“Мөнх ногоон галба” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Бямбатогтохтой ярилцлаа.
-Байгаль хамгаалах уламжлалт ёс заншил алдагдлаа гэж хүмүүс ярьдаг. Та байгальтай олон жил ойр ажилласны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Ус, ургамал, бэлчээр, зэрлэг амьтдыг хамгаалж, уул уурхайн бүсэд экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйн тулд орилж, хашхирах бус, судалгаа шинжилгээ хийж, зохистой арга хэмжээ авах зорилгоор хоёр жилийн өмнө төрийн бус байгууллага байгуулсан юм.
Төрийн бус байгууллага байгуулахаас өмнө буюу 2010 оноос хойш 10 гаруй жил байгаль орчноо хамгаалах ажилд малчдыг татан оролцуулсаар өдий хүрлээ. Миний бодлоор, байгаль хамгаалах уламжлалт ухаан, ёс заншлаа малчид гээгээгүй. Харин ганц, нэг хүний хайхрамжгүй байдал, мэдлэггүйн балаг байгальд сөргөөр нөлөөлөхөөс гадна бусдад буруу үлгэр дуурайл болох нь бий.
Тухайлбал, ой, хээрийн бүсэд гал түлэхдээ өвс ургамалгүй, хад чулуу, сайр, элс бүхий газрыг сонгож “Хан эзэндээ ам гарахгүй, хангай дэлхийдээ түймэр тавихгүй” гэж андгайлаад хэтээ цахиж, гал асаадаг. Буцахдаа галаа бүрэн унтраах ёстой.
Түүний баталгаа болгож үнсэн дээр хуурай өвс тавьж шалгадаг тийм л нягт нямбай, хянуур заншил бий. Үүнийг зарим хүн мэддэггүй юм уу, мэдсэн ч хайхрамжгүйгээсээ болж түймэр тавьдаг нь харамсалтай.
-Ширээн дээр суувал өрөнд орно гэх үгэнд итгэдэг атлаа жимсийг мөчиртэй нь түүвэл дараа жил дахин ургахгүй, усанд бохир зүйл хийдэггүй зэрэг сургаалыг үл тоож, байгальд сөрөг нөлөө учруулахаас зарим хүн эмээдэггүй юм шиг санагддаг.
-Улсын хэмжээнд 9 600 гаруй булаг, шанд байдгаас 1400 орчим нь ширгэсэн гэсэн судалгаа өнгөрсөн онд гарчээ. Өвөрхангай аймгийн нутаг дахь 24 метр өндөр Улаанцутгалан хүрхрээ татарчээ гэж жил бүр шуугьдаг. Тийм том хүрхрээ татрах шахсан нь хүний буруутай үйл ажиллагаатай тодорхой хэмжээгээр холбоотой. Ус болон байгаль ээжийн талаар эртний ном сударт энэ талаар тодорхой бичсэн байдаг.
“Амьд бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” гэдэг нь уул, ус, газар, шороо, мод, чулуу бүгд эзэнтэйг хэлсэн хэрэг. Лусын аймгийнхан уул, усаа сахин хамгаалдаг гэнэ. Тэгэхээр хүн төрөлхтөн бид лусын эзэмшлээс булаалдаж амьдардаг гэсэн үг. Улаанцутгалан хүрхрээний ойр орчимд уул уурхайн олборлолт хийж байсан.
Тиймээс лус савдаг нь хилэгнэж усаа татраасан ч байж мэдэх. Уул, овоогоо сэндийчсэн битгий хэл, ганц мод тайрсныхаа төлөө амиа алдсан жишээ байдаг. Өвөрхангай аймгийн Хатанбулаг сумын иргэн Чойдон гэдэг хүн нутгийнхаа Шархад хэмээх газраас цагаан зандангаар гаанс хийх гэж жаахныг нь тайрчээ. Гэвч Чойдон гуай тэр оройдоо нас барсан. Манай сумын зүүн урд байрлах Баянбаг сумд Төмөр гэж хүн Хасарын уулнаас гурван аргаль агнасан юм.
Түүнээс хойш өөрийнх нь унадаг холч хээр морь нь аргаль агнасан жалганд нь унаж үхсэн. Агнасан аргалийн оронд морийг нь лус авсан хэмээн нутгийн хүмүүс ярьдаг юм билээ. Энэ мэт хүмүүсийг буруутгахад гол нь байгаа юм биш. Байгалийн баялгаа зохистой ашиглаж, амьдралаа залгуулдаг хүн байдгийг үгүйсгэхгүй.
