Капитал банкны хохирогчдын төлөөлөл болох 100 гаруй иргэнийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүлээн авч уулзлаа. Тэд Ж.Батзандан нарын таван гишүүнээр уламжлуулан, УИХ-д шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад “УИХ, ЭЗБХ, Монголбанк болон Капитал банкны хувьцаа эзэмшигчид хуулиар олгогдсон эрх, үүргээ ноцтой зөрчсөний улмаас төрийн өндөр албан тушаалтнууд хуйвалдаж, хөрөнгө завших бололцоо олгосон нь баримтуудаар нотлогдож байгаа тул 20 сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигч, жирийн иргэд бид Монголбанкнаас хохирлоо гаргуулан авч, харин Монголбанк Бүрэн эрхэт төлөөлөгчөөрөө дамжуулан хохирлоо олж авах нь шударга үнэнд нийцнэ гэж үзэж байна” хэмээжээ.
Түүнчлэн “Капитал банк сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төлбөрийн чадваргүй болчихоод байхад одоо л ийм болсон мэтээр Монголбанк хуурамч мэдээлэл гаргаж, харилцагчдыг хуурч, бодит байдлыг нууж ирсэн. Төрийн эрх мэдэл бүхий хүмүүсийн дэмжлэггүйгээр төлбөрийн чадваргүй ийм банк дөрвөн жил зах зээл дээр оршин тогтнох боломжгүй нь хэнд ч ойлгомжтой” хэмээн хардаж буйгаа илэрхийлжээ.
Капитал банкинд нийт 256 мянган харилцах болон хадгаламжийн данс байгаа бөгөөд үүнээс 221 мянга орчим иргэн, хуулийн этгээдийн дансны 99.5 хувийг даатгасан хэмээн Монголбанкнаас мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, даатгагдсан 20 сая төгрөгөөс доош хадгаламж эзэмшигчдийн мөнгийг Хадгаламжийн даатгалын корпорациас барагдуулах бөгөөд 20 саяас дээш хадгаламжтай иргэдийн хохирлыг банкны өөрийнх нь актив хөрөнгийг борлуулсан орлогоос барагдуулах юм. 20 саяас дээш төгрөг хадгалуулж байсан 1100 гаруй иргэн байгаа бөгөөд тэдний хадгаламжийн дүн 260 орчим тэрбум төгрөг аж. Энэ нь нийт хадгаламжийн 85,8 хувийг эзэлж байгаа аж.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан хохирогчдын саналыг сонссоны дараа “Миний бие Монголбанкны удирдлага, тус газраастомилогдсон Бүрэн эрхэт төлөөлөгч болон хохирогчдыг байлцуулан ойрын хугацаанд Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн Засгийн газарт хандан асуулга тавьж, тодорхой хариултуудыг авах болно.” гэсэн юм.