Малайзын ард түмэнд зориулагдсан хэдэн тэр бум доллар тус улсын 1 MDB төрийн сангаас дэлхийн санхүүгийн сүлжээ дунд ор сураггүй алга болжээ. АНУ-ын Хууль зүйн яам болон Малайзын мөрдөн шалгах байгууллагуудын үзэж буйгаар энэ их мөнгө нэр нөлөө бүхий хэдхэн хүний халаасанд орж тансаг үл хөдлөх хөрөнгө, Ван Гог болон Монегийн бүтээлүүд, хувийн онгоц, Холливудын киноны зураг авалтад зарцуулагдан үрэгджээ. 1MDB сангийн санхүүгийн луйвар дэлхий дахинд маш их шуугиан тарьсан юм. Швейцарын банкууд, оффшор бүсүүд, Зүүн өмнөд Азийн зарим орнууд орооцолдон сүлжилдсэн эл санхүүгийн луйврын хэргийг тайлах гэж дэлхийн зургаан орны эрх баригчид оролдож байна. Эл дуулиант хэрэг Малайз улсын тусгаар тогтнолоо олсон цагаас эхлэн эрх барьсан намыг нуран унахад хүргэлээ. Тэр битгий хэл Уолл-стритийн хамгийн нөлөө бүхий Goldman Sachs банк хүртэл эрүүгийн хариуцлагат татагдаад байгаа ажээ. Сүүлийн долоо хоног дэлхийн анхаарлын төвд Малайзын нийслэл Куала-Лумпурт болж буй тус улсын Ерөнхий сайд асан, 1MDB сангийн тэргүүн асан Нажиб Разакийг шүүх хурал ороод байна. Энэ шуугианд нэг талаас улсын сангийн мөнгөний хөдөлгөөний араас уйгагүй дагаж мөрдсөн сэтгүүлчид нөгөө талаас сангийн хөрөнгөнөөс завшсан олон улсын дээдсүүд оролцож буй агаад аль аль нь ёстой л үлгэр туульс шиг түүхийг өгүүлж байгаа аж. Энэ түүхийн гол баатар Нажиб Разаки юм. Малайзын Ерөнхий сайд асан тэрээр 2009 онд улсынхаа эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор маш зоригтой эрч хүчтэй алхам хийж улсын сан байгуулжээ. Есөн жилийн дараа тус сан ийнхүү түүнийг албан сэнтийгээс нь унагаж, улс төрийн хаанчлалыг нь төгсгөл болгов. Нажиб Разак Малайзын хоёр дахь Ерөнхий сайдын ууган хүү ажээ. Түүний авга ах тус улсын гурав дахь Ерөнхий сайд. Тэгэхээр Разак аргагүй улс төрийн элит гаралтай нэгэн.
