Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа хар тамхи, хүний наймааны бохир бизнес эрхлэгчид Монголыг өөрсдийн баазаа болгохоор идэвхтэй ажиллах болсон талаар манай цагдаагийнхан өгүүлдэг. Тэд дэлхийг аалзны тор мэт хэрсэн гэмт хэргийн сүлжээндээ халаас хоосон, гэнэн монголчуудыг ашигласаар байна. Харийн оронд худалдагдсан, хар тамхи мансууруулах бодис зөөсөн гээд янз бүрийн гэмт хэрэгт холбогдсон манай иргэд хилийн чанадад хоригдож, зарим нэг нь цаазын тавцанд зогсохдоо тулаад байна. Нутаг нэгтнүүдээ ийм хар бизнесийн золиос болгогчид ч бий. Үеийнхээ монгол бүсгүйчүүдийг, тэр дундаа найз нөхдөө Малайзад худалдсан эгч, дүү Б.ЦэрэнЯнжин, Б.Ерөө-Янжин нарт холбогдох хэргээс уншигчдадаа хүргэе.
“ЭРЭЭНИЙ ЦААХНА ТАЛД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛД ОРУУЛЖ ӨГЬЕ”
Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай АОСС оёдлын үйлдвэрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Б.Ерөө-Янжин 2008 оны эхээр чанар шалгагчаар ажиллаж байв. Хотод ажил олж хийхээр хөдөөнөөс ирсэн А хэмээх бүсгүй тус үйлдвэрт ажилд орсноор тэд танилцаж, найз нөхөд болжээ. Дотно нөхөрлөж байсан энэ бүсгүйчүүдийн нэг нь нөгөөгийнхөө итгэлийг эвдэн харийн оронд худалдсанаар найз нар тангараг тасарсан юм. 2008 оны дундуур энэ бүсгүйчүүд ажлаасаа гарч, Б.Ерөө-Янжин эгчтэйгээ хамт бизнес хийж эхэлсэн байна. Энэ үедээ хятад хүмүүстэй танилцаж, ашиг олох амархан арга олсон нь охид, бүсгүйчүүдийг Малайзад биеийг нь үнэлүүлэх байлаа. 2008 оны арваннэгдүгээр сард Б.Ерөө-Янжин оёдлын үйлдвэрт хамт ажиллаж байсан найз Агийн амьдралыг сайн мэддэг болохоор түүнд хамгийн түрүүнд хилийн чанадад очиж өндөр цалинтай ажил хийх санал тавьжээ. Хохирогч бүсгүй “Ерөөтэй би оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа танилцсан.
Би тэднийхээр орж гардаг болж, эгч Б.Цэрэн-Янжинтай нь ч танилцсан. 2008 оны арваннэгдүгээр сард Ерөө надад “Малайзад хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, нохой салхилуулах ажил байна. Сард нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай. Хамт явъя” гэж санал тавьсан хэмээн цагдаад мэдүүлжээ. А түүний саналыг зөвшөөрсөн ч яг хэдийд явах нь тодорхойгүй байв. Гэтэл арваннэгдүгээр сарын 24-нд Б.Ерөө-Янжин “Одоо шууд явъя” гээд Улаанбаатар төмөр замын төв буудалд хүрээд ир хэмээжээ.
Түүнтэй хамт Э, Б гэх хоёр эмэгтэй явах болсон байлаа. Тэд төмөр замын төв буудалд очоод бэлтгэлгүй, мөнгөгүй, хувцас хунар ч авч амжаагүйгээ хэлэхэд Б.Ерөө- Янжингийн эгч Б.Цэрэн-Янжин Замын-Үүд, Эрээн хүрэх замын зардлыг нь гадаад паспорттай нь өгсөн байна. Тэгэхдээ Б.Цэрэн-Янжин “Зүгээр, зүгээр. Эгчийнх нь таньдаг хүмүүс байгаа. Санаа зоволтгүй.
Очоод сайхан сураад, ажил хийгээд байж байгаарай. Эгч нь хойноос нь очно” гэж тайвшруулжээ. Харин Э-г Б.Ерөө-Янжин “Чамайг Э гэдэг юм уу. Чамд ажил санал болгох гэсэн юм аа. Эрээний цаахна талд нэгэн караокед өндөр цалинтай ажилд оруулж өгье. Янз бүрийн асуудал байхгүй, санаа зоволтгүй” гээд элсүүлжээ. Ингээд тэд Замын-Үүдийн галт тэргэнд сууж, тэндээсээ Эрээн рүү автомашинаар хил давсан байна. Эрээнд Бай овогт хятад эр тэднийг тосож аваад хоолонд оруулж, буудалд нэг хонуулаад цаашаа БНХАУ-ын Гуанжоу хүрэх зардлыг нь өгчээ. Ингээд дөрвөн монгол бүсгүй унтаж явах зориулалттай автобусанд сууж өдөржин, шөнөжин давхисаар Гуанжоуд хүрэв.
