“Оточ манрамба” их сургуулийн уламжлалт анагаах ухааны их эмчийн нэгдүгээр дамжааны оюутан Р.Зоригтбаатартай ярилцлаа.
-Таныг “Тавантолгой” компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар олон жил ажилласан, уул уурхайн салбарын мэргэжилтэн гэж дуулсан. Эрүүл мэндийн салбар луу юу таныг хөтлөв?
-1975 онд аравдугаар ангиа төгсөхдөө л эмч болохыг мөрөөддөг байв. Гэвч тухайн үед эмч болоогүй хэд хэдэн шалтгаан бий. Миний нагац ах Өмнөговь аймагт эмч байсан. Нагац ах ээжид минь “Зоригтбаатарыг эмч болгож хэрэггүй. Энэ мэргэжил хэцүү, инженер болго” гэж захидаг байсан гэсэн. Арга ч үгүй биз. Аймгийн төвийн эмч дуудлагад явж, эмнэлэгтээ өвчтөн үзэхээс гадна шөнө нь жижүүртэй хонодог.
Хөдөө алслагдмал газарт олигтой ч тоног төхөөрөмж байхгүй, ажиллах нөхцөл хүнд. Түүнээс гадна миний үеэл дөрвөн хүүхэд надтай нэг ангид сурдаг байсан юм. Тэдний хоёр нь аавынхаа мэргэжлийг эзэмшинэ гээд эмч болохоор шийдсэн. Манай сургуульд эмчийн долоон хуваарь ирлээ. Түүнд 10 хүүхэд өрсөлдөхөөр болов. Би нэмэгдвэл 11. Би эмчийн шалгалт өгвөл тэнцэх нь тодорхой байсан.
Тиймээс үеэлүүдийнхээ урдуур ороод яах вэ гээд инженерийн мэргэжил сонгосон. 200 гаруй хүүхдээс би 11 дүгээрт жагсаж, Бүгд найрамдах Чехословак улсад суралцах хуваарь авлаа. Түүнээс хойш энэ мэргэжлээрээ 30 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд хүний амьдралд тохиолддог янз бүрийн саад бэрхшээл, үхэл, зовлон их тохиолдсон.
Ижий, аав минь залуу насандаа бурхны оронд зуурдаар одсон шалтгаан нь эмч нарын хариуцлагагүй үйлдэл байв. Энэ бүхэн миний сайн эмч болох мөрөөдлийг байнга сануулсаар ирсэн. Боломж гарвал энэ мэргэжлээр суралцана гэж боддог байв. 60 хүрсэн ч “Хөгширлөө, ажил хийгээд нэмэргүй”, “Өдөр, хоногоо өнгөрөөсхийгээд насыг барна даа” гэж бодоогүй.
Тэтгэвэрт суусныхаа дараа сургуулийнхаа танилцуулгыг зурагтаар хоёр удаа санаандгүй харсан. Энэ сургуульд юу заадгийг мэдчихээд заавал АШУҮИС-д элсэх шаардлагагүйг ойлгосон. Өнөө цагт уламжлалт анагаах ухаан шиг хэрэгтэй зүйл алга. Европын анагаах ухааныг манайхан 70 гаруй жил шүтлээ.
Үүнд буруу зүйл байхгүй ч монголчууд уламжлал анагаах ухаанаа орхиж болохгүй. 1921 оноос өмнө Европын шинжлэх ухааныг манай улсад нэвтрүүлээгүй байхад өвс, ургамлаар өөрсдийгөө эмчилж болоод л байсан. Дорнын анагаах ухааныг залуу хойч үедээ өвлүүлж буй ганц сургууль бол “Оточ манрамба”.
-Тус их сургуульд орохдоо элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн үү?
-Өгөөгүй. Гэхдээ сургуулийнхаа дэд захиралтай өнгөрсөн оны долдугаар сард уулзаж, хүсэл зорилгоо хэлсэн. Намайг дээд сургууль төгссөнийг үнэлж шалгалтгүй элсэхийг зөвшөөрсөн юм. Зарим хүн намайг элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн юм уу гэж фэйсбүүкт бичсэн байна лээ. (инээв) Ардчилсан нийгэмд хүсэл байвал хэн ч, хаана ч сурч болно.
Би байтугай Японы 90 настай эмэгтэй 2020 оны олимпод сайн дурын ажилтан болох гэж англи хэл сурч байна. Тийм байхад би 60 насандаа “Юу ч сурах юм билээ” гээд гараа хумьж суухыг хүсээгүй.
-Танд юм уу, танай гэр бүлийн гишүүдийн хэн нэгэнд ямар нэг анагаах увдис байдаг учраас энэ сургуулийг сонгосон юм уу. Бариа засал хийдэг үү?
