Монгол лимбэчид уртын дуу тоглохдоо битүү амьсгаа хэмээх өвөрмөц, давтагдашгүй арга барил бий болгосон нь өдий хүртэл уламжлагдан иржээ. Зөвхөн Монголд л өвлөгдөн үлдсэн энэхүү ховор, хосгүй арга барилыг ЮНЕСКО-гоос Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтад 2011 онд бүртгэсэн.
Битүү амьсгааг дэлхийн өвд бүртгүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг, Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн Хөгжимдөх урлагийн тэнхимийн эрхлэгч, Монголын лимбэчдийн холбооны тэргүүн, доктор Ц.Цэвэгсүрэнтэй ярилцлаа. Дэлхийн өвийг хамгаалах, хадгалах үүргээ манай улс хэрхэн биелүүлж байгааг бид хөндсөн юм.
-Битүү амьсгааг дэлхийд өвийн жагсаалтад бүртгүүлэх санал санаачилга анх хэрхэн гаргасан юм бэ?
-Эл өвийг хадгалж, хамгаалах зайлшгүй шаардлагатай гэсэн санаачилгыг Монголын лимбэчдийн холбооноос гаргаж, тухайн үеийн Соёлын өвийн төвд хандсан. Тус төвийнхөн ч битүү амьсгаа бол яаралтай хамгаалж үлдэх ёстой өв гэж дэмжсэн юм. Ингээд хамтраад тайлан бичиж, ЮНЕСКО-д илгээсэн.
Тухайн үед хэдэн лимбэчин байгааг өөрсдийн хэмжээнд судлан тогтоож, битүү амьсгаагаар уртын дуу лимбэдсэн уран бүтээлчдийн дүрс бичлэгүүдийг нэгтгэн, жагсаалт гаргасан. ЮНЕСКО-гийнхон хоёр жил гаруй танилцаж, шалгасны эцэст үнэхээр өвөрмөц, уламжлалт арга байна гэж үзээд Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалтад бүртгэсэн.
-Монголоос өөр газарт өдгөө энэ аргаар хөгжимддөг үү?
-Битүү амьсгаа бол монголчуудын сэтгэлгээ, урлахуйгаас бий болсон онцлог арга ухаан. Лимбэчин уртын дуугаа өөрийн болгож, урлаж, бясалгаж, хөгжимдөнө гэдэг нь өөр асуудал. Олон улсын үлээвэр хөгжимчид битүү амьсгаагаар хөгжимдөх аргыг сүүлийн үед нэн ашигтай хэмээн үзэж, суралцаж байна л даа.
Тэр хэрээр нэлээд түгээмэл болж буй. Тэгэхээр “Монголчууд тэднээс юугаараа онцлог юм бэ” гэсэн асуулт гарна. Бидний хувьд уртын дуугаа энэ аргаар хөгжимддөгөөрөө өөр, өвөрмөц юм. Тухайн хүний амьсгаа авах болон буцаан зарцуулж буй үйл явц зэрэгцэхийг битүү амьсгаа гэдэг. Хүн харахад амьсгаагаа авч түгжчихээд, түүнийгээ зарцуулж байгаа юм шиг ойлгогддог. Гэхдээ тийм биш.
...Монгол лимбэчид бие махбод, тэвчихүй, бодохуй, сэтгэхүй, бясалгахуй, урлахуй гэсэн шалтгаант дарааллаар битүү дуун хэлхээг үүсгэн, уртын дуугаа урладаг. Монголчуудын бий болгосон уртын дууны утга агуулга, донж маягийг лимбээр илэрхийлнэ гэсэн үг. Уртын дуу лимбэдэх уг арга, ухааныг монголчууд өөрсдөө сэдээд, үеийн үед дамжуулан, уламжлуулж иржээ. Эл өв өдгөө Монголоос өөр газарт байхгүй...
Лимбэдэхдээ амьсгаа авах, гаргах үйлдлийг зэрэгцүүлэн хийж, амьсгалын битүү хэлхээ үүсгэн, уртын дууны айзам хэмнэл, донж маяг, агуулгыг бүрэн илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, монгол лимбэчид бие махбод, тэвчихүй, бодохуй, сэтгэхүй, бясалгахуй, урлахуй гэсэн шалтгаант дарааллаар битүү дуун хэлхээг үүсгэн, уртын дуугаа урладаг.
