Шинжлэх ухааны академи (ШУА)-иас “Эрдэм” хакатон тэмцээнийг өнгөрсөн сард зохион байгуулсан. Манай улсад саяхнаас л нэвтэрсэн хакатон нь hack болон marathon (hackathon) гэсэн англи үгийн нийлбэр бөгөөд судалгаа, сургалтын үндсэн дээр эрэл хайгуул хийж, шинэ санаа, бүтээлээрээ өрсөлдөх тэмцээнийг ийн нэрлэдэг аж.
Уг тэмцээний хүрээнд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэд баг болон өрсөлдсөн. Ингэхдээ нэг хүрээлэнгийн судлаачид хамтрах бус, салбар бүрийн төлөөллийг хамруулсан баг бүрдүүлж оролцсоноороо онцлог байв. Салбар хоорондын уялдаа холбоог сайжруулж, хамтран судалгаа хийлгэх нь уг тэмцээний гол зорилго гэнэ.
“Эрдэм” хакатоны шилдэг төслүүдийн нэгээр “Монгол хүний бичиг үсгийн чадварын судалгаа” бүтээл шалгарчээ. Энэхүү судалгааг ШУА-ийн Хэл зохиолын, Олон улсын харилцааны, Одон орон, геофизикийн, Философийн хүрээлэнгийн эрдэмтэд хамтран хийсэн байна. Багийн ахлагч, доктор Г.Гэрэлмаатай ярилцлаа. Тэрбээр Хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжлэлийн салбарт ажилладаг юм.
-“Эрдэм” хакатоны гол зорилго нь богино хугацаанд судалгааны шинэ сэдэв санаа олж, түүнийгээ үр дүнд хүргэх юм билээ. Танай багийнхан сэдвээ хэрхэн сонгосон бэ?
-ШУА-иас ийм тэмцээн зохион байгуулсныг талархан хүлээж авсан. Дэлхий нийтэд өдгөө салбар дундын нийлэг судалгаа хийх чиглэл давамгайлж байна. Тиймээс академийн удирдлага салбар хоорондын төслийг хөгжүүлэх зорилгоор хакатон тэмцээн зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэсэн.
Монгол хүний бичиг үсгийн чадвар нь зөвхөн хэл судлаачдын асуудал биш. Тухайн хүний бичиг үсгийн чадвар нь хууль, эрх зүйн орчин, боловсролын түвшин, ажил, мэргэжил, нас зэрэг олон зүйлээс шалтгаалдаг учраас салбар бүрийн мэргэжлийн хүмүүс цогцоор нь судалбал бодитой үр дүнд хүрэх боломжтой. Тухайлбал, манай багийн гишүүн, олон улс судлаач У.Загдцэсэм монгол хүний бичиг үсгийн чадварыг япончуудынхтай харьцуулж, наран улс хүмүүсийнхээ чадварыг яаж хөгжүүлж, хамгаалдгийг тодруулсан.
Харин хуульч Ц.Баянмөнх боловсролын салбарын эрх зүйн орчныг судалсан. Энэ мэтээр өөр салбарын судлаачид хамтран ажиллаж, нэгдсэн дүгнэлт гаргалаа. Хакатон гэдэг нь маш богино хугацаанд шинэ соргог санаа олж, хурдтайгаар хэрэгжүүлэхийг хэлдгийг тэмцээнд ороод л мэдсэн. Шинжлэх ухааны байгууллагын ажилтнуудыг хөгжүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулахад ийм тэмцээн чухал нөлөөтэй юм билээ.
-Судалгаандаа хэчнээн хүнийг хамруулсан бэ. Хэдэн хувь нь бичиг үсгийн чадвартай байв?
-Монгол хүний бичиг үсгийн чадварыг нийгэм шинжлэлийн аргаар судлахдаа 60 хүнийг хамруулсан. 18-30, 30-40, 40-өөс дээш гэсэн насны гурван бүлэгт хувааж, бүлэг тус бүрээс өөр өөр мэргэжлийн 20 хүнээс шалгалт авсан юм. Үсчин, малчин, эдийн засагч, одон орон судлаач, гоо сайханч зэрэг нийт 18 мэргэжлийн хүмүүсийг хамрууллаа.
Түүнчлэн боловсролын түвшнийг нь ч харгалзан, дээд, дунд, бага боловсролтой иргэдийг тэгш оролцуулсан. Тэмцээний үеэр бид маш богино хугацаанд судалгааныхаа асуултыг боловсруулж, хамруулах хүмүүсээ ч хурдан сонгосон. Үр дүнд нь монгол хүний бичиг үсгийн чадварын түвшин 60 орчим хувьтай гарсан.
