Сүүлийн үеийн сенсаацийн "эзэн" болоод буй Б.Ундармаа гишүүний попрол нэлээд хэдэн жилийн өмнөөс үүдэлтэй аж. Тодруулбал, дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд Б.Ундармаа Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын суудалд санаархсаж байжээ. Түүхийг эргэн сануулъя. Өнөөдөр сонины архиваас...
Хөрөнгийн биржийг тойрсон бэсрэг зодоон өрнөж байна. Уг нанчилдаан МАН-ын эмэгтэй кадруудын нэг, “Бишрэлт” группын эзэн Б.Ундармаа Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын суудалд санаархсанаас үүдэв. Засгийн газарт хамтарсан МАН яам, агентлаг, цаашлаад төрийн өмчит компаниудад гишүүдээ шургуулж эхэлсэн. Үүний үйлдэл, өрнөлийн нэг эзэн нь Б.Ундармаа юм. Саяхан хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, Б.Ундармааг гүйцэтгэх захирлаар томилох асуудлыг хэлэлцсэн. Сангийн яам хөрөнгийн биржийг удирдлагаар хангадаг болсон учир Ж.Эрдэнэбат сайдын “цэргүүд” Б.Ундармааг дэмжихээс өөр сонголтгүй.
Харин Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооноос томилогдсон болон хараат бус гишүүд Сангийн сайдаас айхгүй. “Голомт” банкны ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Ө.Ганзориг хөрөнгийн биржийн ТУЗ-д хараат бус гишүүний үүрэгтэй. Түүнийг “Б.Ундармаа хөрөнгийн биржид бүртгэлтэй хэд хэдэн компанийн хувьцааны хяналтын багцыг гэр бүлийн хамт эзэмшдэг. Ашиг сонирхлын зөрчилтэй учир дэмжихгүй” гэж зүтгэсэн гэх яриа тэнэж явна. Ингээд Б.Ундармааг биржийн гүйцэтгэх захирлаар томилоогүй юмсанж. Б.Ундармаа биржийн захирал болохоор санаа шулуудсан бололтой. Өнгөрсөн баасан гаригт эзэмшлийнхээ хувьцаануудыг зарсан гэж эх сурвалж мэдээлж байна.
Өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй хувьцаануудыг хэн нэгэн рүү шилжүүлсэн байж таарна. “Монгол мах экспо” компанийн 49 мянга гаруй хувьцаа буюу нийт хувьцааны 15 хувийг, “Бишрэлт индастриал”- ын 53 мянга гаруй ширхэг үнэт цаас буюу 7.6 хувийг арилжжээ. Ингэхдээ үнийг нь 50-аас илүү хувиар хямдруулсан нь олны анхаарлыг татав. “Монгол мах экспо” компанийн өмнөх өдрийн арилжааны хаалтын ханш 1550 байжээ. Үүнийг 800, “Бишрэлт индастриал”-ынхыг 700 төгрөг болгон хямдруулж арилжсан. “Бишрэлт индастриал”-ын хувьцааны хаалтын ханш 1850 төгрөг байсан юм. Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар хамгийн түрүүнд шүүрч аваад сэжигтэй багцын арилжаа хийсэн учир шалгана гэж лүндэгнэлээ.
Тэд Б.Ундармааг манипуляц (хувьцааны ханшийг зохиомлоор өсгөх, бууруулах) хийсэн гэж үзэж байх шиг. Тэр манипуляц хийгээгүй. Харин Монголын хөрөнгийн биржийн олгосон боломжийг л ашигласан. Бирж багцын арилжааны системдээ ямар нэг хязгаарлалт тавьдаггүй. Сэжигтэй арилжаа хийсэн гэж үзэж байгаа бол тэрийг нь гүйцэлдүүлж өгсөн Д.Ангар өөрөө буруутай. Биржийн жижиглэн арилжааны системд хувьцааны ханшийг 15 хувиас илүү өсгөхгүй байх, буруулахгүй байх хязгаарлалт бий. Харин ч Д.Ангар үйл явдлын өрнөл дунд “манипуляц” хийчихлээ. Арай ч дээ.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид энэ үйлдлийг зэмлэж байна. Магадгүй тэр хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар “жинхлэх” сонирхолтой ч юм бил үү. Ямартай ч Б.Ундармааг эсэргүүцэх ямар нэг ашиг сонирхол байна. Энд Б.Ундармаагийн түмэн зөв, тэр хөрөнгийн биржийн захирлаар ажиллах ёстой гэж хэлэхийг зорьсонгүй. Б.Ундармаа хөрөнгийн биржийн захирлаар ажиллах ёсгүйг олон хүн мэдэж байгаа. УИХ-ын гишүүний суудлын төлөө “улангассан” нэг хүүхэнд хөрөнгийн биржийг өгөх нь, ямар үйлийн үртэй зах зээл вэ гэж хөрөнгө оруулагчид шогширч байна. Хөрөнгийн биржийн хувь заяаг улс төрөөс бүрэн ангид, чадалтай мэргэжилтэнд яагаад атгуулж болдоггүй юм бол. МАН арай ч дээ.