Яг одоо Төв банкны үүдэнд Хохирогчдын нэгдсэн холбоо болон Капитал банкинд 20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд нэгдэн Монголбанк, АТГ-т шаардлага хүргүүлж байна. Тус мэдэгдэлд хэд хэдэн шаардлагыг тусгасан байна. Үүнд:
- Татан буулгах арга хэмжээ хийгдэж буй тус банкны нийт хадгаламж эзэмшигчийн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй нэрс болон хохирлын хэмжээг гаргаж өгөх;
- Чанаргүй зээлдэгчдийн нэрс болон зээлийг төлж барагдуулах хугацаа, барьцаа хөрөнгүүдийн жагсаалтыг гаргаж өгөх;
- Алтжин худалдааны төвийн захирал Алтан болон түүний хүү Эдуард Сүрэн гэх этгээдүүд тус банкинд маш их хэмжээтэй мөнгөн дүнтэй хадгаламжтай байсан. Тус мөнгөө банк татан буугдах гэж байгаа сургаар жижиглэн, 20 сая төгрөг хүртэлх төгрөгийн хадгаламж болон бусдын нэр дээр шинээр данс үүсгэсэн гэх мэдээллийг хадгаламж эзэмшигчдэд өгөх;
- Капитал банк 2015 оноос хойш алдагдалтай ажилласан байхад Монголбак ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн болон Банкны тухай хуулийн 71 дүгээрт зүйлд зааснаар нэхэмжлэл хүлээн авах тухай яаралтай зарлаж, даатгагдаагүй хадгаламж зээмшигчдийн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэдийг хохиролгүй болгох ажиллагааг түргэвчлэхийг шаарджээ.
Мөн шаардлагад тусгагдсан мэдээллүүд нь хадгаламж эзэмшигчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалагдахад зориулагдах тул нэн яаралтай буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор гаргаж өгнө үү. Хэрэв дээрх шаардлагыг эс биелүүлвээс Монголбанкны байрны үүдэнд тэмцлийн хэлбэрүүдийг явуулах болно" гэжээ.
Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг хэлэхдээ "20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 800 орчим иргэн байгаа гэсэн мэдээлэл бий. Өчигдрийн байдлаар бидэнд 60 гаруй хүн хандлаа. Иймд Б.Ундармаа гишүүнд хандаж хадгаламж эзэмшигчдийн төлөөлөлтэй уулзах хүсэлт тавих гэж байна. Ер нь манай ТББ төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийг хамгаалж ирсэн.
Капитал банкны чанаргүй зээлдэгчдийн тоо нийт хадгаламж эзэмшигчдийн 80 хувьд хүрсэн гэсэн. Харин Монголбанк чанаргүй зээлдэгчдийн хувь 5 хувиас хэтэрвэл яаралтай арга хэмжээ авах ёстой. Үүнээс гадна тус банкинд төрийн 380 орчим тэрбум төгрөг хадгалагдаж байсан. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн энэ их хэмжээний мөнгийг хэсэг бүлэг этгээдүүд зээл хэлбэрээр гараад, банкийг дампууруулж байгаа нь хэнд ч тодорхой байна.
Хадгаламж эзэмшигч Ш.Халзан: Тээвэр хөгжлийн банк татан буугдахад бид мөнгөө “Капитал” банк руу шилжүүлсэн. Бидэнд татан буугдах гэж байгаа талаар огт мэдээлэл өгөөгүй. Тэр ч бүү хэл би мөнгөө татмаар байна гэж хэлж ч үзсэн. Гэтэл хариуд нь "Манай үйл ажиллагаа ямар ч доголдолгүй явж байгаа. ЗҮгээр цуурхал л явж байгаа юм" гэж хэлсэн. Хэрэв мэдсэн бол бүх мөнгөө татах л байсан.
Х.Дашбат: Уржигдар орой гэнэт мэдсэн. Би 40 сая төгрөгийн хадгаламжтай байсан. Нэг жилийн хугацаатайгаар өнгөрсөн оны есдүгээр сарын 07-нд хадгалуулсан. 20 сая төгрөгийг нь аваад, үлдсэн 20 сая төгрөгийг нь хэрхэн яаж авахаа огт мэдэхгүй байна. Хадгаламж даатгалын корпорациас асуухад "Бид даатгуулсан 20 сая төгрөгийг чинь л өгнө. Харин үлдсэн 20 сая төгрөгийг нь бид мэдэхгүй" гэж хэлсэн. Одоо яахаа мэдэхээ байчихаад байна.