Монголчуудын бий болгосон уртын дууны утга агуулга, донж маягийг лимбээр илэрхийлнэ гэсэн үг. Уртын дуу лимбэдэх уг арга, ухааныг монголчууд өөрсдөө сэдээд, үеийн үед дамжуулан, уламжлуулж иржээ. Эл өв өдгөө Монголоос өөр газарт байхгүй.
-Дэлхийн өвд бүртгүүлэхээр судалгаа хийж байхад энэ арга барилыг эзэмшсэн хэдэн лимбэчин байв. Одоо тоо нь нэмэгдэж байгаа юу?
-Алдарт лимбэчин, өвгөн багш Л.Цэрэндорж, Гавьяат жүжигчин М.Дорж, М.Бадам, Д.Энхтайван, Ө.Батжаргал, Завханы П.Пүрэвжав гээд ХХ зууны алдарт лимбэчид, бидний багш, ахмад үеийнхний уртын дуу лимбэдсэн цөөн хэдэн бичлэг үлдсэн. Хүмүүс нийгэмшиж, даяарших хэрээр энэ арга гээгдэж, нөгөө талаас үнэлэмж нь буурсантай холбоотойгоор битүү амьсгаагаар лимбэдэх чадварлаг хөгжимчин цөөрсөн байх талтай.
Үүнээс шалтгаалан энэ өв мартагдаж, орхигдоход хүрсэн. Тиймээс үүнийг олон хүнд түгээж, уламжлалаа хадгалахын тулд дэлхийн өвд бүртгүүлэх болсон. Бид тухайн үед битүү амьсгаагаар уртын дуу тоглож байгаа лимбэчдийг тоолоход ердөө 10 хүрэхгүй хүн байлаа. Гэхдээ битүү амьсгааг эзэмшсэн хүн бүрийг хамруулаагүй, уртын дуу лимбэдэх арга, ур ухааныг бүрэн эзэмшсэн, чадварлаг лимбэчдийн тоог л гаргасан.
Суралцаж буй, битүү амьсгаагаар хоёр, гурван уртын дуу лимбэддэг хүмүүсийг оруулаагүй. Энэ өвийг тийм ч амар эзэмшчихдэггүй. Зөвхөн битүү амьсгааг эзэмшинэ гэсэн үг биш. Эхлээд лимбээ уянгалаг эгшиглүүлж сурна. Дараа нь битүү амьсгааг эзэмшинэ. Тэгээд уртын дуу лимбэдэх арга, ур ухааныг олж авна. Багагүй хугацаа зарцуулдаг учраас зарим хүн төвөгшөөх нь бий. Гэхдээ сүүлийн үед сонирхох хүүхдийн тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн жил гэхэд Л.Цэрэндоржийн нэрэмжит мэргэжлийн лимбэчдийн улсын II уралдаанд 30 залуу оролцоход бүгдээрээ л битүү амьсгаагаар уртын дуугаа хөгжимдсөн.
-Энэ өв уламжлал устахын ирмэгт хүрсэн гол шалтгаан юу вэ?
-Олон талтай л даа. Лимбэчин бэлтгэдэг сургууль Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлагийн их сургууль, хуучнаар Соёлын сургуулиас өөр байгаагүй. Тэр хэрээр суралцах хүүхдийн тоо ч цөөрсөн. XXI зууны хүүхдүүд огт өөр дуу хөгжим сонирхдог болчихлоо шүү дээ. Уртын дуу сонсдог хүүхэд хэр олон бол гэж бодоод үз дээ. Цаашлаад уртын дуугаа лимбэдэж байгаа хүнийг хэр сонсох бол.
Хааяа нэг баяр, наадам, лимбэчдийн тоглолт, уралдаануудад тоглож байна. Бусад тохиолдолд уртын дуугаа лимбэдээд, дэлгэрүүлэх орон зай хумигдмал гэж хэлж болно. Энэ мэт олон шалтгаантай. Битүү амьсгаа уг нь монголчуудын дархны урлалд байсан ч харамсалтай нь устжээ. Төмрийн дархчууд маш нарийн чимхлүүр ажилдаа уг аргыг ашигладаг байж. Гэтэл сүүлийн үед техник, технологи хөгжиж, битүү амьсгааг орлох болсноор дархны урлалаас гээгдсэн байх жишээтэй.