...18-26 насныхны үсгийн дүрмийн чадвар хамгийн сул байгаа нь тодорхой боллоо. Залуус үсгийн дүрмийг ер анзаарахгүй, нэг их ач холбогдол өгөхөө больжээ. Харьяалахын тийн ялгалын нөхцөлийг дураараа залгадаг, гээгдэх эгшгийн дүрэм баримталдаггүй. Зарим нь р гийгүүлэгчийг латин үсгээр орлуулах жишээтэй. Математикийн мэргэжилтэй нэг хүн “Би кириллээр ерөөсөө бичиж чаддаггүй” гэсэн. Харин үсгийн дүрмээ хамгийн сайн мэддэг нь 30-40 насныхан. 40-өөс дээш настай хүмүүсийн хувьд гадаад үгсийг сайн бичиж чаддаггүй юм байна...
-Монгол хүний бичиг үсгийн чадварыг ямар сорилоор, хэрхэн үнэлсэн юм бол?
-Иргэдээс хоёр шаттай судалгаа хийсэн. Нэгдүгээрт, найруулан бичих чадварыг нь үнэлэхийн тулд ажилд орох өргөдөл бичүүлсэн. Хоёрдугаарт, гадаад, монгол үгс нийлсэн зөв бичих дүрмийн сорил авлаа. Судалгааныхаа дүнг бусад улс орныхтой харьцуулахад монголчууд санаа бодлоо бичгээр илэрхийлэх чадвар өндөртэй байсан. Жишээ нь, ажилд орох өргөдөл бичүүлэхэд санаагаа илэрхийлж чадахгүй хүн байгаагүй.
Харин найруулгын болон хэл зүйн алдаа гаргасан тохиолдол олон гарсан. Тэр дундаа 18-26 насныхны үсгийн дүрмийн чадвар хамгийн сул байгаа нь тодорхой боллоо. Залуус үсгийн дүрмийг ер анзаарахгүй, нэг их ач холбогдол өгөхөө больжээ. Харьяалахын тийн ялгалын нөхцөлийг дураараа залгадаг, гээгдэх эгшгийн дүрэм баримталдаггүй.
Зарим нь р гийгүүлэгчийг латин үсгээр орлуулах жишээтэй. Математикийн мэргэжилтэй нэг хүн “Би кириллээр ерөөсөө бичиж чаддаггүй” гэсэн. Харин үсгийн дүрмээ хамгийн сайн мэддэг нь 30-40 насныхан. 40-өөс дээш настай хүмүүсийн хувьд гадаад үгсийг сайн бичиж чаддаггүй юм байна. Бид богино хугацаанд цөөн хүнийг хамруулж судалгаа хийсэн учраас ерөнхий дүр зураг л гаргасан.
-Манай улсад ийм судалгаа өмнө нь хийж байсан уу?
-Бичиг үсгийн чадварын талаар нарийвчилсан судалгаа өмнө нь хийгээгүй. ШУА-иас 2007 онд “Хэлний бодлогыг оновчтой болгох асуудал” хэмээх нэлээд өргөн хүрээний судалгааг социологичидтой хамтарч хийсэн байдаг.
Ингэхдээ монгол хэлний сурах бичиг, нэр томьёо, гадаад үгийн хэрэглээний талаар судалж, иргэд монгол, гадаад хэлэнд хэрхэн хандаж байгааг ерөнхийд нь дүгнэсэн.
-Монгол хүний бичиг үсгийн чадварын судалгааг цаашид үргэлжлүүлж, илүү өргөн хүрээг хамруулах чиглэлээр ажиллаж байгаа юу?
-Социологичидтой хамтарч салбар дундын төсөл хэрэгжүүлэх саналаа ШУА-ийн удирдлагад мэдүүлсэн. Иргэд монгол хэл, бичигтээ хэрхэн хандаж байгааг нийгмийн бүх хүрээнд тандах зорилготой төсөл. Зарим эцэг, эх “Хүүхдэдээ багаас нь англи хэл сургана” гэдэг. Ийм бодолтой хүн манай улсад хэр олон байгаа бол.
Ер нь монголчууд эх хэл, бичигтээ хэрхэн хандаж байгааг тодруулах зорилготой. Би Хэл зохиолын хүрээлэнд 20 орчим жил ажиллаж буй. Хэрэглээний хэл шинжлэлийн салбарт ажилладаг. Энэ нь иргэд ажил, амьдралдаа хэлийг яаж ашиглаж байгааг судалдаг, 1940-өөд онд Америкт үүссэн чиглэл л дээ.
Манайхан ихэвчлэн онолын түвшинд судалж байсан. Жишээ нь, яаж өргөдөл гаргах, захидал хэрхэн бичих, хүнтэй эелдэг харилцахын тулд яах ёстой зэргийг судалдаг. Уг чиглэл манай улсад нэлээд хөгжиж байгаа. Үүнээс гадна олон салбарын нэр томьёог монгол хэлээр орчуулах судалгаа хийдэг.
