Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбооноос Д.Сүхбаатарын талбайг тойрсон авто зам дагуу "Машинтай жагсаал"-ыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зохион байгуулаад байгаа билээ. Цагаан хоолой барин дэргэдүүр өнгөрөх тэдгээр жагсагчдын дуу хоолойг бид чихнийхээ хажуугаар зүгээр л өнгөрөөчихсөн. Тэгвэл тэд юу хэлж, юу шаардав? Энэ талаар та бүхэнд дэлгэрэнгүй хүргэж байна.
"Манжийн дарлалын үед Даашинхүүгийн пүүсээс монголчуудад 38 хувийн хүүтэй зээл өгч мөнгө хүүлдэг байсан. Даашинхүүгийн пүүс 38 хувийн хүүтэй байхад монголын харц ардууд босож тэмцэж байлаа. Гэтэл өнөөдөр эрх баригч Монгол ардын намын хэсэг бүлэг гишүүд ЖДҮХС-аар дамжуулан өөрсдөдөө гурван хувийн хүүтэй зээл авах боломж олгож байгаа мөртлөө биднийг 30-60 хувиар хүүлж байна. Сарын 3.5-5 хувийн хүү гэдэг нь жилээрээ 60 хувь шүү дээ.
Сири, Афганистан зэрэг орнуудад зээлийн хүү жилийн 15 хувьтай байна. Гэтэл Монголд жирийн хүн 80.0 сая төгрөгөөр байр аваад 250.0 сая төгрөг буцааж төлж буй. Мөн 12 сая төгрөгийн машин аваад 36 сая төгрөг болгон буцаац төллөө. Түүнчлэн энгийн бизнес эрхлэгчдэд 24 хувийн хүүтэй зээл олгож байна. Судалгаанаас үзвэл Монголын 1.3 сая хүн өнөөдөр зээлийн хүүнд дарлуулжээ.
Монголын Засгийн газар Өмнөд Солонгосын талаас зээлж буй 500.0 сая ам.доллараар 25 мянган айлыг орон сууцаар хангах боломжтой. Гэтэл энэ мөнгийг "Солонго 1, 2" гэх мянгахан айлын орон сууцанд зарцуулж байгаа нь үргүй зардал бий болгож байна" гэлээ.
Иймд жагсагчид цалин тэтгэвэрийн зээлийг жилийн 9 хувь, ипотекийн зээлийг жилийн 3 хувь болтол нь буруулах шаардлагыг Засгийн газарт тавилаа.
Ташрамд дурдахад, тус холбооноос өнгөрсөн оны 11 дүгээр сард шатахууны үнийг бууруулахыг шаардсан автомашинтай жагсаал зохион байгуулж байжээ.