Тэнд бас л хоёр хятад хүн тосон авч, онгоцны зардлыг нь өгч Малайз руу явуулжээ. Тэднийг КуалаЛумпурын онгоцны буудлаас хоёр малайз эр тосон авч Жесси гэдэг нэртэй, зарим үед Нэнси гэх нэрээр ч дууддаг 50 гаруй насны авгайтай уулзжээ. Жесси тэднийг мөн л хоёр эрэгтэйтэй уулзуулахад нөгөөдүүл нь эгээ л адуу мал шинжиж байгаа аятай баахан сонжсоны эцэст илээч болгоно хэмээн авсан байна.
Энэ талаар А хавтаст хэрэгт “Хоёр малайз эр биднийг яг л дэлгүүрээс эд бараа үзэж байгаа юм шиг шинжиж өндөр нам, тарган туранхайг маань хүртэл хэмжиж байгаад Э-г караокед, Б бид хоёроор иллэг хийлгэнэ гэж өөр өөр тийш нь авч явсан” гэжээ. Түүнээс хойш хоёр сарын дараа буюу 2009 оны нэгдүгээр сарын 15-нд Замын-Үүдийг С, Г, С гэх гурван эмэгтэй Б.Цэрэн-Янжин, Б.Ерөө- Янжин нарын хамт зорив. Тэд галт тэргэнд “вагон хурдлуулж” архи, дарс, шар айраг хүртэж, Замын-Үүдэд буугаад Б.Ерөө-Янжин нь ломбардад ээмгээ тавьсан, түүнийгээ авна гэх шалтгаар Эрээн рүү явалгүй хоцорчээ. Б.Ерөө-Янжин дээрх гурван бүсгүйтэй танилцахдаа “Би сая Малайзад ажиллаж байгаад ирлээ. Тэнд нэг сар ажиллаад гурван сая төгрөгтэй тэнцэх цалин авсан.
Цагаан сар болно гээд шал дэмий хүрээд ирлээ. Надтай хамт явсан гурван эмэгтэй Монгол руу явах сонирхол алга гээд үлдсэн. Та нар хамт явж ажил хийхгүй юм уу. Явбал маргааш явъя” хэмээн уран үгээр уярааж, өндөр цалин амлан дагуулж явсан нь тэр. Хувцас хунараа авах гэтэл “Хувцас хэрэггүй ээ. Малайзад хувцас, хоол унд хямдхан” гээд болиулсан байна. Тэднийг Б.Цэрэн-Янжин нь дээрх замаар дамжуулсаар Малайзад хүргэв.
ХУДАЛДАГДСАН МОНГОЛ БҮСГҮЙ АГААРЖУУЛАГЧААР ДАМЖИН ОРГОВ
Их мөнгөтэй болохоор Малайзад очсон бүсгүйчүүд эхний сард ямар ч цалин авсангүй. Тэднийг тосож авсан Жесси гэдэг авгай эхэндээ Куала-Лумпурын “Tiarra Inn” гэх зочид буудалд байрлуулж, 12.30-04.00 цаг хүртэл ажиллуулж байв. Ажиллуулах ч гэж дээ, биеийг нь үнэлүүлж олсон мөнгийг нь өөрөө хураан авдаг байж. Бүсгүйчүүд энэ байдлаас салахыг хүсэж Жессигээс гадаад паспортаа цалингийн хамтаар авъя гэж хэлэхэд “Танай Монгол эзэн та нарын мөнгийг авдаг. Үлдсэн мөнгийг нь би хоол байрны мөнгөнд чинь тушаадаг. Та нар мөнгөө төлж байж паспортаа ав. Танай монгол эзэн та нарыг 10000 ринггитээр худалдсан” гэдэг байжээ.
