Монголын кино урлагт хос “морьтой” зүтгэж байгаа уран бүтээлчийг “Далд хүмүүс” буландаа урьж, ил гаргахыг зорилоо. Э.Батнямбуу КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн ч оюутан ахуйгаасаа гэрэлтүүлэгчийн ажилд дурлаж, өдгөө энэ ажлаа хийж явна.
Тэрбээр “Визард” продакшны “Помогите нам”, “Х ТҮЦ”-ийн “Болсон явдал”, найруулагч Т.Алтантуяагийн “Ану хатан”, “U” фильмийн “Single ladies”, Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзийн “Маш нууц: Байтаг Богд”, “Аримун” продакшны “Халуун зүрх” зэрэг уран бүтээлд гэрэлтүүлэгчээр ажиллаж, “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан од” кинонд тогложээ. Э.Батнямбуу саяхан “Фантастик” продакшны олон ангит кинонд ажилласан бөгөөд тус бүтээлийг ирэх сараас үзэгчдийн хүртээл болгох гэнэ.
-Та киноны зураг авахад дурлаж, эзэмшсэн мэргэжлээсээ хөндийрсөн мэт санагддаг. Яагаад камерын өмнө гарч олны танил бололгүй, ард ажиллахыг илүүд үзсэн юм бэ?
-Би КУДС-ийг 2007 онд Ардын жүжигчин Д.Мэндбаяр багшийн удирдлагад жүжигчнээр төгсөөд хоёр жил орчим харьяалагдах газаргүй, янз бүрийн л ажил хийсэн. 2009 онд “Х ТҮЦ” продакшнд шалгуулж, тэнцээд хоёр жил ажиллалаа. Тухайн үед гэрэлтүүлэгч Ш.Батбаяр ахтай танилцаж, туслахаар нь давхар ажиллаж байв.
Гэрэл, сүүдрийг хослуулах нь маш их мэдрэмж шаардана. Их сонирхолтой санагдсан юм. Одоо ч тэр. Түүнээс хойш кино урлагтай амьдралаа холбочихсон. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ өөрийгөө чамлаад байдаг юм. Арын албанд гэрэлтүүлэгчээр ажиллангаа жүжигчдийн хэрхэн тоглож буйг ажиглаж, суралцдаг.
-Ямар кинонд анх ажилласан бэ?
-Ш.Батбаяр ахын туслах болоод удаагүй байхдаа “Үнэнээс хол” кинонд гэрэлтүүлэгчийн туслахаар ажиллаж, үргэлжлүүлэн “Визард” продакшны “Помогите нам”, “Х ТҮЦ”-ийн “Болсон явдал”, найруулагч Т.Алтантуяагийн “Ану хатан” зэрэг уран бүтээлд ажилласан. 2013 онд “U” фильмийн “Single ladies” кинонд анх удаа ерөнхий гэрэлтүүлэгчээр ажиллаж, түүнээс хойш чамлахааргүй уран бүтээлд нэрээ үлдээжээ.
-“Маш нууц” кинонд анх тоглосон юм билээ. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад ямар байв. Төсөөрсөн байсан уу?
-“Найруулагч нар намайг харчихаасай” гэж боддог байлаа. Тохирох дүр ирэхийг хүлээсэн гэх нь ч хаашаа юм. О.Бат-Өлзий ах намайг дуудахад “Гэрэлтүүлэгчээр л ажиллуулах нь дээ” гэж бодсон. Гэтэл “Ийм туслах дүр байна” гэсэн.
Н.Зориг ах, Б.Даваажав нарын туршлагатай жүжигчинтэй хамтран ажилласан болохоор сурах зүйл их байсан. Дараа нь “Маш нууц: Байтаг Богд” кинонд мөн туслах дүрд тоглосон. Кинонд тоглох бүрт л мэргэжлээрээ ажилламаар санагдаж, дотроос хатгах болсон доо. Камерын ард удаан ажилласан болохоор тэгтлээ шунадаг ч байж магадгүй.
-Жүжиглэх үед төрдөг, гэрэлтүүлэгчээр ажиллахад авдаг мэдрэмжийнхээ ялгааг “Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од” кинонд тоглохдоо илүү мэдрэв үү?
-Яг тэгсэн шүү. Өмнө нь тус продакшны “Миний нууц” киноны ерөнхий гэрэлтүүлэгчээр ажилласан юм. Харин өнгөрсөн жил Гавьяат жүжигчин, найруулагч У.Уранчимэг эгч “Нэг дүр байна. Чамайг л тохирно гэж зураач Ц.Хүрэлбаатар санал болголоо. Чи киноны зохиолыг нь уншаад үз” гэсэн. Уншаад их тулгамдсан.
-Эсрэг дүр болохоор нь уу?