Түүнийг Малайзыг хагас зуун жил эрх барьсан намын дарга болоход бүгд л түүнийг хувь заяаныхаа зурсан замаар явж байна хэмээн боджээ. Нажиб бол барууны үзэлтэй хүн. Английн Мальерн-колежийг дүүргэж, Ноттингемийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцсан байна. Түүний олсон боловсрол мөн “аядуу зөөлөн исламын” бодлого нь Дэвид Кэмерон болон Барак Обама зэрэг барууны улс төрчдийн хүрээлэлд орох үүдийг нээжээ. Гэхдээ түүний засаглалын эхэн үеэс л хэл ам тасрахгүй дагасаар иржээ. Ерөнхий сайд болохоосоо өмнө, Батлан хамгаалахын сайд байхдаа 2002 онд Францын шумбагч усан онгоцыг худалдаж авах гэрээтэй холбоотой асуудал түүнийг ороох болсон юм. 1,2 тэрбум долларын худалдан авалтын гэрээ хийснийхээ төлөө тэрбээр Францын талаас 130 сая доллар шагналд авсан гэлцдэг. Мэдээж Нажиб үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй.Энэ гэрээний үеэр хэлмэрчийн үүрэг гүйцэтгэж байсан манай улсын иргэн Алтанцэцэгийн аллага Ерөнхий сайдыг дагасан томоохон асуудлын нэг болсон юм. Францын эрх баригчид уг хэргийг мөрдөн шалгах ажлыг явуулж байгаа бол Малайзын шинэ засгийн газар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Харин Нажиб Разак өөрөө Алтанцэцэгтэй хэзээ ч танил байгаагүй хэмээн зүтгэдэг аж. Нажиб 1MDB санг Малайзын байгалийн баялгийн стратегийн хөрөнгө оруулалтыг удирдах зорилгоор 2009 онд байгуулсан бөгөөд 2015 оноос эхэлж сангийн талаар анхны түгшүүртэй мэдээ сонсогдох болсон байна. Тэр үед тус сан банкны болон бондын зээлийн хүү болох 11 тэрбум долларын өрийг хугацаанд нь төлж чадаагүй аж. Гэхдээ мөрдөгчид болон сэтгүүлчид тухайн үед тус санд юу болоод байгааг хэдийнээ ажиглаад эхэлчихсэн байжээ. 2016 оны долдугаар сард АНУ-ын хууль зүйн яам 3,5 тэр бум доллар луйвардсан иргэний нэхэмжлэлийн хэргийг нээжээ. Хожим мөнгөний хэмжээ 4,5 тэрбум болж өссөн байна.
“Албаны хэсэг хүмүүс тус улсын сангийн хөрөнгийг хувийн данс шигээ ашиглаж байж” хэмээн АНУ-ын Ерөнхий прокурор Лоретта Линч мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэлд хэрэгт холбогдсон бүх хүмүүсийн нэр дурдагдсан ч “Малайзын №1албаны хүн ” гэсэн нэрэн дор Нажиб Разак байсан гэж хожим Малайзын засгийн газар нотолжээ. Америкийн прокуроруудын үзэж буйгаар тэрээр тус сангийн хөрөнгөнөөс 681 сая доллар завшсан ч дараа нь ихэнх хэсгийг эргүүлэн өгчээ. Разакийг засгийн эрхэнд байх хугацаанд Малайзын хуулийн байгууллага түүнийг бүрэн цагаатгасан ч өнгөрсөн жилийн сонгуульд ялагдсанаас хойш түүний хувь заяа тун бүрхэг болжээ. Цагдаагийн ажилтнууд Разакийн хэд хэдэн байранд нэгжлэг хийж олон тооны тансаг эдлэл болон 28,6 сая долларын бэлэн мөнгийг хураасан байна. Одоогоор түүний эсрэг авилга, бохир мөнгө угаасан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гээд нийт 42 хэрэг үүсгээд байгаа аж.
Разакийн эхнэр Росма Мансорын үрэлгэн зан үлгэрийн шуналт эмгэнтэй зүйрлүүлж болох аж. Нөхөр нь албан тушаалаас огцорсны дараа 67 настай Мансор хатагтайг мөнгө угаасан мөн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгажээ. Тэрээр нөхрийнхөө адил буруугаа хүлээхгүй байгаа аж. Энэ эмэгтэйн тансаг эдлэлд шунах зан бүр хүмүүсийн инээдийг хүргэдэг гэнэ. Тэрээр жирийн хүмүүсийн амьдралын тухай ойлголтгүй болоод удаж байгаа аж. 2018 онд цагдаагийнхан хатагтай Мансорын байрнуудад хийсэн нэгжлэгийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл өргөн мэдээлсэн юм. Нийгмийн сүлжээгээр Мансорын гэрээс хураагдсан хэдэн арван дэлгүүрийн тэрэг дүүрэн эд зүйлсийн зураг тархсан байдаг. 500 ширхэг маш үнэтэй брэндийн гар цүнх, хэдэн зуун бугуйн цаг, 270 сая долларын үнэ бүхий 12 мянган ширхэг үнэт эдлэл зэрэг хураагджээ. Росма Мансорын болон түүний амьдралын хэв маяг, Hermes брэндийн цүнхэнд эрүүл бишээр дурладаг тухай сошл ертөнцөөр шуугин хэлэлцдэг аж. Түүнийг шүүхийн өмнө ирэхэд Малайзын нийгэм хийсэн гэмт хэргийг нь гэхээсээ өмссөн зүүссэнийг нь илүү сонирхсон гэдэг.
