Монголын валютын зах зээлд сүүлийн нэг сарын хугацаанд ам.долларын ханш тогтвортой байлаа. Тодруулбал, Төвбанкнаас зарласан “ногоон”-ы дундаж ханш 2628-2632 төгрөгт хэлбэлзсэн юм. Иргэд, импортын жижиглэн худалдаа эрхлэгчид голдуу үйлчлүүлдэг “Найман шарга” валют арилжааны төвийнхөн ам.долларыг 2631 төгрөгөөр авч, 2634-өөр борлуулж байв. Хар зах гэгддэг тус төвд ч валютын ханш тогтвортой байгааг ченжүүд нь дуулгасан. Ам.доллар нь манай улсын гадаад худалдаа, валютын эргэлтэд гол үүрэг гүйцэтгэдэг учраас онцгойлон авч үздэгийг энд дуулгая.
Бизнесмэнүүд “ногоон”-ы ханш байнга ийм тогтвортой байгаасай гэж хүсэж буй нь лавтай. Тэд “Валютын ханш өндөр байх нь хамаагүй. Харин тогтвортой байх нь чухал” гэж ярьдаг. Ханш тогтвортой байвал бизнесээ урт хугацаанд баримжаа сайтай төлөвлөж чаддаг учраас ингэдэг юм. Ам.долларын ханш тогтвортой байх нь эдийн засгийн микро түвшинд бизнесээ төлөвлөхөд тустай бол макро орчинд инфляц хөөрөгдөхгүй, зээлийн хүүг бууруулах, төгрөгт итгэх итгэлийг сэргээх гэх мэт эерэг нөлөөтэй. Судлаач, шинжээчид “Ханшийг эдийн засгийн толь” гэдэг. Тэгэхээр цаад утгаараа эдийн засаг тогтворжсон нь ханшийг савлуулахгүй байх суурь нөхцөл болжээ.
Гэхдээ өдгөөгийн нөхцөл байдлаас ханш тогтвортой байх хэд хэдэн хүчин зүйлийг харж болохоор байна. Монголбанк өчигдөр валютын зах зээлд 52.5 сая ам.долларыг 2632 төгрөгийн ханшаар нийлүүлэв. Хоёр хоногийн өмнө ойролцоо ханшаар 22.3 сая ам.доллар зах зээл рүү “урсгасан” юм. Төвбанк оны эхний улиралд зах зээлд нийт 470 сая “ногоон” нийлүүлсэн. Ингэхээр шинэ он гарснаас хойш 540 гаруй сая ам.долларын интервенц хийжээ. Хагас тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлсэн нь ханшийг тогтворжуулахад хүчтэй нөлөөлсөн нь дамжиггүй. Шинэ оны эхэнд “ногоон”-ы дундаж ханш 2667 төгрөгт хүрч, дээд амжилт тогтоосон. Ингэхэд нь Төвбанкнаас их хэмжээний интервенц хийж эхэлсэн юм. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэвлэлд ярилцлага өгөхдөө 2018 онд нийт 1.2 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлснээ дурдсан. Тэгэхээр ханшийг тогтворжуулахын тулд жил гаруйн хугацаанд бараг хоёр тэрбум ам.долларын интервенц хийжээ. Тэрбээр 2016 онд Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа зах зээлд валют нийлүүлж, ханшийг тогтворжуулах бодлого баримтлаагүй. Харин сүүлийн хоёр жилд интервенц тогтмол хийж буй. Интервенц тогтмол хийх нь ам.долларын ханшийг тогтворжуулах нөхцөл болно.
