Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийг тооцоолоод үзэхээр сүүлийн 28 жилийн турш банк давамгайлсан байдаг. Тухайлбал, Монголд санхүүгийн зах зээл дэх ажил, гүйлгээний 95 хувь нь банкаар дамждаг. Ингээд бодохоор манай улсын санхүүгийн салбарыг арилжааны 14 банк нуруун дээрээ үүрч явдаг гэхэд нэг их хилсдэхгүй болов уу.
Гэтэл 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар нийт 28 салбар нэгж, 165.257 харилцах данс эзэмшигч, 56.164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байсан арилжааны банкны томоохон төлөөлөгч “тоглоомноос хасагдлаа”. 2015 оноос хойш үргэлж алдагдалтай ажиллаж, чанаргүй зээлдэгчдийн тоо өндөр хувьд хүрсэн тус банкийг татан буулгаж байгааг Монголбанк энэ сарын 08-ны өдөр албан ёсоор зарласан нь 220 мянга гаруй харилцагчдыг нь нэлээдгүй сандаргаад авсан.
Харин 20 сая хүртэл төгрөгийн харилцах, хадгаламж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгагдаж, алдагдлаас хамгаалагдсан байдаг аж. Энэ тохиолдолд Капитал банкны нийт харилцагчийн 99.5 хувь нь 20 сая төгрөгөөс доош хэмжээний төгрөг болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд тэдгээрийн харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг Хаан банкаар дамжуулан олгох гэнэ. Ингээд иргэд ч яахав хохиролгүй үлддэг юм байж. Тэгвэл тус банкинд байршиж байсан төрийн 340 тэрбум төгрөг яах вэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээлж буйгаар Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг, ЖДҮХС-гийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус тус байршиж байжээ.
Ингээд нийт төрийн буюу татвар төлөгчдийн хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг энэ банкинд гацсан аж. Өчигдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргаж, иргэдийн эрүүл мэндийн эрсдэлээ даатгаж төлсөн шимтгэлийг нэн тэргүүнд эргүүлж авна хэмээн мэдэгдсэн. Гэтэл уг мөнгийг гаргаж өгөх боломж Капиталд бий юү. Капитал банк 2015 оноос төлбөр хийх чадваргүй болж, эдгээр санхүүжилтийг гаргаж өгөх боломжгүй байсан гэж Сангийн сайд онцолсон. Үнэхээр л 2015 оноос хойш “чадвар”-аа алдсан юм бол яагаад тухайн үед нь бүх санхүүжилтийг зогсоож, шаардлагатай арга хэмжээг аваагүй юм бэ гэх асуулт олон нийтийн дунд бий.
Төрийн буюу татвар төлөгчдийн мөнгийг гацааж, ганцхан өдрийн дотор ажилгүйчүүдийн эгнээнд жагссан 360 орчим ажилчдын амьдралын баталгаа алдагдсан гэх мэт энэ олон хариуцлагыг хариуцлага, анхаарал алдсан Төв банк, хөрөнгө оруулсан УИХ-ын гишүүн Б.Ундармаа зэргээс нэхэх ёстой. Гэтэл өдийг хүртэл ийм асуудал сөхөгдсөнгүй. Тэр ч бүү хэл Б.Ундармаа гишүүн сэтгүүлчдэд хандан “Би Капитал банкнаас хувьцаа эзэмшдэггүй” хэмээн хэлээд “ширэн” нүүрлээд өнгөрлөө. Уг нь өнгөрсөн оны ХОМ дээр нь тус банкинд хөрөнгө оруулсан гээд цагаан дээр хараар зурайтал нь биччихсэн байхад шүү дээ. За яахав. УИХ-ын гишүүн хуулиар хамгаалагдсан байдаг тул ингээд зүгээр өнгөрлөө гэхэд захирал болох нөхөрт нь хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой баймаар.
Хэдийгээр “Капитал” банкны дампуурал банкны салбартын маш бага буюу нэг орчим хувийг эзэлдэг учир хүчтэй нөлөөлөхгүй ч Засгийн газарт хэд хэдэн өрийн дарамт үүссэн хэмээн Сангийн сайд мэдэгдээд авсан. Тэгвэл үүний хариуцлагыг татвар төлөгчид нуруун дээрээ үүрэх болчихоод байна. Монгол банк мөнгө хэвлэж тараалаа гэхэд инфляцийг нь сарын цалингаа үнэгүйдүүлж төлнө. Бид ийм л тавилантай. Жижиг банкиндаа төрийн их мөнгө шахдаг систем зөвхөн Монголд бий.