1MDB сангийн санхүүгийн луйврын гол сэдэгч, зохион байгуулагчдын нэг Лоу Таек Жо гэдэг санхүүгийн мэргэжилтэй хятадын эрлийз залуу байдаг аж. Тэрээр тус санд ямар ч албан тушаал хашдаггүй байсан хирнээ байгууллагын үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг нэгэн байжээ.Чухамхүү өөрийн холбоо сүлбээ, гүйлгээ ухаанаараа амжилтад хүрсэн Лоу Таек Жогийн тухай “Тэрээр олонд Жо Лоу гэдэг нэрээр танигдсан бөгөөд 1MDB-ийн хэрэгт хамгийн сонирхол татсан хүний нэг. Тус сангийн санхүүг бүхэлд нь авч үзэх юм бол Жо Лоу болон энэ хэргийн оролцогчдийг хооронд нь холбосон салаа гэсэн 2 дүр зураг гарч ирдэг. Жо Лоу бол энэ олон тэрбумын луйврын санхүүг бүхэлд нь мэддэг цорын ганц хүн байжээ” гэж 2018 онд хэвлэгдэн гарсан сэтгүүлч Брэдли Хоуп болон Том Райт нарын “Тэр бум долларын халим” нэртэй номд бичсэн байдаг. Жо Лоу тус сантай хувь хүн, байгууллагуудыг гэрээ хийлгүүлэхийн тулд өргөн олон танил тал, улс төрийн холбоо сүлбээгээ ашигласан гэж Америкийн прокурорууд үздэг. Тэрбээр олон сая долларыг хээль хахуульд зарцуулж, олон тэр бум долларыг АНУ-ын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан угааж, дэлхийн хамгийн үнэтэй урлагийн бүтээл, үл хөдлөх хөрөнгө худалдан авч бас Холливудын киноны санхүүжилтэд үрсэн байна. Тансаг хүлээн авалтууд зохион байгуулж, Арабын орнуудын хаадын гэр бүлийнхэнтэй болон алдартнуудтай үерхсээр Жо Лоу богино хугацаанд дэлхийн дээдсийн хүрээлэнд багтаж чаджээ. 2012 онд Лас-Вегаст хийсэн төрсөн өдрөөр нь түүнд бэлэглэсэн том бялуунаас дуучин Бритни Спирс гарч ирсэн гэдэг. Гэвч Нажиб Разакийн засаглал унасан явдал Жо Лоуд хүнд цохилт болжээ. Түүний эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд одоо тэрбээр олон улсад эрэн сурвалжлагдаж байна. Түүний байгаа газар нь тодорхой бус ч тэрээр өөрийн албан ёсны сайт дээрээ гэм буруугүй гэдгээ байнга нийтэлдэг аж.