Ам.долларын ханшийг тогтворжуулсан өөр нэгэн хүчин зүйл нь төлбөрийн тэнцэл ашигтай гарсан явдал. Статистик мэдээллээр энэ оны эхний хоёр сарын байдлаар төлбөрийн тэнцэл 181.2 сая ам.долларын ашигтай гарчээ. Төлбөрийн тэнцлээр манай улсаас гарч буй болон орж ирж байгаа валютын зөрүүг илэрхийлдэг. Гарахаасаа орж ирж буй валют багасаж, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарвал ам.долларын ханш өснө. Валют дутагдаж, эрэлт нэмэгдэх учраас ханш өсөх нь дамжиггүй. Харин төлбөрийн тэнцэл ашигтай гарч буй учраас ам.долларын ханшийг өсгөх “хөшүүрэг” болохгүй. Тэгэхээр одоогоор төлбөрийн тэнцлээс шалтгаалж, ханш өсөх нөхцөл алга. Манай улсын экспортод гаргадаг ашигт малтмалын үнэ сүүлийн жилүүдэд өссөн агаад тогтвортой байгаа. Иймээс гадаад худалдаа дагаад ашигтай гарч буй юм. Гадаад худалдаа 2017 оны эцэст 1.8, өнгөрсөн онд 1.1 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Тэгвэл энэ оны эхний хоёр сарын байдлаар 256 сая ам.долларын ашигтай байв. Дэлхийн зах зээлд алт, нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг манай экспортын гол бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Шинжээчид энэ онд ашигт малтмалын үнэ тогтвортой байна гэсэн таамаг дэвшүүлж буй. Ингэвэл гадаад худалдаа ашигтай гарах нь тодорхой. Төлбөрийн тэнцэл ашигтай гарахад экспортын орлого гол үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Төлбөрийн тэнцэл ашигтай гарах нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, тусламжаас шалтгаалдаг. Энэтхэгийн Засгийн газрын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа. Мөн Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатарыг Дархан-Уул аймаг, Налайх дүүрэгтэй холбох авто зам барина. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үүнээс эдийн засагт нэг тэрбум ам.долларын орж ирэх юм. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавих ажлыг нүүрсээ урьдчилан борлуулж үргэлжлүүлнэ. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд манайд зээл олгоно. Энэ оны төсвийг 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар баталсан. Төсвийн алдагдлыг дотоодын зах зээлд бонд гаргахгүйгээр, гадаад эх үүсвэрээр нөхөх бодлого Сангийн яам баримтлаж буй. Тэгэхээр ам.долларын орох урсгалыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Эдгээр нь мөн л төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш тогтвортой байх суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.
Монгол Улс жижиг эдийн засагтай. Гэхдээ олон улсын эдийн засгийн нөхцөл байдал манай валютын зах зээлд их, бага хэмжээгээр нөлөөлдөг. АНУ-ын ажилгүйдлийн индекс дэлхийн эдийн засагт дам нөлөө үзүүлдэг гэж шинжээчид дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, АНУ-д ажилгүйдэл нэмэгдвэл дэлхийн эдийн засгийн өсөлт саардаг зүй тогтолтой. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүү “долларжсон” эдийн засагтай орнуудын валютын зах зээлд нөлөөлдөг. Манай улсын эдийн засгийг “долларжсон” гэж судлаачид дүгнэдэг юм. Иймээс Холбооны нөөцийн банкны шийдвэр манай зах зээлд ч нөлөөлөх нь.
Холбооны нөөцийн банкны Бодлогын зөвлөл өнгөрсөн сарын 19-20-нд хуралдаж, бодлогын хүүг хэвээр буюу 2.5 хувьд үлдээхээр шийдвэрлэсэн. Тус банкны тэргүүн Жером Пауэл “АНУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой, инфляц зорилтот түвшинд, ажилгүйдэл бага байгаа тул бид бодлогын хүүг өөрчлөх тал дээр хүлээцтэй хандах нь зүйтэй” гэж мэдэгджээ. Холбооны нөөцийн банк ийм байр сууриа энэ он дуустал хадгалах төлөвтэй байгаа аж. Тэгэхээр дэлхийн их гүрэн энэ жилдээ мөнгөний бодлогоо чангаруулахгүй бололтой. Үүнийг ам.долларын нийлүүлэлт өнөөгийн түвшиндээ тогтвортой байна гэж ойлгох хэрэгтэй. Нийлүүлэлт хэвийн байх учраас ам.долларын ханш өсөхөд бодитой нөлөөлөхгүй. Хэрэв бодлогын хүүгээ бууруулсан бол “ногоон”-ы ханш дэлхий даяар сулрах байлаа. Бодлогын хүүгээ хэвээр хадгалах АНУ-ын шийдвэр нь ханш тогтвортой байх таатай хөрс болно.
Манай улсын зах зээлд жилийн өмнө ам.долларын дундаж ханш 2391 төгрөгтэй дүйж байлаа. Тэгвэл жилийн хугацаанд 240 төгрөгөөр буюу 10 гаруй хувиар өсжээ. Гадаад төлбөр тооцооны голлох валютын ханш жилд 10 хувиар өсөх нь бизнесийн сектор, цаашлаад эдийн засагт тогтворгүй, тодорхойгүй байдал үүсгэх нь гарцаагүй юм. Эдийн засгийн нөхцөл гэнэтийн зүйлээс шалтгаалан яаж ч өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ одоогийн суурь нөхцөлөөс үндэслэн дүгнэвэл энэ жил ам.долларын ханш тогтвортой байх төлөвтэй. Ам.долларын ханш тогтворжвол монгол хүн бүрийн халаасанд тустай юм.