Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 70 шүргэж яваа эгчийгээ үзүүлэхээр очсон нэгэн танил “Эмнэлгүүд амар болчихжээ. Эгчийг ийш тийш нь явуулалгүй, тасагтаа ЭХО-д харж, шинжилгээнүүдээ аваад, хариуг тэр доор нь гаргаад хэвтүүлчихлээ” хэмээн ярив. Яаралтай тусламж цаг алддаг, байнга шахам хүлээлгэдэг, дараалал ихтэй зэрэг иргэдийн гомдол ийн цөөрч байгаа нь С.Алтансүх эмчийн гавьяа.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт 22 жил ажиллахдаа яаралтай тусламжийн тасгийг дэлхийн жишигт нийцүүлэн, орчин үеийн загвартай болгох ажлыг санаачлан хэрэгжүүлжээ. Түүгээр ч зогсохгүй Яаралтай тусламжийн эмчийн мэргэжлийн индекс батлуулж, сургалтын хөтөлбөр боловсруулан, улсын хэмжээнд дээрх чиглэлээр эмч нарыг бэлтгэж байна.
Түүний энэ зүтгэлийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо үнэлж, 2019 оны “Алтан чагнуур”-ын эзнээр тодруулсан юм. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор С.Алтансүх эмчтэй ярилцсанаа хүргэе.
-Яаралтай тусламжийн тасгийг орчин үеийн загвараар зохион байгуулсан гэдэг нь ямар горимоор ажиллахыг хэлж байна вэ?
-Энэ салбар харьцангуй залуу, 40 жилийн түүхтэй. Анхны эмч нарыг 1998 оноос Өмнөд Солонгост бэлтгэж эхэлсэн. Манай эмнэлэг 2012 он хүртэл Хүлээн авах тасагтаа хоёр ортой, нэг эмч, мөн тооны сувилагч ажиллуулан, яаралтай тусламж үзүүлдэг нэртэй байлаа.
Өөрөөр хэлбэл, яаралтай тусламж хүссэн өвчтөнүүдийг тасаг руу шилжүүлдэг үүрэгтэй байв. Энэ нь эмнэлгийн дотоод үйл ажиллагаанд ч сөрөг нөлөөтэй. Эмч нараа өдөр, шөнөгүй дуудаж, үйлчлүүлэгчдийг ийш тийш нь зөөдөг учир хэл ам байнга гарна. Тиймээс 2012 онд Яаралтай тусламжийн тасаг байгуулж, бүгдийг нэг доор төвлөрүүлсэн. Эл тасагт хүн оношилж, эмчилдэг болгосон гэсэн үг. Өдгөө тасаг найман ортой, хоёр эмч, 12 сувилагч, дөрвөн туслах, нийт 30 ажилтантай.
Өмнө нь Хүлээн авах тасагт мэргэжлийн эмч байдаггүй, тэтгэвэртээ гарах гэж буй болон шинээр ажилд орсон хүмүүсийн дамжин өнгөрдөг бааз байсан гэхэд болно. Одоо бол Яаралтай тусламжийн тасагт мэргэшсэн эмч нар ажиллан, бүх л тусламж, үйлчилгээг гардан үзүүлж байна. Оношоо тодруулсны дараа тасгийн эмч нартайгаа зөвлөлдөөд хэвтүүлэх, эсэхийг шийддэг.
-Улсын хэмжээнд нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг танай эмнэлэг ачаалал ихтэй байх нь ойлгомжтой. Яаралтай тусламжийн хэчнээн төрлийн үйлчилгээ үзүүлдэг юм бол?
-Улсын нэгдүгээр төв эмнэлэг 21 төрлийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр үйлчилгээг авах гэсэн хүмүүс, дээр нь 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгүүдээс онош нь тодроогүй, хүнд өвчтөнүүд ирдэг. Өмнө нь өдөрт 20-30 хүн үйлчлүүлдэг байсан бол одоо 100-120-д хүрсэн.
Яаралтай тусламжийн тасагт зүрх нь зогссон, их хэмжээний цус алдаж буй, сэргэхгүй болсон хүмүүс хүргэгдэж ирнэ. Тиймээс хугацаа алдалгүй, шуурхай арга хэмжээ авдаг болсон. Үүний үр дүнд бусад тасгийн ажиллах нөхцөл ч сайжирсан.
