Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дүүрэг, хороонд ямар ажил хийх шаардлагатай талаар жил бүрийн эхний улиралд иргэдээс асуудаг. Төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах, хороо, дүүргийн албан хаагчдын ачааллыг хөнгөлөх нь уг ажлын зорилго аж. Өмнөх жилүүдэд хүмүүсийг танхимд цуглуулж, бичгээр саналыг нь авдаг байсан.
Харин энэ удаа иргэдэд чирэгдэл учруулахгүй, ухаалаг утасны “Smart UB” аппликэйшнээр санал өгөх боломж бүрдсэнийг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр тус аппликэйшнийг бүтээсэн бөгөөд өнгөрсөн онд 19 хорооны 13 000 иргэнийг хамруулж, санал асуулга явуулж туршсан нь амжилттай болжээ.
2020 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ямар ажлууд хийх талаар ирэх сарын 5 хүртэл дээрх аппликэйшнээр санал асуулга явуулах нь. Иргэн нэг л санал өгөх эрхтэй. Шинэ технологи учраас систем ачааллах, техникийн хүчин чадал хүрэхгүй байх зэрэг асуудал тулгарч болзошгүй тул энэ удаа нийслэлийн 42 хорооны иргэдийг хамруулах гэнэ. Үлдсэн хороодын болон аппликэйшн ашиглах боломжгүй иргэд бичгээр саналаа өгөх боломжтой юм байна.