-Би эхээс олуулаа учраас таван настайдаа нагац ахындаа мал хариулдаг байв. Зуны халуунд мал хариулахад тархи толгой мэнэрч, өвдөх нь бий. Толгойнхоо энд, тэнд нухахаар зүгээр болоод ч байх шиг. Дараа нь саахалтынхаа хүмүүсийн толгойг барьж өгөхөд өвчин нь илаарьшлаа гэсэн.
Манай сумд Балжид гэдэг хөгшин байлаа. Яагаад гэдгийг мэдэхгүй ч нэг нүдгүй, өнөөхөө даавуугаар боож, хаадаггүй учир нүд рүү нь нэг удаа өт цацчихаж л дээ. Тийм тохиолдолд нүдэн дээр нь нойтон мах тавиад боочихдог гэж хүмүүсээс сонссон юм.
Тэгэхэд би гуравдугаар ангид л байсан болов уу, энэ яриаг сонсоод Балжид гуайнх руу гүйчихсэн. Яваад очсон нүднийх нь өт хөдөлж байна шүү. Нүдэн дээр нь нойтон мах тавиад нэлээд хугацааны дараа авахад өтнүүд нь маханд наалдаад гараад ирсэн. Энэ мэтээр боломж гарвал хүнд буян болъё гэж боддог.
Надаар бариулж, өвчнөөсөө салсан хүмүүс бусдад намайг зааж өгөөд явуулчихдаг юм шиг байна лээ. Энэ талаар нэг их яриад байдаггүй юм. 100 хүн мэддэг байсан бол одоо 1000 гаруй хүн мэддэг болох нь ээ. (инээв)
Р.Зоригтбаатар гуай Өмнөговь аймагт амьдардаг бөгөөд их сургуулийн оюутан болсон тул Улаанбаатарт хүүхдийндээ сууж байгаа аж.
-Сурах шийдвэр гаргахад гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бол?
-Эхнэр минь дэмжсэн. Ирэх жилээс Улаанбаатарт суурьших бодолтой байгаа. Зуны амралтаараа нутаг буцна. Ах, дүү, найз, нөхөд минь ч надад урам өгдөг. Уурхайд ажиллаж байхдаа би “Тэтгэвэртээ гарсныхаа дараа эмчээр сурна” гэж байнга л ярьдаг байсан. Манай ажилчид “Та чадна шүү” л гэдэг.
-Одоо нэгдүгээр дамжааны оюутан гэсэн. Эмч болохын тулд олон жил зарцуулдаг. Ийм шийдвэр хүн болгоноос гарахгүй байх шүү?
-Би нэг их хэцүү, хүний хийж чадахааргүй зүйлийн араас явж байгаа юм биш. Зургаан жил суралцана гэхээр зарим хүн “Хөөх, хэзээ төгсөнө. Ийм удаан сурахын оронд дамжаа, курс дүүргээд нутагтаа буцвал болох биш үү” гэж гайхдаг. Гэвч би жинхэнэ мэргэжлийн эмч болохыг хүсдэг. Үүний тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Хэдхэн сарын дамжаагаар юу сурч амжих билээ. Шагай мултрахаар буцаагаад оруулж болдгийг л би мэднэ.
Гэхдээ яагаад, юунаас болоод шагай мултардаг, ямар үр дагавартайг нь бүр эхнээс нь мэргэжлийн багш нараар заалгахыг хүссэн юм. Манай сургуульд судас барьж оношлох аргыг заадаг. Харин хүүхдийн судсыг барьдаггүй, чихийг нь харж оношилдог гэсэн. Энэ мэт нарийн зүйлсийг дамжаанд суугаад төгсөхөд бүрэн эзэмшиж чадахгүй болов уу. Зургаан жил гэдэг тийм ч урт хугацаа биш.
Тооцоолоод үзвэл зун гурав, өвөл нэг сар шахам амарна. Нэг жилийн дөрвөн сарыг амарч өнгөрүүлнэ. Үлдсэн найман сараас амралтын өдрийг нь хасчихвал 70 гаруй өдөр буюу 2-3 сар хасагдана. Ингэхээр нэг жилд 5-6 сард нь эрдэмд шамдаж байна. Диплом авах хугацаа л зургаан жил болохоос яг тооцвол дөрөвхөн жил сурах юм билээ.
Энэ бол асар богино хугацаа. Өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд анх энэ сургуулийн босгоор алхсан. Өдий хүртэл маш их зүйл сурлаа. Тэр хэрээр цаг хугацаа ч хурдан өнгөрлөө. Бүр их зүйл сурах хүсэл төрж байна.
