- Банкны салбарын хууль эрх зүйн орчны шинэтгэлийг эхлүүлж, Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль зэрэг санхүүгийн салбарын суурь тулгуур болсон эрх зүйн актуудыг боловсронгуй болгох үүднээс нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх бүхий байгууллагатай хамтран боловсруулж, УИХ-аар батлуулаад байна. Эдгээр хууль эрх зүйн акт батлагдсанаар Төв банкны засаглалын тогтолцоог боловсронгуй болгох, мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, макро зохистой бодлогыг хэрэгжүүлэн санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах боломжууд бүрдэв. Үүнээс гадна банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг олон улсын стандарт болон шилдэг туршлагад нийцүүлэх, банкны салбарын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, банкны бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор төсөв болон төрд ирж болзошгүй санхүүгийн дарамтыг бууруулах зэрэг нэмэлт өөрчлөлтийг хууль эрх зүйн актад тусгалаа.
- Монголбанк ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, арилжааны банкуудын төлбөрийн чадварыг бодитойгоор тодорхойлох зорилгоор олон улсад нэр бүхий аудитын компаниар активын чанарын үнэлгээг бүх банкинд амжилттай хийлээ. Энэхүү үнэлгээг Монголд төдийгүй Ази тивд анх удаа Европын төв банкны аргачлалын дагуу хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн нь Монголын банкны салбарт болон Төв банкны хяналт шалгалтын тогтолцоонд томоохон дэвшил болов. Үнэлгээний үр дүнд Монголын банкны салбар, систем тогтвортой байна гэсэн дүгнэлт хийсэн болно. Харин 1-2 банкин дээр асуудал, хүндрэл үүсээд байсныг бид нуугаагүй билээ. Бид банкны салбарыг эрүүлжүүлэх, системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч байна. 2016 оны 10 дугаар сарын байдлаар ГВУН 1.0 тэрбум ам.доллар байсан бол Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд шат дараатай бодлогын арга хэмжээ авснаар 2019 оны 3 дугаар сарын байдлаар ГВУН 3.8 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна. Монголбанк энэ хугацаанд Засгийн газраас хэрэгжүүлж буй Алт-2 хөтөлбөрт дэмжлэг үзүүлэн ажиллаж, алтны салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, алтыг орон нутагт худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах, энэ хүрээнд алтны сорьцын лабораторийг Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгээд байна. Түүнчлэн дотоодын банкуудын гадаад зах зээлээс санхүүжилт татах зардлыг бууруулах зорилгоор Урт хугацаат своп хэлцлийн зардлыг бууруулж, гадаад валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
- Хууль эрх зүйн орчны шинэтгэлээс гадна төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран дунд хугацааны бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Монголбанк манлайлан ажилласаар байна. Тухайлбал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд “Зээлийн хүү бууруулах стратеги”-ийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөр батлуулж, эрх бүхий бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Үүнээс гадна санхүүгийн салбарыг хөгжүүлэх зорилгоор “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран баталж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнээс гадна Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Макро зохистой бодлогын стратегийг батлан системийн шинж чанартай эрсдэлийг бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна.
- 2014-2016 оны эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд зээл авсан аж ахуйн нэгжүүдэд хуримтлагдсан өрийн дарамт 2017 оноос хойш чанаргүй зээл хэлбэрээр илэрч байгаа нь цаашид Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхөөр байна. Иймд Монголбанк чанаргүй зээлийг зохистой арга замаар шийдвэрлэх тогтолцоог бий болгох үүднээс “Чанаргүй зээлийг шийдвэрлэх стратеги”-ийг СТБЗ-өөр хэлэлцүүлэн батлуулав. Уг стратегийн хүрээнд холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газартай хамтран ажиллаж байна. Мөн Монголбанкны зүгээс банкуудын чанаргүй зээлийг шийдвэрлэх журмыг боловсруулах, чанаргүй зээлийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зэрэг ажил хийгдэж байна.
Эдгээр бодлогын арга хэмжээний үр дүнд эдийн засагт эерэг үр дүн гарч эхэлснийг сүүлийн үеийн статистикаас харж болно. Тухайлбал, ДНБ-ий жилийн өсөлт 2018 онд 6.9 хувьд, гадаад валютын улсын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч нэмэгдэн, инфляци 2016-2018 онд зорилтот түвшинд хадгалагдаж, Монгол Улсын зээлжих зэрэглэл 2016 онд Саа1 болж хамгийн доод түвшиндээ хүрээд байсан бол В1 болж сайжраад байна.
Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа хэдий ч дунд хугацаанд Монгол Улсын эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр байна. Ойрын 4-5 жилийн хугацаанд төлөгдөх төр болон хувийн хэвшлийн томоохон дүнтэй гадаад өр, төлбөрийг барагдуулахад нийт 13 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоо байна. Иймд эрсдэлийг даван туулах бэлтгэлийг хангах үүднээс олон ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх учиртай. Тухайлбал, ГВУН-ийг цаашид нэмэгдүүлэх, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, банкны салбарын эрүүл мэндийг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох, уул уурхайгаас бусад экспортын чиг баримжаатай салбаруудыг дэмжих, импортыг орлох чадвартай дотоодын үйлдвэрүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаад худалдааг хөнгөвчлөх, дэмжих цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, оновчтой бүтцийг бий болгох, макро эдийн засгийн болон үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс төсвийн сахилга батыг чандлан сахих шаардлага өндөр хэвээр байна. Дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд болон хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг, амлалтуудаа хэрэгжүүлэх явдал туйлын чухал болохыг энд онцлох нь зүйтэй.
Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, эдийн засгийн өсөлтийг нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгох зорилгоор Монголбанкнаас авч буй арга хэмжээ, хүрсэн нааштай үр дүнг зориудаар мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарааж, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад тотгор үүсгэж байгаад бид туйлаас харамсаж байна. Үүссэн нөхцөл байдал нь Монголбанкны үйл ажиллагаанд саад болж байгаа хэдий ч бидний зүгээс үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг тухайд нь авч байгаагаа мэдэгдэж байна" гэсэн байна.