Өмнө нь архаг хууч өвчнийг эмчилдэг тасагт цус алдсан хүнийг шилжүүлснээс болж төлөвлөгөөт эмчилгээ, цагийн тариа хоцорч, тасардаг байлаа шүү дээ. Тэгээд ч зөөвөрлөх явцад өвтөний бие муудах нь энүүхэнд. Бид сүрьеэгээс бусад өвчнийг оношилж, эмчилж байна.
-Мэргэшсэн эмчийг ганцхан танайх бэлтгэдэг үү?
-Энэ чиглэлийн эмч нарыг хоёр жилийн хугацаанд сургадаг. Одоогоор 54 хүн яаралтай тусламжийн мэргэшсэн эмч болоод байна. Мөн бусад мэргэжлийн эмч нарыг таван сарын хугацаанд сурган, 124 хүнд үнэмлэх олголоо. Орон нутгийн эмч нар ч яаралтай тусламж гэж юу болохыг мэддэг болсон. Одоогоор ганцхан манай эмнэлэг л улсын хэмжээнд дээрх сургалтыг зохион байгуулдаг.
Яаралтай тусламжийн тасаг орчин үеийн загвараар хөгжөөд удаагүй тул хүний нөөцийн эрэлт ихтэй. Хүн өвдөөд, яарч сандарсан үедээ л эмнэлгийн тусламж хүсдэг. Тэр үед нь яаралтай тусламж хэрхэн үзүүлж байгаагаас тухайн улсын эрүүл мэндийн системийг үнэлдэг. Олон улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээг архаг болон цочмог үеийнх гэж хоёр хуваадаг. Өвчний цочмог үед нь яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх нь хамгийн чухал.
-Яаралтай тусламжийн тасгийн шинэ загварыг бусад эмнэлэг хэр нэвтрүүлж байна вэ?
-Мэргэжлийн эмч нар дутмаг байгаагаас эмнэлгүүд Яаралтай тусламжийн тасгаа орчин үеийн загварт оруулах боломжгүй байна. Төв эмнэлгүүд эхнээсээ тасгаа өөрчилж эхэлсэн. Гэхдээ тусламж, үйлчилгээгээ цогц нэвтрүүлсэн нь алга. Мэргэжилтнээ сургана, дадлагажуулахад хугацаа шаардана.
Уг нь 2012 онд Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, эмнэлгүүдийг Яаралтай тусламжийн тасаг байгуулах үүрэг өгсөн. Гэвч дадсан юмыг өөрчлөх төвөгтэй. Олонх нь тасагтаа хоёр ор оруулж тавиад, “хүлээн авах” гэсэн нэрээ “яаралтай тусламж” гэж өөрчлөөд л өнгөрсөн. Үйлчилгээ нь бахь байдгаараа. Тасаг хооронд зуучлах үйлчилгээ үзүүлсээр байна. Удирдлага нь ч үүнийг ойлгож, дэмждэг байх ёстой. Яаралтай тусламжийг нэг доор төвлөрүүлснээр эмнэлгүүд маш их зардал хэмнэнэ.
-Амь тэнссэн үе, амилуулах суурь болон лавшруулсан тусламж гэж юуг хэлж байна вэ. Энэ талаар таныг сургалтын багц хөтөлбөр боловсруулсан гэж дуулсан?
-Амь тэнссэн үе гэдэгт дугаар харгалзахгүй үйлчлүүлэх хүмүүс багтана. Амь нас нь хутганы ирэн дээр байна гэсэн үг. Үүнд тархины харвалт, зүрхний шигдээстэй, их хэмжээний цус алдсан, гэмтэж бэртсэн өвчтөн хамаарна. Амь тэнссэн үеийн тусламж үзүүлэх хугацааг анагаах ухаанд “алтан цаг” гэж нэрлэдэг. Эл хугацаанд л эмч арга хэмжээ авч чадахгүй бол хэчнээн баян хүн, хэдий чадвартай доктор байсан ч оройтох болно.
Эмч, эмнэлгийн ажилтан, энгийн иргэд хүртэл сурах ёстой эрүүл мэндийн анхан шатны мэдлэг бол амилуулах суурь тусламж юм. Бурхан хүнд таван минут л өгдөг. Зүрх нь зогссон хүнд цээж шахах, хиймэл амьсгал хийх чадвартай байхыг орчин үед хүн бүхнээс шаардаж байна. Гэмтэгсдийг аврах тусламж, үйлчилгээ нь лавшруулах үйлчилгээнд хамаарна.