Удалгүй тэднийг зочид буудлаас гаргаж, хажууд нь байрлах дөрвөн давхар байранд оруулжээ. Бүсгүйчүүдийн амьдарч байсан өрөө нь 2-3 давхар төмөр хаалгатай, хэд хэдэн цоожтой, хаалганы гадна талд харуул хамгаалалттай байж. Хорь гаруй хятад эмэгтэйн хамт хоригдсон тэдний унтах газар нь шоронгийн наар шиг хэдэн банз. Үдээс эхлээд шөнө дөл болтол ажиллуулахдаа нэг бүсгүйг өдөрт 3-7 хүнтэй бэлгийн харьцаанд оруулдаг. Нэг хүнтэй дээд тал нь 45 минутын хугацаанд энгэр зөрүүлүүлдэг аж. Хэрэв удвал бүсгүйчүүдийг Жессигийн туслахууд зоддог байжээ. Үйлчлүүлэгчид нь янз бүрийн бусармаг зүйл шаардах бөгөөд биелүүлэхгүй бол бас л гар хүрдэг гэж хохирогч бүсгүйчүүд хууль хяналтын байгууллагад мэдүүлжээ. Зарим бүсгүй 2-3 удаа үйлчлүүлэгчдээ зодуулсан гэнэ.
Сүүлдээ монгол бүсгүйчүүдийг машинд суулган авч явж, нэгэн их дэлгүүрийн дэргэдэх хөшөөний хажууд машинтайгаа зогсож байгаад худалддаг болсон аж. Энэ бүгдийг тэсэхээ больж, Б.Цэрэн-Янжин, Б.Ерөө-Янжин нарт худалдагдсанаа мэдсэн бүсгүйчүүд ямар нэгэн аргаар гэртээ хэл дуулгаж, зугтах талаар ярилцдаг болжээ. 2008 оны арваннэгдүгээр сард очсон бүсгүйчүүдийн нэг нь Жессигийн жолоочид худлаа хэлж машинаас нь буугаад зугтсан байна. Ингээд нисэх буудал дээр хоног төөрүүлж байгаад нэгэн малайз залуугийнд амьдрах болжээ. Гэвч түүнийг уг залуугийнд очдог нэгэн эмэгтэй зарчих гэж гуйгаад байдаг болж. Энэ бүгдээс залхсан бүсгүй өөрийнхөө нүүрийг сэвтээчих вэл худалдагдахгүй гэж үзээд хэд хэдэн удаа хурц үзүүртэй зүйлээр нүүрээ зүссэн гэдэг.
Үүнийг үзсэн малайз эр, эм хоёр худалдах, худалдан авах тухай ярихаа больж, улмаар Жессигээс паспортыг нь аваад мөнгө өгч БНХАУ руу явуулсан байна. Тэр бүсгүй БНХАУ-ын хилийн нэгэн боомтоос ээжтэйгээ холбоо барьж, худалдагдсанаа хэлж, эх орондоо буцах гурван сая төгрөг олж өгөхийг хүссэнээр сая нэг юм нутгийнхаа барааг харжээ. Жессигийн хараа хяналттай улаан дэнлүүний асраас өөр хоёр бүсгүй оргосон ч нэг нь баригдан буцаж очсон гэнэ. Малайзын шинэ жил буюу манайхаар Цагаан сарын баяр болж бүсгүйчүүдийг дөрвөн давхар асартаа эзэд нь цоожлоод явцгаажээ. Энэ үед хоёр монгол бүсгүй гал тогооны өрөөний агааржуулагчаар дамжин оргосон байна. Ингээд Монголын Өргөмжит консулын газарт очиж нуугджээ.
Нэг өдөр тэдний нэг нь гадагшаа гарахад Жессигийн хүмүүс барьж аваад нөгөөх асарт нь хүргэжээ. Харин баригдаагүй үлдсэн бүсгүй ээж рүүгээ холбоо барьж “Б.Цэрэн-Янжин, Б.Ерөө-Янжин нар биднийг худалдсан” гэдгийг хэлсэн байна. Ингээд хууль хяналтын байгууллагынхан, хол богдох байгууллагуудтай хамтран эрэн сурвалжилсны дүнд Б.Цэрэн-Янжин Б.Ерөө- Янжин гэх эгч дүүс нийлж монгол бүсгүйчүүдийг хил давуулан биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор худалдсаныг тогтоожээ.
1977, 1982 онд төрсөн эгч дүүсийн хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх шийдвэрлэсэн бөгөөд Б.Ерөө-Янжинд 11, эгчид нь 10 жил нэг сар хорих ял оноосон. Давж заалдах болон Хяналтын шатны шүүх анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр баталсан билээ. Цагдаагийн байгууллагынхан энэ хоёр хүний золиос болсон найман хүн байгаа гэж үзэж байсан ч шүүх гурвыг нь л хохирогч гэж тогтоосон байна.
Гэмт этгээдүүд БНХАУ-д суралцаж байгаа монгол оюутнуудтай танилцан, улмаар тэднээр дамжуулан манай улсаас охид бүсгүйчүүдийг биеэ үнэлэх, мансууруулах бодис тээвэрлэх хэрэгт татан оролцуулах болсон талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагын ажилтнууд аваад байгаа гэсэн.
Г.Равжаа