БНСУ-ын жүжигчин Ан Ён Хунтай ярилцлаа. Дэлгэцийн олон ангит кинонд голчлон тоглодог тэрбээр бяцхан охин байхаасаа уран бүтээлийн замналаа эхэлжээ.
1996 оноос хойш тэрбээр “Луугийн нулимс”, “Эгч, дүү дөрөв”, “Халуухан тагнуулч” гэхчлэн олон ангит 30 шахам кинонд тоглосон байна. Монголын үзэгчид ч түүний тоглосон “Гурван найз” инээдмийн олон ангит киног мэдэх биз ээ. Тус киноны Монгол хувилбарыг “Эмоци” продакшныхан бүтээж, олны хүртээл болгосон юм.
-Манай улсад ямар ажлаар ирэв?
-Найруулагч Пак Жэ Хүүн ирэх зун үзэгчдэд хүргэх “Зургаан чөтгөр” киноныхоо зургийг Монголд авсан. Тус кинонд зургаа авхуулахаар ирсэн. Ирээд удалгүй буцаж буй ч боломж олдвол дахин зочлохыг хүсэж байна.
-Монголын юу таалагдав. Эсрэгээрээ таныг тавгүйтүүлсэн зүйл байсан уу?
-Таагүй зүйл тохиолдсонгүй. Харин нүүрсний утаа их үнэртдэг юм байна.
-Та давчуу хуваарьтайгаар ирээд буцах боллоо. Солонгостоо уран бүтээлийн ажилтай учраас буцахаар яарч байгаа юм уу?
-Тийм ээ. Очоод телевизийн олон ангит кинонд тоглох учраас бэлтгэлээ базаах ёстой. Одоохондоо кино компаниас эл уран бүтээлийн тухай мэдээлэл өгөхийг хориглосон болохоор дэлгэрэнгүй ярьж чадахгүй нь.
-Та олон ангит кинонд голчлон тоглодог юм билээ. Бүрэн хэмжээний кинотой харьцуулахад зураг авах хугацаа нь урт, ажиллах арга барил ч өөр. Яагаад энэ төрлийн кинонд тоглох сонирхолтой байдаг юм бэ?
-Өнөөдрийг хүртэл олон ангит кинонд л дагнан тоглож байна. Пак Жэ Хүүн найруулагч миний хүндэлдэг уран бүтээлч, ах, дүүгийн харилцаатай болохоор “Зургаан чөтгөр” уран сайхны кинонд тоглох санал тавихад нь татгалзаж чадаагүй.
Олон ангит кинонд тоглох нэг бодлын амар. Амар гэдэг нь жүжигчид бэлдсэн павильон, студид зургаа авхуулдаг. Гэтэл бүрэн хэмжээний киноны зургийг хаа л бол хаана очиж авхуулна. Мэдээж зураг авхуулах цаг хугацааны хувьд ч өөр. Энэ мэтчилэн ялгаа их бий.
-Найруулагч нар танд ямар төрлийн дүр ихэвчлэн санал болгодог вэ. Огт тоглохгүй гэж боддог дүр бий юү?
-Ихэвчлэн хөгжилтэй эмэгтэйн дүрд тоглуулдаг. Үзэгчдийг инээлгэх сайхан шүү дээ. Би эротик төрлийн кино, тийм дүрд хэзээ ч тоглохгүй. Хүүхдэдээ тийм дүрд тоглосноор өөрийгөө харуулахыг хүсэхгүй байна. Харин аймшгийн кинонд тоглож үзэхийг их хүсдэг.
-Эмэгтэй уран бүтээлчид эрчүүдээс илүү хүмүүсийн хэл аманд өртдөг нь ажиглагддаг. Та тийм дайралтад өртдөг үү. Үүнээс өөр ямар бэрхшээл эмэгтэй жүжигчдэд тулгардаг вэ?