Анагаахын шинжлэх ухаан улам нарийсаж, ганцхан зовхи оёдог мэргэжил хүртэл бий болжээ. Насаараа зүү тавьж, шүд өрөмдөх байлаа ч амь тэнссэн үе, амилуулах суурь болон лавшруулсан тусламжийн чиглэлээр заавал мэргэших ёстой. Хоёр жил тутам нэг удаа эл сургалтад суухыг олон улсад зөвлөдөг. Үгүй бол ажилд авахгүй, лицензийг нь сунгадаггүй.
Тиймээс бид ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран яаралтай тусламжийн эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрөө шинэчилж, батлуулах гэж байна. Шинэ хөтөлбөрт бусад мэргэжлийн эмч нар яаралтай тусламжийн чиглэлээр заавал эзэмшвэл зохих мэдлэгийн жагсаалтыг тусгаж, багцална. Сургалтад суухгүй бол цаашид тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй байх тушаал, шийдвэр гаргах болсон.
-Таныг хичээлээ өвөрмөц заадаг гэж дууллаа. Сургалтаа хэрхэн явуулдаг вэ?
-Төгсөлтийн дараах сургалтын үеэр лекц уншаад л өнгөрөх ёсгүй. Эмчийг ур чадвартай болгоход энэ сургалтын утга оршино. Хүний эрүүл мэндтэй холбоотой сургалтуудыг эхлээд дуураймал орчинд, дараа нь хүн дээр хийдэг. Тиймдээ ч манайх сургалтдаа хиймэл хүн ашигладаг. Хатгахад, арьсийг нь зүсэхэд цус гардаг, бүр өөхөн давхаргатай “хүн” шүү. Цээжинд нь гуурс тавих, үнхэлцгэн хөндийд нь хатгахад хий гардаг гээд яг л амьд юм шиг.
Суралцагчдад мэдлэг олгосны дараа түүн дээр үлгэрчилсэн тоглолт хийлгэн, алдааг нь засаж, сайжруулдгаараа давуу талтай. Эмчийг шийдвэр гаргах чадвартай болгох нь сургалтын бас нэг зорилго. Төгсөлтийн дараах сургалтыг өөрчлөх хэрэгтэй. Суралцагчийнхаа тооноос багш нь олон байдгийг харуулж, бусдадаа үлгэрлэхийг зорьж байна.
-Энэ төрлийн мэргэжил сонгосон, ажиллаж байгаа хүмүүс хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой юм бол?
-Би эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч. Гэхдээ одоо миний мэргэжил гурав салсан. Яаралтай тусламжийн эмчийн мэргэжлийг маш их сэтгэлтэй хүн л сонгодог. Учир нь хамгийн хэцүү салбар. Цаг наргүй ажилладаг. “Маргааш хагалгаанд орно” гэсэн сэтгэлийн бэлтгэл тэдэнд байдаггүй. Шингэн сэлбэх үү, үгүй юү гэдгээс хүний амь шалтгаалж байдаг тул асар хурдтай ажиллахыг шаарддаг.
Гэхдээ энэ мэргэжлийг эзэмшсэн байхад хаана ч газардахгүй. Үргэлж манлайлагч байдаг. Үхэл, амьдралтай нүүр тулж, айдгаа авдартаа хийсэн улс аргагүй биз. Гэтэл сүүлийн үеийн залуус үений мэс засалч, дүрс оношилгооны эмч зэрэг мөнгө их олдог, ачаалал багатай мэргэжил сонгох болж. Тиймээс яаралтай тусламжийн салбарт ажиллагсдын цалин, нийгмийн хамгааллын асуудалд анхаарахгүй бол яваандаа энэ мэргэжлийг сонгосон хүмүүс ч урваж мэднэ. Одоо л анхаарах хэрэгтэй.
-Тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Яаралтай тусламжийн тасгийн стандарт боловсруулах шаардлагатай. Амралт гэж байдаггүй учир тоног төхөөрөмжүүдийг өдөр, шөнөгүй ажиллуулсаар элээдэг.
Эмчилгээний үр дүнг дотрын тасгийнхан шиг хувиар ярих боломжгүй. Хэдий хугацаанд тусламж үзүүлж байгаагаас үр дүн шалтгаалдаг. Тиймээс MRI болон CT-даа цаг алдалгүй харж, онош тодруулна. Яаралтай ирсэн 100 өвчтөний 30-40 нь хүнд өвчтэй, үлдсэн нь бүр хүнд буюу амьсгал, зүрх нь зогссон хүмүүс байдаг гээд бод. Цагийг нь олж, амь аврах нь тасгийн зохион байгуулалтаас шууд хамааралтай.