Байгалийн нөөцөө зохистой ашиглаж, гол зогоох хэрэгцээ хэнд ч гарч болно. Гэвч байгаль хамгаалах, нөхөн сэргээх уламжлалт аргыг мэдэхгүйгээсээ болж хохирох эрсдэлтэйг дээрх жишээгээр бусдад сануулахыг зорилоо. Байгалийн баялгийг хүртэхдээ лус савдгийг нь аргадах ёстой.
-Орчин үеийн хүмүүс тэр бүр мэддэггүй, мартагдах шахсан байгаль хамгаалах уламжлалт арга юу байна вэ?
-Хүмүүс сүүгээр маш их өргөл өргөдөг болж. Өмнөговь аймгийн Ханбогд сумд орших Дэмчигийн болон Цагаан толгойн хийдийг засаж, тохижуулах ажлыг би 2003 оны наймдугаар сард эхлүүлсэн юм. Буянтай олон хүний дэмжлэгтэйгээр хийдийг сэргээж байна. Тэнд жуулчдын хөл тасрахгүй.
Мөн сумын Баянхишигийн аманд Баяжихын агуй гэж бий. Хүмүүс тэнд сүү өргөх юм. Зуны халуунд өнөөх нь гашилж, сагаад байгалийн түүхт дурсгал, өв соёлыг сүйтгэж байна. Тэр агуй өргөл, барьцад дарагдаж, ялаа, батгана шавсан хогийн цэг шиг л боллоо.
Сүүг “дээрмийн хэрэг” гэж нэрлэдэг. Яагаад гэвэл, тугалыг нь татаж, хургыг нь холбож байгаад малаас сүүг нь саачихдаг. Хүүхдэд мөөмийг нь хөхүүлэхгүй байвал яаж уйлдаг билээ. Амьтны үр төл ч ялгаагүй “Сүүгээ хөхөх гэж байхад, хүн гэгч амьтан булаачихлаа” гэж харуусаж л байгаа. Тийм харуусал дагуулсан зүйлийг байгаль дэлхийдээ өргөх нь буруу. Өвөг, дээдэс минь уул, ус, агуйд биш, дээд тэнгэртээ л сүү өргөдөг байсан.
Сүү өргөж, сүсэглэх гэсэн биш, байгалиа бохирдуулаад байна. Савалгаатай сүүг юугаар хийсэн болоод гашлахгүй байгаа юм. Химийн найрлагатай сүүгээр эх дэлхийгээ бохирдуулж байхаар арц, хүж, ганга уугиулаад залбирч болно шүү дээ.
-Уламжлалт ухаанаа мэдэхгүйгээс байгаль төдийгүй иргэд өөрсдөө ч хохирдог байх.
-Тэгэлгүй яах вэ. Гашилсан сүүний үнэртэй агуйд ирсэн жуулчид хамар, амаа дарж, гарахын түүс болж байгаа нь харагддаг. Түүгээр амьсгалахад сайхан байхгүй нь лавтай. Цаашлаад халдварт өвчин дэгдэхийг үгүйсгэхгүй. Тэр хавиар ундардаг рашаан, булаг ч ялгаагүй ширгэж, татраад дууслаа.
Уг нь рашаан усыг зоргоороо уувал хууч өвчин хөдөлнө гэж цээрлэдэг. Булгийн хажууд юм угаах, угаадас асгах, морь харахыг ч цээрлэдэг. Чингэлтэй дүүргийн Яргайтын аманд гэхэд дөрвөн булаг ундардаг байв. Тэнд айлууд шавснаас болж нэг нь ч үлдсэнгүй. Заавал булаг, шанд гэлтгүй өөр арга хэрэглэж эрүүл амьдарч болно.
Тухайлбал, миний багад бууз жигнэсэн усаар цай чанаж, уудаг байлаа. Амттай гэж жигтэйхэн. Жоргүй ламаас ус дээр гэдэг шүү дээ. 20-25 минут буцалгасан ус булгийнхаас ялгаагүй эрүүл мэндэд тустай.