-Хүүхдүүд шигээ хүмүүстэй хамт хичээллэх ямар санагдаж байна вэ?
-Манай сургуулийн хүүхдүүд бурхны ном үздэг болоод ч тэр үү их дэгтэй, зарчимч. Шашны номд хүний санаа бодол цэгцлэх олон сургаал бий. Гадаадын зочид, төлөөлөгчид ирэхдээ ч манай сургуулийн оюутнуудыг магтдаг. Энэ сургуульд сурах гэж ирсэн хүүхдүүд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн, их том зорилготой юм байна гэж би хардаг.
Зарим хүүхэд бусдын шахалтаар, эсвэл дээд боловсрол эзэмшиж байвал алинд ч сурсан яах вэ зэргээр олдсон сургуульдаа элсэх нь бий. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. Хайран дөрвөн жил. Гэвч тэднийг буруутгахаас илүүтэй одоогийн нийгэм үүнд нөлөөлж байж мэднэ. Нийгэмд болж байгаа бүхнээс хүүхэд үлгэр дуурайл авдаг. Тиймээс манай багш “Орчлонгийн явдалд бүү огоор” гэж бидэнд сургадаг.
-Сургуулиа төгсөөд нутагтаа эмнэлэг байгуулж ажиллана гэж сонссон. Яагаад заавал нутагтаа гэж. Хүмүүс болж л өгвөл нийслэлд ажиллахыг илүүд үздэг шүү дээ. Тэр нь ч илүү ашигтай байх?
-Би “Тавантолгой” компанид хувьцаатай байлаа. Хөрөнгийн биржид байршуулсан хувьцаагаа алдсаар үлдсэн хэдийг нь зарж мөнгө болгосон юм. Эрүүл мэнд, боловсролыг бусад салбараас илүү хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог учраас хувьцаагаа зарсан мөнгөөрөө нутагтаа сургууль байгуулахаар шийдсэн. Сурах хүүхэд цөөн байсан.
Багш нарт ч чамгүй цалин өгдөг байсан учир сүүлдээ зардлаа нөхөж чадалгүй хоёр жилийн дараа сургуулиа хаахаас өөр аргагүй болов. Дараа нь хоёр багшаа үлдээгээд сургуулиа дугуйлан болгоод, хүүхдүүдээ нэг жил гаруй хугацаанд үнэгүй сургасан. Тэр сургуулиа эмнэлэг болгож ашиглах боломж бий. 800 ам метр талбайтай хоёр давхар байшин байгаа. Өмнөговь аймгийн анхны сургуулийн буурин дээр босгосон юм.
Нутагтаа эмнэлэг байгуулах өөр нэг шалтгаан бий. Говь гурвансайхан гэж сүрдмээр хайрхан бий. Тэнд эмийн маш олон ургамал ургадаг. Ургамлын онцлог, ашиг тусыг би гадарлана. Бидний ахмад үе эмнэлэг рүү явдаггүй байжээ. Эрүүл мэнддээ анхаарч нохойн хошуу, алтан гагнуур зэрэг ургамлыг өргөн ашигладаг ч өнөөгийнх шиг ховордоогүй байв. Орчин үед хэн дуртай нь авах хугацаа, аргыг нь мэдэхгүй байж ургамал түүгээд зогсохгүй “Энэ тийм юманд сайн” гэж худал хэлж борлуулдаг боллоо. Зөвхөн ашгийн төлөө байгаль эхээ сүйтгэж байгаа хүн цөөнгүй.
Харин номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан хүмүүс ондоо. Аливаа ургамлыг судалсан хүн түүнд хайр, гамтай хандана. Манай нутагт энэ чиглэлээр мэргэшсэн хүн байхгүй. Тиймээс манай нутгийн залуус энэ сургуульд элсэж, надтай хамт ажиллаасай гэж хүсэж буйгаа энэ ташрамд дуулгая. Энэ сургуульд сурч, уламжлалт анагаах ухаанд шамдвал нутагтаа очиход ажлын байр бэлэн гэсэн үг.
-Залуу насандаа суралцах, 50 гаруй жилийн дараа сурах хоёрт ялгаа байна уу?
-Байна. Хүүхдүүд таван удаа уншаад номоо цээжилдэг бол би 10 уншиж байна. Би дөнгөж 18-тайдаа, нутгаасаа ч гарч үзээгүй байхдаа гадаад орон руу сурахаар явж байсан. Тэндхийн хөгжил дэвшил тэс ондоо. Хичээл номдоо их шамддаг байсан ч чөлөөт цагаа хий дэмий зүйлд их үржээ, би. Бямба, ням гарагт хөлбөмбөг тоглох, кино ший үзэх зэргээр нааддаг байв.