-Тухайн уран бүтээлч хийж буй ажилдаа үнэнч, зөв амьдарч байгаа л бол аяндаа хэн бэ гэдэг нь мэдэгдэнэ дээ. Тийм болохоор хүмүүсийн хэл амнаас айдаггүй ээ. Гэхдээ миний тухай таагүй мэдээ, нийтлэл гарах нь ховор. Олон мундаг эмэгтэй жүжигчин гэр бүл зохиож, хүүхэд гарган уран бүтээлийн замналаа зогсоохыг харж байлаа.
Хэдийгээр би гэр бүл, үр хүүхэдтэй ч надад тийм зүйл азаар тохиолдсонгүй. Гэр бүлийнхэн минь намайг маш сайн ойлгож, дэмждэг. Хэрэв аль нэгийг нь сонгох байсан бол би гэр бүлээ нэгд тавих байсан.
-Таны тоглосон “Гурван найз” олон ангит кино Монголын телевизээр гарч, үзэгчид ч их дуртай үзсэн. Та тэр кинонд хэдэн настайдаа тоглосон бэ?
-MBC телевизийн 2000 онд бүтээсэн кино. 24 настай байлаа. Би 12 настайгаасаа кинонд тоглож эхэлсэн юм. Харин насанд хүрснээсээ хойш тоглосон тав дахь кино минь “Гурван найз”. Үзэгчдэд хамгийн их хүрсэн уран бүтээлүүдийн минь нэг.
-Одоо жилд хэдэн уран бүтээлд тоглож амждаг вэ. Олон ангит кинонд л тоглодог болохоор цөөхөн үү?
-Жилд олон ангит нэг кинонд л тоглодог. Өөр боломжгүй шүү дээ.
-Нутаг буцаад хамгийн түрүүнд хийхээр төлөвлөсөн зүйл тань юу вэ?
-Шинэ уран бүтээлд тоглох бэлтгэлээ хангахын зэрэгцээ хүүгийнхээ хичээлд анхаарна. Хүү минь дунд сургуульд сурдаг юм.
-Уран бүтээл, ар гэрийн ажлаа орхигдуулалгүй амжуулах амаргүй юу?
-Түрүүн хэлсэнчлэн гэр бүлийнхэн минь надад маш их тусалдаг. Нэгэнт аль алийг нь орхиж чадахгүй учраас амжуулахаас өөр яах билээ. Сайн жүжигчин, сайн ээж байхыг хичээж л явна.
-Солонгос эмэгтэй хүнтэй гэрлэсэн бол ажил хийлгүй зөвхөн гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэдэг гэсэн нийтлэг ойлголт монголчуудад байдаг. Солонгосын олон ангит кинонуудад ч тэгж харуулдаг. Үнэхээр тийм байдаг уу?
-Гэр бүл, хүүхэдтэй ч ажил хийдэг эмэгтэйчүүдийн тоо өсөж байгаа. Эвгүйгээр хэлэхэд гэрийн ажлаас зайлсхийх хандлагатай болсон. Солонгос залуус ихэвчлэн 30 нэлээд гарч, 40 нас дөхөж байж гэр бүл зохиодог. Энэ нь санхүүгийн хүндрэлээ эхлээд шийдэх гэсэнтэй холбоотой. Энэ байдал бас арай өөрчлөгдөж байгаа нь харагддаг.
-Та багаасаа кинонд тоглосон гэлээ. Багын хамгийн том мөрөөдөл тань юу байсан бэ. Биелүүлж чадсан уу?
-Багадаа “од” болохыг хүсдэг байлаа. Гудамжаар явахад хүн бүхэн таниад л. Мөрөөдлийнхөө захаас тас зуурчихсан л явна. Харин одоо бол Солонгосын алдартай ахмад жүжигчид шиг насан туршдаа дуртай ажлаа хийж, уран бүтээлээрээ үзэгчидтэй уулзахыг хүсэж байна.