-Тухайн дүрд хэрхэн тоглох нь санаанд багтсан. Гэхдээ үзэгчид намайг тэр дүрээр л хүлээгээд авчих вий гэж эмээсэн юм. Хүчирхийлэгч, муу хүний дүр шүү дээ. Тэгээд нэг оройжин бодлоо. Маргааш нь У.Уранчимэг эгчээс “Та намайг чадна гэдэгт итгэж байна уу” гэж асуулаа. “1000 хувь итгэж байна” гэж хариулахыг нь сонсоод л тоглохоор сэтгэл шулуудчихсан даа.
“Тэнгэрээс буусан од” киноны зураг авах ажилд огт оролцоогүй, зөвхөн жүжиглэсэн. Тийм ч болохоор маш их хичээж, өөрийгөө харуулах боломж гэж бодон чармайсан. Киноны нээлтийн үеэр хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэж их түгшсэн. Зарим хэсгийг нь өөрөө ч үзэж чадаагүй. Кино дууссаны дараа хүмүүс сонин харж, хажуугаас нудраад л. Тэгэхэд “За ямар ч байсан найруулагчийн даалгаврыг овоо биелүүлчихэж дээ” гэж бодсон.
-Эмэгтэй найруулагчтай ажиллах нь эрчүүдтэй хамтрахаас өөр байсан уу?
-Хэдэн хэдэн уран бүтээлд нь ажилласан болохоор ч тэр үү, У.Уранчимэг эгчтэй ойлголцоход их амар байсан. Гэхдээ эмэгтэй, эрэгтэй найруулагчтай ажиллах ялгаатай санагддаг шүү.
-Туслах ч бай, гол дүр ч бай дандаа эсрэг дүрийн санал ирээд байна уу даа?
-Харин тийм. Гадаад төрхтэй л холбоотой байх. Тэрэнд эмзэглэдэггүй. Эерэг дүрийг эсрэг нь товойлгодог шүү дээ. Найруулагч ямар ч дүр оноосон чадварлаг тоглохыг л хичээнэ.
-Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллалгүй гэрэлтүүлэгчийн ажил руу урвахад Д.Мэндбаяр багш тань зэмлэсэн үү. “Тэнгэрээс буусан од” кинонд тоглосонд тань ямар дүн тавив?
-Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр багштайгаа олон киноны зураг авах талбайд гэрэлтүүлэгчээр ажиллахдаа таарч байлаа. Гэхдээ багш нар минь “Урлагт, тэр дундаа кино урлагт ажиллаж байгаа чинь сайн. Битгий яар. Дүр аяндаа ирдэг юм” гэдэг. “Тэнгэрээс буусан од” кинонд Д.Мэндбаяр багштайгаа хамт ажиллахад сэтгэл их өег байсан шүү.
-Одоо аль студид харьяалагддаг вэ. Нэлээд олон кинонд ажиллалаа. Бие даан уран бүтээл хийх бодол бий биз дээ?
-Бие даан студи байгуулж, кино хийх гэж үзээд бүтэлгүйтсэн. Залуу уран бүтээлчдэд уран бүтээл хийх хөрөнгө босгоно гэдэг амаргүй юм билээ. Гэхдээ шантраагүй. Бие даан уран бүтээл хийх хүслээ ч орхиогүй. Жаахан л хойшлуулж байгаа юм.
-Киноны зураг авах явцад зөвхөн гэрэлтүүлэгчид л тулгардаг бэрхшээл юу вэ. Хамгийн хэцүү нөхцөлд зураг авсан кино тань аль нь вэ?
-Ямар ч бэрхшээлгүй бүтдэг уран бүтээл байдаггүй. Гэхдээ уран бүтээлчид бүгдийг аль болох шийдэж, зохицуулахыг чармайдаг. Хүмүүс гэрэлтүүлэгч гэхээр гэрэл тусгаад л болчихдог гэж ойлгодог. Гэтэл дүрийн зан чанарыг тодруулах, найруулагчийн төсөөлсөн өнцгийг харуулах, зураачийн шийдсэн дүрслэлийг товойлгон, амилуулах гээд толгойгоо “гашилгах” зүйл олон. Тэр болгонд тохирох гэрлийг сонгоно. Хадтай, устай гээд байгалийн ямар ч нөхцөлд ажилладаг.
Хамгийн сүүлд “Фантастик” продакшны олон ангит кинонд ажиллалаа. Хоёр бүлэгтэй. Бүлэг бүр нь арван ангитай, түүхэн сэдэвтэй. Нэг анги нь 90 минут орчим үргэлжлэх учраас бүрэн хэмжээний киноноос ялгаагүй л ажиллагаатай байлаа.
-Түүхэн болоод монгол ахуй харуулсан кино бүтээхийн тулд хөдөө зураг авахад цахилгаангүй газарт техник хэрхэн ашиглахаас эхлээд дэд бүтцийн асуудал тулгардаг шүү дээ. Мөн халуун, хүйтэнд камер, гэрэл халах, хөлдөх гээд цаг агаарын нөхцөлөөс шалтгаалах бэрхшээл гарна. Үүнийг хэрхэн шийддэг вэ?
