НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар Умард Атлантын гэрээ байгуулсны 70 жилийн ойг уг түүхэн үйл явдал болсон АНУ-ын Вашингтон хотод тэмдэглэж байна. Дэлхийн II дайны дараа ЗХУ-аас учирч болзошгүй аюулаас хамгаалах зорилготой, Европт энх тайван тогтоож, гишүүд хоорондын хамтын ажиллагааг дэмжин, тэдний эрх чөлөөг хамгаалахын тулд Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-г байгуулжээ.
Бельги, Канад, Дани, Франц, Исланд, Итали, Люксембург, Нидерланд, Норвег, Португал, Британи, АНУ гэсэн 12 улс гэрээнд гарын үсэг зурж, АНУ-ын генерал Дуайт Эйзенхауэр НАТО-гийн нэгдүгээр дээд командлагчаар томилогдсон байна. Үүсэн байгуулагдсан мөчөөсөө хойш НАТО долоон удаа шинэ гишүүн элсүүлснээр тэдгээрийн тоо өдгөө 29 болжээ. Аюулгүй байдлаа хамтаар хамгаалах гэрээнд заасан буюу эвслийн нэг гишүүнд халдах нь бүгдэд нь довтолсонд тооцохыг тусгасан байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд орохын өмнө Дональд Трамп НАТО-г үеэ өнгөрөөсөн байгууллага гээд, шинэ гишүүн Черногорыг хамтран хамгаалах үндсэн зарчмаа Америк биелүүлэх, эсэхийг лавлажээ. Вашингтон урьдын адил НАТО-г дэмжихийг АНУ-ын албаны хүмүүс онцлон тэмдэглэсээр буй хэдий ч цэрэгтээ хангалттай хөрөнгө гаргахгүй байна хэмээн Европын холбоотнуудаа Д.Трамп зэмлэсээр байна.