Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилох талаар зөвшилцөх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр УИХ-д хүргүүлэв. М.Чинбат нь 1995 онд Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажлын гараагаа эхэлж, тус аймгийн Прокурорын газарт 2007 оныг хүртэл ажиллахдаа прокурорын орлогч хүртэл албан тушаал хашиж байжээ. Улмаар Багануур, Баянгол, Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт тасралтгүй ажиллаж, өнгөрсөн хоёрдугаар сард Улсын ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор томилогдоод байв.
С.Алиманцэцэг нь 1997 онд Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор анх томилогдсоноосоо хойш Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн болон нийслэлийн, Улсын ерөнхий прокурорын газарт 2012 оныг хүртэл тасралтгүй алба хаажээ. 2012-2014 онд МИАТ компанийн Хуулийн хэлтсийн даргаар томилогдсон ч үргэлжлүүлэн прокуророор ажилласан байна. Одоо тэрбээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокуророор ажиллаж буй юм.