Өнөөдөр Багануурын уурхайчид уурхайнхаа лицензийн төлөө, улсынхаа эрчим хүчний тогтвортой байдлын төлөө Улсын дээд шүүхийн гадаа тайван жагсаал хийж байна. Харамсалтайн даамжирвал улс эх орны аюулгүй байдалд нөлөөлж магадгүй энэ асуудлын араас явж, ярьж, тоож байгаа хүмүүс цөөн байгаа. Учир нь энэ асуудалд өнөөдөр улс төрийн хоёр тал болчхоод байгаа хүмүүсийн аль аль нь оролцсон юм. Хамгийн анх хууль зөрчиж хайгуул болон ашиглалтын лицензийг "Алтайн Гоулд"-д олгосон хүн нь тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга, өдгөө УИХ-ын гишүүн Лувсанвандангийн Болд. Харин өдгөө лиценз эзэмшиж байгаа "Алтайн Гянт" компани захирал нь Лу.Болд даргын өнөөдөр “үзэлцээд” байгаа Худалдаа Хөгжил, 49-тэй нэр холбогддог Ц.Пүрэвтүвшин. Тийм болохоор улсын эрчим хүчний аюулгүй байдал гэдэг үүднээсээ хүн бүрийн анхаарлын төвд байх ёстой энэ асуудлыг хэн ч тоохгүй, уурхайчид нь л жагсаж байгаа бололтой. Монголд нийтийн эрх ашиг биш нам, хэсэг бүлэг хүмүүст хэрэгтэй асуудал л газар авдаг болохын тод жишээ нь Багануурын уурхайн лицензийн асуудал.
Багануурын орд газарт улсын төсвөөр 1974-1975 онд хайгуулын ажил, 1988-1989 онд гүйцээх хайгуулын ажил, 2014-2015 онд нэмэлт хайгуул хийж нөөцийг нь тогтоосон. Гэвч 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд тухайн үеийн АМГТХЭГ дарга Лу.Болд Багануурын орд газарт багтах талбайд хайгуул хийх 12164Х дугаартай лицензийг “Алтай гоулд” ХХК-д олгожээ. Лу.Болд дарга ганцхан жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 2375 дугаар шийдвэрээр хайгуулын лицензийг 12959А дугаартай ашиглалтын лиценз болгочихсон. Ийн улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын лиценз олгож, ганцхан жилийн дотор түүнийг нь ашиглалтынх болгосон гэсэн үг. Харин “Алтай голд” ХХК нь 2010 онд лицензээ өдгөө Баганууртай шүүхдэлцэж байгаа “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн юм. Ц.Пүрэвтүвшин нь өдгөө "Алтайн Гянт"-ийн гүйцэтгэх захиралаар ажилаж байгаа юм.
Төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээний 60-70 хувийг дангаараа хангадаг “Багануур” компани уг маргаанд ялагдвал компани дампуурах аюултайгаас гадна Монголын эрчим хүчний тогтвортой ажиллагаа саатах эрсдэлтэй. Учир нь ДЦС-3 болон 4 тоног төхөөрөмж болон дэд бүтцээ "Багануур"-ын уурхайгаас нүүрс авахаар бодон зохицуулсан байдаг.