Нохойтой айл тусгай суулгатай байв. Энэ нь ч гэсэн нэг төрлийн байгаль хамгаалах арга. Өөрөөр хэлбэл, хоолныхоо үлдэгдлийг идүүрт хийж, түүндээ жаахан цийдэм хийгээд нохойдоо өгдөг байв. Байгальд хоолныхоо үлдэгдлийг асгахаас сэргийлж, хаягдлаа ангилж байгаа хэрэг л дээ. Гар, нүүрээ угаахдаа шаадуунд (жижигхэн хэлбэртэй шаазан гүц) ус хийж угаана.
Гэтэл орчин үед өрхийн нэг хүн ганцхан удаа гараа угаахад найман литр ус зарцуулж байна. Устай холбоотой уламжлал, цээрлэх ёс олон байдаг нь байгаль хамгаалах арга, ухаан юм шүү дээ. Урдуур гарсан уснаас амсаж духандаа хүргэдэг ёс бий. Хэрэв урсгал усыг хөндөлдвөл авсны урдуур гарах амтай гэж цээрлэдэг.
Нэг хүн худаг гаргавал түмэн хүн түүнээс ундаалдаг гэж ярьдаг байв. Харин одоо худаг гаргасан хүн бүр түүнийгээ өмчилдөг боллоо. Энэ мэтээр зохисгүй хэрэглээнээс усны хомсдолд орох болсон.
-Ан амьтан агнахдаа баримталж ирсэн ямар уламжлал байдаг вэ?
-Монголчууд байгаль хамгаалах уламжлалт ёс заншлыг энэрэл хүндэтгэлийн, хорио цээрийн, сургаал номлолын, сүсэг бишрэлийн, ажиглалт танин мэдэхүйн гэж ангилдаг тухай Ц.Цэндээхүү, О.Амархүү нарын “Монголчуудын байгаль хамгаалах ёс заншил, уламжлалаас” номд бичсэн байдаг. Хорио, цээрийн уламжлалд анчин хүний 10 цээрлэл гэж бий.
Сүргээр нь агнах, хэрэгцээнээсээ хэтрүүлэх, онцгой содон өнгө, зүстэйг нь авлах, нутаг сэлгэж буй болон хээлтэй амьтан, сүргийн толгойлогчийг агнах, чоно болон бусад араатанд хөөгдөж буйг хөнөөх, агнасан амьтныхаа цусаар хөрс бохирдуулах, амьтад цуглардаг газар, ус, хужирт улай гаргахыг цээрлэнэ.
Нэг жишээ дурдахад, Өмнөговь аймгийн Ханбогд сумд суурьшдаг Галсанням хэмээх тайж байсан юм. Монголын гурван говьд алдартай анчин. Дундговь аймгийн Өндөршил сумынхан тэмээ барьдаг чонотой болчихсон гэж сандарцгаасан юм даг. Тэмээ барьдаг чоно ховор шүү дээ. Улмаар манай нутгийн харьяат Галсанням тайжаар чоно агнуулахаар Дундговь аймгаас хэдэн хүн зорьж очжээ.
Тэмээ чононд бариулаад байна гэсэн газраар Галсанням гуай мөр хайж, хэд хоног явж л дээ. Удалгүй гурван чоно агначихаад нутаг руугаа буцах болов. Нэг сумд гуравхан чоно байхгүй нь мэдээж. Нутгийн иргэд “Хөлс мөнгөө төлсөн байхад гуравхан чоно агначихаад явах гэлээ” гэхэд Галсанням гуай “Та нар намайг тэмээ барьдаг чоно агна гэсэн. Би түүнийг агналаа. Анчин хүн барж дуусгах биш, байгалийн тэнцвэрт байдлыг хамгаалахын тулд ан хийдэг юм” гээд явжээ. Тэр цагаас хойш Өндөрширээт суманд чоно тэмээ барьсан тохиолдол гарсан тухай би лав сонсоогүй.
Малын дайсан махчин чоно гэж ярьдаг боловч ангасан ч энэ мэтээр ухаан зардаг байжээ. Ёс заншлыг баримтлахын зэрэгцээ ан хийхдээ цаг хугацаа, нас, хүйс, тоо толгойг харан сонгож авладгийг санах хэрэгтэй. Түрүүлж харснаа л буудаад байх ёсгүй. Үртэй амьтны амийг таслахгүй гэдэг нь хүйс тэмтрэхгүй гэсэн ухаан юм шүү дээ.