-Монголчууд энэ өвөө бүртгүүлснийхээ төлөө олон улсын өмнө ямар үүрэг хүлээсэн бэ. Өвөө хамгаалах чиглэлээр өдгөө ямар ажлууд хийж байна вэ?
-Мэдээж өв тээгч, уламжлагчдын тоог олшруулах ёстой. Лимбэчид сурч мэдсэнээ уламжлуулах, шавь нарынхаа тоог нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд ажиллаж байгаа. Үүний зэрэгцээ битүү амьсгаагаар уртын дуу лимбэдэх монголчуудын арга, ур ухаан ямар учраас онцгой үзэгдэл болдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж буй.
Дүрс оношилгооны ла бораториудаар олон удаа шинжилгээ хийлгэлээ. Үүний үр дүнд битүү амьсгааг хэрхэн зааж, эзэмшүүлэх, сургалтад яаж ашиглавал оновчтой вэ зэргийг тодруулж байна. Мөн Соёлын өвийн үндэсний төвийнхөнтэй хамтран ажиллаж, өв тээгчдийн тоог нэмэх, битүү амьсгааг түгээн дэлгэрүүлэх төсөл бичсэн. Үүнийг ЮНЕСКО-гоос дэмжиж, санхүүжүүлэх болсон.
-Төслөө хэзээнээс хэрэгжүүлэх юм бол?
-Энэ сарын сүүлчээс эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Хамгийн гол ажил нь өв тээгчдийн тоог нэмэгдүүлэх. Үүний дагуу 10 багш баруун, өмнө, төв, зүүн гэсэн дөрвөн бүсэд сургалт явуулна. Гурван жилийн дараа 10 багш тус бүр доод тал нь гурван шавьтай болж, энэ өвийг эзэмшүүлсэн байх зорилт тавьсан. Мэргэжлийн түвшинд явуулж буй сургалтаас гадна шүү. Мэргэжлийн сургуульд орж суралцаагүй авьяастан олон бий.
Хамгийн гол нь тэднийг нээн илрүүлэх. Бүх насныхан сургалтад хамрагдах боломжтой. Эхлээд элсэгчдээ шалгаруулна. Мэдээж авьяас, билигтэй хүмүүсийг шалгаруулж авах ёстой. Тэдэнд хөгжмийн зэмсгийг нь урлаж өгнө. Үлээвэр хөгжмийг дамжуулж хэрэглэж болдоггүй тул оролцогчдынхоо лимбийг зайлшгүй бэлдэх ёстой. Ингээд бүсчилсэн сургалт явуулахын зэрэгцээ судалгаагаа хийнэ, битүү амьсгаагаар лимбэдэж байгаа уран бүтээлчдийн тоог нарийвчлан гаргаж, өмнөхөөс хэр нэмэгдсэнийг тодруулахаар төлөвлөж байгаа.
-Тухайн улс дэлхийн өвийг хэрхэн хамгаалж, уламжлуулж байгааг ЮНЕСКО-гоос шалгадаг уу?
-Бүртгүүлсэн өвөө хамгаалж, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хийсэн ажлын тайланг жил бүр авдаг. Өнгөрсөн хугацаанд энэхүү өвийг эзэмшсэн лимбэчдийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн сургуулиудын сургалтын урын сан дахь уртын дууны тоог олшруулах зэрэгт голлон анхаарлаа.
Мөн манай лимбэчид уран бүтээлээ сурталчлах, битүү амьсгаагаар лимбэддэг бүтээлүүдээр урын сангаа баяжуулах, орон нутгийн театр, чуулгуудын хөтөлбөрт энэ арга барилаар хөгжимддөг бүтээл оруулах зэрэг ажил хийсэн. Цаашид төслөө амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Битүү амьсгаа бол зөвхөн хэдэн лимбэчин авч явах зүйл биш. Залуу үеийнхэнд таниулах ёстой. Олон монгол залуу энэ өвийн арга, ур ухаанд суралцаж, судалж, монгол өв соёлоороо бахархаж, үеийн үедээ дамжуулан үлдээгээсэй гэж хүсэж байна.