Кремль Украины зүүн хэсэгт орших өөрсдийгөө тунхагласан Бүгд найрамдах Донецк болон Бүгд найрамдах Луганск улсын оршин суугчдад хялбаршуулсан журмаар ОХУ-ын иргэний паспортыг тараахаар зэхэж байна. Украинд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат явж дуссаны дараа ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин Донецк болон Луганскийн оршин суугчид хялбаршуулсан журмын дагуу Оросын иргэний харьяалал авах эрхийг олгох тогтоолд гарын үзэг зурж магадгүй аж. Энэ мэдээллийг Оросын Төрийн Думын Тусгаар улсуудын холбооны асуудлыг хариуцсан хорооны дарга Леонид Калашников хэвлэлийнхэнд батлан хэлжээ. Эл тогтоолын дагуу бол Донецк болон Луганскийн оршин суугчдад ОХУ-д таваас дээш жил амьдрахад шаардагддаг шалгалт, журам гэлгүйгээр тус улсын паспортыг шууд олгох аж. Ингэхдээ ганцхан нөхцөл тавих бөгөөд тэр нь Донецк эсвэл Лугансийн оршин суугч гэсэн биеийн байцаалттай байж мөн Украин улсын хуучин паспортыг хураалгах ёстой гэнэ. Дээрх хоёр өөрсдийгөө тунхагласан улсын иргэдийн паспортыг солих талаар өнгөрсөн гуравдугаар сард Донецкийн Бүгд найрамдах улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Александр Ходаковский мэдэгдэж байсан. Түүний хэлснээр бол Донбасс дахь дайн хурцадсан тохиолдолд ОХУ өөрсдийн иргэдээ хамгаалах шаардлагатайг мэдэгдэх боломж олгох юм байна. Энэ тухай Луганскийн Батлан хамгаалахын сайд Игорь Стрелков ч мөн дурьдсан аж. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Донецк 2,28 сая, Луганск 1,45 сая байнгын оршин сугчидтай гэж тоологджээ.