“Петровис” компанийн Улаанбаатар дахь түгээх станцууд өчигдөр бүх төрлийн шатахууныхаа үнийг 45 төгрөгөөр нэмэв. Тэгвэл “Синчи ойл”, “М ойл”, “Сод Монгол” компанийн зарим станц хараахан нэмээгүй байлаа. Гэхдээ түгээгчид нь шатахууны үнэ нэмэгдэнэ гэж компанийнх нь удирдлагаас дуулгаад буйг хэлсэн юм. Шатахууны үнэ ойролцоогоор 30-50 төгрөгөөр нэмэгдэх нь тодорхой болоод байгаа аж.
Дэлхийн зах зээлд брент маркийн баррель газрын тосны ханш өнгөрсөн оны сүүлийн улиралд 81 ам.доллароос 59 хүртэл буурсан. Ингэснээр Монголд шатахууны үнэ 200 гаруй төгрөгөөр хямдраад байв. Тэгвэл брент маркийн газрын тосны ханш өдгөө баррель нь 68 ам.долларт хүрч өслөө.
Үүнээс улбаалан манай гол нийлүүлэгч ОХУ экспортын шатахууныхаа хилийн үнийг нэмжээ. Тухайлбал, Аи-92 төрлийн тонн шатахууны хилийн үнэ оны эхнээс 117 ам.доллароор нэмэгдэж, 648 “ногоон”-д хүрчээ. Шатахууны импортлогчид энэ сарын сүүлчээр шатахууны үнэ 100-150 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл өгөв.