-Хэл зохиолын хүрээлэнгийнхэн нэр томьёоны цахим толь бүтээж байгаа гэж сонссон. Энэ ажил ямар шатанд яваа бол?
-Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны монгол, англи цахим сан бүрдүүлж байгаа юм. Бас л салбар хоорондын төсөл. Бид академийнхаа салбар 10 хүрээлэнгийнхнээс тухайн шинжлэх ухааныхаа түлхүүр, тулгуур ойлголтыг илэрхийлдэг нэр томьёог тайлбартай нь цуг авч, хэл зүйн үүднээс нь харьцуулан судалсны үндсэн дээр цахим санд оруулж байна.
Нийт 15 000 үгтэй. Техник, технологийг нь Информатикийн хүрээлэнгийнхэн боловсруулж, бусад нь нэр томьёогоо өгч байгаа. Бүх хүрээлэнгийнхэн хамтарсан гэсэн үг. Нэр томьёонуудыг нэгдсэн сүлжээнд оруулж, тусгай бааз үүсгэдэг олон улсын жишгийг манайх өдий хүртэл нэвтрүүлж чадаагүй л байгаа шүү дээ. Харин уг цахим санг үүсгэж, шинжлэх ухааны тулгуур нэр томьёонуудыг оруулсны дараа салбарлуулан дэлгэрүүлж, үргэлжлүүлэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, салбарын эрдэмтэд нэмж дэлгэрүүлэн хөгжүүлэх боломжтой. Манай хүрээлэнгийнхэн урьд нь Монгол хэлний цахим тайлбар толь бүтээсэн шүү дээ. Уг туршлагадаа үндэслэн цахим сангаа бүрдүүлж байна.
-Мэргэжлийн нэр томьёог орчуулах нь жирийн үгийг монголчлохоос амаргүй, нүсэр ажил байх.
-Салбар бүрт мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо бий. Тэдгээрийг орчуулах нь мэдээж жирийн үгийг монголчлохоос өөр. 1990-ээд оноос өмнө манайх нэр томьёонуудыг орос хэлнээс хуулбарлан ашиглаж байсан. 1990-ээд оноос хойш англи хэлнээс авах болсон. Тиймээс нэр томьёог монголчлох хүн англи, орос хэлээрх хувилбарыг нь харьцуулан судлах шаардлагатай.
Түүнчлэн нэр томьёог орчуулахдаа тухайн мэргэжлийн хүмүүстэй зайлшгүй хамтран ажиллах нь зүйтэй. Бид салбар бүрийн л нэр томьёог орчуулж байна. Жишээ нь, би сүрьеэ өвчинтэй холбоотой 5000 нэр томьёог монголчилсон. Ингэхдээ эмч нартай хамтарч, мэргэжлийн үг хэллэгийг тайлбарлуулж, ухагдахууныг нь судлан, ойлгосны үндсэн дээр монгол нэр оноодог. Энэ нь манай шинжлэх ухааны салбарт урьд нь хийж байгаагүй ажил.
-Жишээ нь, нанотехнологи гэдэгт яаж монгол нэр оноох вэ?
-Бүх нэр томьёог орчуулна гэсэн үг биш. Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бол заавал орчуулахгүй. Олон улс бүгд нано гэж байхад бид орчуулчихвал хүмүүс ойлгохгүй. Мөн химийн элементийг орчуулах боломжгүй. Орчуулчихвал манай улсад химийн шинжлэх ухаан хөгжихгүй шүү дээ. Нэр томьёо тогтоох зарчим энэ мэт олон байдаг.
Хамгийн гол зарчим бол тухайн нэр томьёо салбартаа ямар утгаар хэрэглэгддэгийг тодруулах. Ухагдахууныг нь гүн гүнзгий ойлгож байж л монгол хүнд ойлгомжтой нэр онооно. Манайхан жирийн үг, нэр томьёо, оноосон нэрийг ялгадаггүй.
Гудамж, талбай дахь байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадаад нэрийг харсан хүмүүс “Монгол Улс гадаад шиг болчихлоо” гэх нь бий. “Чарлес” гэдэг нэртэй зоогийн газар үйл ажиллагаа явуулж байснаа хаагдлаа гэж бодъё. Үүний дараа Чарлес гэдэг үг монгол хэлний үгийн санд үлдэхгүй. Ухагдахуун илтгээгүй оноосон нэр учраас монгол хэлийг бохирдуулж буй гадаад үгийн тоонд орохгүй. Тэгэхээр оноосон нэр, нэр томьёо зэргийг ялгаж салгаж ойлгох нь зүйтэй.