Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын ерөнхий прокурорын орлогчоор томилуулахаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Цэрэнсодномын нэрийг УИХ-д хүргүүлээд саналаа буцаан татсан билээ. Нэр дэвшигч прокурортой холбоотой, утсаар ярьсан бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан, түүнээс өмнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарах болсон нь Ерөнхийлөгчийг зөвшилцөх саналаа буцаахад хүргэсэн байж болзошгүй гэж учир мэдэх хүмүүс ярьж буй.
Тэгвэл А.Цэрэнсодномыг шалгуулахаар гаргасан иргэн Г.Наранхүүгийн гомдлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ. Дээрх иргэн гомдолдоо “Нийслэлийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Цэрэнсодном нь иргэн Г.Наранхүү надаас 2018 оны арванхоёрдугаар сарын 13-наас эхлэн хоёр сая ам.доллар нэхэж дарамтлан, Бат-Амгалангаар дамжуулан 154 550 000 төгрөг дансаар шилжүүлэн авсан. Хуулийн байгууллагад ажилладаг, тэр тусмаа прокурор хүн бусдаас мөнгө нэхэн дарамталж байгаад санаа зовж, өөрийн болон гэр бүлийн минь аюулгүй байдалд анхаарч шалгана уу” гэсэн утгатай зүйл бичсэн аж.
Харин прокурор А.Цэрэнсодном ярианы бичлэгийн тухайд “Энэ бол би хувийн авлагаа Г.Наранхүүгээс нэхсэн агуулгатай л яриа болохоос тэнд ямар нэг авлига, хахууль нэхсэн зүйл огт байхгүй. Хэрвээ миний ярианы бичлэгийг бүтнээр нь тавих юм бол тодорхой болно” хэмээн ярилцлагадаа онцолж байсан. Мөн Г.Наранхүү гэх иргэний талаар тэрбээр “Тэр хүн тухайн үед 16 нас хүрээгүй есөн охинтой бэлгийн харьцаанд орсон, хүчирхийлсэн, 500-700 ам.доллароор биеийг нь үнэлсэн гэх хэрэгт холбогдсон байсан, эрүүгийн хэрэг үүсгэх үед Сингапур руу гарчихсан юм билээ” хэмээн ярьсан юм.
Тэгвэл НПГ-ынхан А.Цэрэнсодном прокурорт холбогдуулан нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах харьяаллыг өөрчилж, өнгөрсөн долоо хоногт Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчдаар шалгуулахаар шилжүүлжээ.