1MDB санхүүгийн луйврын бас нэг оролцогч бол дэлхийн нөлөө бүхий Goldman Sachs банкны төлөөлөгч Тимоти Лейсснер ажээ. 2008 оны санхүүгийн хямралын үеэр түүний Зүүн-Өмнөд Азийн орнуудад тэр дундаа Малайзад ажилласан хугацаанд Goldman Sachs банк чамгүй ашиг олсон бөгөөд Лейсснер өөрөө тус банкны Зүүн-Өмнөд Ази дахь салбар компанийн захирал болжээ. Гэхдээ хамгийн том ашгаа тэрбээр Жо Лоутай танилцсаны дараа олсон аж. Өмнө нь үйлчлүүлэгчдийн найдвартай эсэхийг шалгадаг шинжээчид Жо Лоугийн хөрөнгийн эх үүсвэрт болгоомжлол гаргасныг үндэслэн “Goldman Sachs” банк түүнтэй хамтран ажиллахаасаа татгалзаж байжээ. Гэсэн хэдий ч Лейсснер болон Goldman Sachs банкны өөр захирал Рожер Hr нар үйлчилгээгээ өргөтгөхийн тулд Лоугийн холбоо сүлбээг ашигласан байна. Тус банк нь 2012, 2013 онд 1 MDB санд 6.5 тэрбум доллар босгохын тулд гурван удаагийн бондын арилжааг зохион байгуулж, баталгаа гаргасны үйлчилгээнд 600 сая доллар авчээ. АНУ-ын хууль цааз Тимоти Лейсснерыг мөнгө угаах зорилгоор хуйвалдсан, гадаадын албан тушаалтнуудад хээль хахууль өгч авилгалын эсрэг хууль зөрчсөн зэрэг хэрэгт буруутгасан бөгөөд Лейсснер өөрөө ч гэм буруугаа хүлээсэн байдаг.Харин Малайз хууль сахиулагчид Лейсснерын ч, Рожер Hr ын ч “Goldman Sachs” банкны эсрэг ч эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.
Дэлхийн соёл урлагийн одод эл луйврын хэрэгт орооцолдсон нь бүхний сонирхлыг татаад байна. Жо Лоу Холливудын олон одтой танил бөгөөд тэдэнтэй багагүй цагийг хамт өнгөрөөдөг байж. “Оскарын шагналт” жүжигчин Леонардо Ди Каприогийн 2013 онд тоглосон “The Wolf of Wall Street” уран сайхны киноны продюсерыг Нажиб Разакийн хүү Риза Азиз хийсэн байдаг. Уг киноны дүрээрээ Ди Каприо “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртсэн бөгөөд тайзан дээрээс Лоу болон Азизд баярласан талархснаа илэрхийлж байсан юм. Америкийн мөрдөн шалгах байгууллагын ажилтнууд уг киноны санхүүжилт 1MDB сангаас эхтэй хэмээн үзжээ. Харин жүжигчин Леонардо Ди Каприо мөрдөн шалган ажиллагаанд туслахаа амлан Жо Лоугийн өөрт нь бэлэглэсэн гэх Пикассогийн зургийг шүүхийн эрх баригчдад шилжүүлсэн байна.
Америкийн хөгжимчин продюссер Дин болон түүний супер од эхнэр Киз нар мөн л Лоугийн дотнын найз нарын тоонд ордог. Хөгжимчний өөрийнх нь ярьж буйгаар тэрээр Жо Лоуг урлагийн бүтээлийн зах зээлийн аваргуудтай танилцуулсан бөгөөд Жо шинэ танилуудыгаа ашиглан Ван Гог болон Монегийн бүтээлүүдийг мөн л сангийн мөнгөөр худалдаж авсан ажээ.