-Амаргүй л дээ. Гэхдээ шийдэхээс яах билээ. Би усанд зураг авахаас жаахан эмээдэг юм. Бороо, цастай үед ч тэр. Цахилгаанд залгасан гэрлийг усанд байрлуулахад бас л эрсдэлтэй шүү дээ. Тийм болохоор туслахууддаа байнга л “Аюулгүй байдлаа үргэлж шалгаарай” гэж захидаг. Маш анхааралтай байхгүй бол болохгүй.
-Гэрэлтүүлэгчээс гадна хоёрдугаар найруулагчаар хэд хэдэн кинонд ажилласан бил үү?
-Анх “Босуул” кинонд хоёрдугаар найруулагчаар ажилласан. Найруулагч Ж.Сэнгэдорж ахтай хамтран ажиллаж үзэх сэн гэж боддог байлаа. Тэр хүсэл минь “Үргээлэг” кинонд биелсэн. Дараа нь “Босуул”-д ажилласан. Хамгийн эрт босож, хамгийн орой унтдаг ажил хоёрдугаар найруулагчийнх. Гэхдээ тэндээс маш их зүйл сурсан. Илүүг ч сурахаар шунаж байна.
-Жилд хэчнээн уран бүтээлд ажиллаж амждаг вэ?
-Багадаа таван уран бүтээлд ажилладаг. Өнгөрсөн жил гэхэд олон ангит хоёр, бүрэн хэмжээний уран сайхны таван кинонд гэрэлтүүлэгч болон жүжигчнээр ажилласан байна.
-Ирэх сарын 2-нд “Өргөө” кино театраас зохион байгуулдаг “Cinema awards” шагнал гардуулах ёслол болно. Тус наадмын шилдэг 10 бүтээлд таны ажилласан хэд хэдэн кино багтжээ. Та харав уу?
-“Жийж” продакшны “Маш нууц: Байтаг Богд”, “Хувьсал” продакшны “Миний нууц”, “Гөү” студийн “ТҮЦ-ийн охид” гэхчлэн дөрвөн уран бүтээл шилдэг 10 киноны жагсаалтад багтсан. Их баяртай байна.
-Гэрэлтүүлэгч нар кинонд зураглаачийн багт харьяалагдан ажилладаг. Гар хамгийн нийлдэг зураглаач тань хэн бэ?
-Г.Гүенбаатар, Э.Очгэрэл нарын зураглаачтай гар сайн нийлдэг. Олон уран бүтээлд хамтарч байсан болохоор төвөггүй ойлголцдог юм.
-Нэгэнт энэ салбарт ажиллаж байгаа хойно бусад уран бүтээлчийн киног мэдээж үздэг байж таарна. Хамтарч ажиллахыг хүсдэг найруулагч бий юү?
-Мэдээж үздэг. Ажилласан байдал, онцлогийг нь ажиглаж, суралцдаг. Хамтрахыг хүсдэг найруулагч бий. “Тэнгэрээс буусан од” киног үзэгчдэд хүргэснээс хойш гурван ч кинонд тоглуулах санал ирсэн. Харамсалтай нь, өөр төлөвлөсөн ажилтай учраас татгалзсан.
-Зураг авах үед найруулагчтай санал зөрөлдөх үе гарна биз?
-Уран бүтээлийн талаар маргаан гаралгүй яах вэ. Санал зөрөлдөх үе бишгүй. Гэхдээ чанартай болгохын төлөө л санал зөрөлддөг учраас нэг нэгэндээ муу санадаггүй.
-Гадаадын алдартай хүмүүс, өөрийн орны ахмад уран бүтээлчдийн киног үзэж, суралцдаг байх. Хүндэлж, үлгэрлэдэг уран бүтээлч тань хэн бэ?
-Энэтхэгийн найруулагч Санжай Лийла Бансалигийн 2005 онд үзэгчдэд хүргэсэн “Харанхуй” гэж кино бий. Тэр киноны гэрэлтүүлэг ямар гайхамшигтай гэж бодно. Энэ мэтчилэн гадаадын кино үзэж, харьцуулан судалдаг. С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Н.Ялалт нарын жүжигчнийг хүндэлж, тэднээс суралцахыг хичээдэг. “Үргээлэг” кинонд ажиллах үеэр С.Болд-Эрдэнэ ахын хэрхэн тоглохыг хараад биширсэн. С.Ариунбямба ахын хувийн зохион байгуулалт сайтайг, дүр дээрээ ажиллаж байгааг хараад “Ямар мундаг юм бэ” гэж боддог. Н.Ялалт ах зохиол дээр ажиллаж, ямар ч зүйлд гярхай, нямбай ханддаг нь гайхалтай, суралцмаар санагддаг.
-Одоо ямар уран бүтээлд ажиллахаар бэлтгэлээ базааж байгаа вэ?
-“Могул” фильмийнхэн шинэ киноны зургаа энэ сарын 15-наас эхэлнэ. Тус уран бүтээлд ажиллана. Ирэх сараас улам л завгүй болох нь.