Одоо бодох нь ээ, надад маш их боломж байж. Тоглож, наадах цагаа суралцахад зориулж болох л байсан. Ажиллаж байхдаа ч тэр. Ажлын төлөө хэнхэглэж, өөрийгөө гаргуунд нь гаргасан. Одоо би дэвшилт технологийн давуу талыг ашиглаж мэдэхгүй байна.
Чингис хаан “Багадаа сурахгүй бол насны зовлон, бар цагт босохгүй бол өдрийн зовлон” гэж хэлсэн байдаг. Одоогийн залууст маш их боломж байна. Интернэтээс хүссэн мэдээллээ авдаг болсон. Миний багад зааж өгөх хүн ч олддоггүй байлаа. Тиймээс залуус энэ хугацаа, боломжоо бүрэн ашиглаасай.
-Уурхайд ажиллаж байсан үеэ дурсахгүй юү. Таныг БНХАУ руу нүүрс экспортлох эхлэлийг тавихдаа зөвшөөрөл аваагүй гэж хүмүүс ярьдаг юм билээ?
-Намайг 1992 онд даргаар нь очих үед “Тавантолгой” уурхайгаас жилд 30 гаруй мянган тонн нүүрс гаргадаг байсан. Амьдралынхаа 25 жилийг тус компанид зориулжээ. Тухайн үед одоогийнх шиг ийм олон уурхай байгаагүй. Алт олборлодоггүй байсан.
“Тавантолгой”-д 12 жил зургаан сар даргаар нь ажиллахдаа БНХАУ руу нүүрс гаргаж эхэлсэн. Хоёр жил хөөцөлдсөний эцэст Хятадтай гэрээ байгуулсан ч буруудав. Тухайн үед аймгийн Засаг даргадаа хэлэлгүй гэрээ байгууллаа гэж сонинд нийтэлсэн байна лээ. Би тэр гэрээг их бүтээн байгуулалтын эхлэл гэж боддог. Хувьцаат компанийг жинхэнэ утгаар нь ажиллуулъя гэсэн зорилготой байсан юм.
Одоо ч гэсэн “Тавантолгой” компани хувьцааны ноогдол ашгаа хамгийн сайн тараадаг. Тухайн үед аймгийн даргад мэдэгдэх шаардлагагүй л гэж бодсон. Тэр үед “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” зэрэг уул уурхайн компани байсангүй. Жилд 30 гаруй мянган тонн нүүрс олборлодог байсан бол 2011 оноос зургаан сая тонн нүүрс олборлодог болов. Бидний нэг жилд гаргадаг байсан нүүрсийг 48 цагийн дотор л олборлодог болсон гэсэн үг. Техник технологи хөгжиж, Хятад руу нүүрс гаргадаг болсноор орлого ч нэмэгдсэн.
“Эрдэнэс Тавантолгой” одоогийнхоосоо ч илүү ашигтай ажиллах боломжтой. Үйл ажиллагаа руу нь улс төр ордоггүй, зөв зохион байгуулалт, менежменттэй бол ашигтай ажиллах боломжтой. Миний үед улсын хэмжээнд уул уурхайн салбарт 21 дарга ажиллаж байсан. Одоогийнх шиг олон даргагүй байв.
Тэд хариуцлагатайгаар, их хөдөлмөрлөсний үр дүнд бүгд гавьяат болжээ. Байгалийн баялгийг ард түмний өмч гэдгийг ойлгодоггүйгээс л олон асуудал үүсдэг. Мөн уул уурхайн мэргэжилтнүүд салбартаа ажиллахгүй байна. Мэргэжлийн бус хүмүүс газар, шороогоо сэндийлэх боллоо.
-Та өөрийгөө гавьяа, шагнал хүртэх ёстой гэж боддог уу?
-Үгүй. Гавьяа шагнал өгье гэсэн ч авахгүй. Цаг хугацаа нь өнгөрчихсөн байхад нөхөн олгодог тогтолцоо буруу юм шиг санагддаг. Түүний оронд анагаах ухааны салбартаа амжилт гаргахыг зорьж байна. Миний хадам аав 92 настай, ануухнаараа байна. Аав шигээ насаллаа гэж бодоход ахиад 30 жил хөдөлмөрлөх боломж надад байгаа гэсэн үг.
-Таныг минималист үзэлтэй гэж сонссон?
-Тийм ээ. Шүүгээгээр дүүрэн хувцас, том орон сууц, ганган машин надад хэрэггүй. Бас нэр хүнд, албан тушаал, алдар гавьяаны хойноос хөөцөлдөөд байдаггүй. Энгийн амьдрах л сайхан шүү дээ.