Хэрэв сэтгүүлчдийн эрэн сурвалжлаг, уйгагүй хөдөлмөр байгаагүй бол эл луйвар хэзээ ч ил гарахгүй байсан биз. Тэд олон жилийн турш тус сангийн эргэн тойронд болж буй үйл явдлын талаар шуугиан дэгдээсэн нийтлэлийг ар араас нь бичсээр эрх баригчид, хуулийн байгууллагын анхаарлыг татсан юм. Тэдний энэ ажил амар байгаагүй нь мэдээж. Малайз гаралтай Британийн сэтгүүлч Клер Браун 10 жилийн турш Малайзын эрх баригчидтай холбоотой хэргүүдийг судалсан байдаг. Түүний эрхэлдэг “The Sarawak Report” сайт Малайзын нэгэн мужийн санхүүгийн луйврыг судлан нийтэлжээ. Эрэн сурвалжлахын явцад 1MDB сангийн анхны гэрээнүүд эл мужид хийгдсэн байсан нь сэтгүүлчийн анхаарлыг татсан байна. 2013 онд тэрээр Нажибын хүү Азиз ““The Wolf of Wall Street” киноны продюсерыг хийсэн тухай мэдээлэл олжээ. “Тэр үеэс л эхэлж би ухаж эхэлсэн. Хэдий маш их бэрхшээл, саад тотгор учрахыг мэдэж байсан ч энэ чухал түүхийг тойрч чадаагүй юм” гэж сэтгүүлч ярьсан байдаг. Сангийн мөнгөний урсгал гүйлгээг анхааралтай ажигласны үр дүнд шуугиан дэгдээсэн нийтлэлүүд бичих болжээ. Брауны сайтаас өөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ тухай бичихийг хүсдэггүй эсвэл чаддаггүй байжээ. 2015 онд Швейцарын нийгмийн идэвхтэн Кавье Юст сэтгүүлч эмэгтэйд алт мэт 200 гаруй мянган баримт өгсөн байна. Тэдгээр баримт Жо Лоугийн толгойлдог компанийн дансанд 1MDB сангаас 700,0 доллар орсныг шууд нотолж байжээ. Хэдэн сарын дараа Браун 2013 онд Ерөнхий сайдын хувийн дансанд 700,0 доллар орсныг нотолсон “Дуулиант нээлт” нэртэй нийтлэлээ бичсэн аж. Малайзын засаг түүний сайтыг хааж, өөрийг нь баривчлах тушаал гаргажээ. Британий иргэнийг тэд шууд баривчилж чадаагүй ч түүнийг хаа сайгүй хүмүүс дагаж, зургийг нь авч, сүрдүүлэн айлгах болсон байна. Дээр дурдагдсан “Тэрбум долларын халим” номын зохиогчид Том Райт, Брэдли Хоул нар ч энэ хэргийг ил тод болгоход маш их үүрэг гүйцэтгэжээ. Тэд гол төлөв Жо Лоу дээр анхаарлаа төвлөрүүлсэн аж. Тэд мөн л 1MDB сангийн үйл ажиллагааг олон жил эрэн сурвалжилж “Wall Street Journal” сонины нүүрэнд хэвлэдэг байжээ. Сонины нийтлэлийн хэмжээ 2,0 мянган үгнээс хэтэрдэггүй болохоор тус сантай холбогдолтой маш олон баримт орхигддог мөн цуврал нийтлэлийг уншигчид тэр болгон хянахад хүндрэлтэй болохоор сэтгүүлчид ном гаргахаар шийджээ. Том Райдын үзэж буйгаар эл ном 1MBD санг тойрсон луйвар Майлайз улсад ямар хор хөнөөлтэйг хүмүүст ойлгуулсан аж.
Тус луйврыг мөрдөн шалгах үйл ажиллагаан хөдөлгөх гол хүч Малайзын парламентын гишүүн Тони Пуа болжээ. Нажиб Разакийн засгийн сөрөг хүчин болсон тэрээр 1MDB сангийн талаарх асуудлыг парламентад байнга тавьдаг байв. Хэдий түүний нам одоо Засгийн эрхэнд гарсан ч Тони Пуа урьдын адил өмнөх Ерөнхий сайдыг шүүмжилсэн хэвээр байгаа юм. Түүний үзэж байгаагаар “Нажибыг шүүх хурал дөнгөж эхлэл нь бөгөөд шүүхийн ажиллагаа цаашид олон жил үргэлжилж магадгүй аж”. Олон удаа хойшилсны эцэст Нажиб Разагийг шүүх эхний хурал энэ сарын 3-нд эхэлсэн билээ. Хэрэв хууль түүний буруутайг нотолж чадах юм бол Ерөнхий сайд асан нэлээд олон жил торны цаана суух аж.