Наймхан грамм “биедээ” дэлхий ертөнцийг багтааж чаддаг ганцхан эрхтэн бол нүд. Тэр тусмаа тархийг илүүтэй ажиллуулдаг болохыг судалгааны олон баримт гэрчилнэ. Хүн нүдээрээ бус тархиараа “хардаг” гэж ярьдаг нь үүнтэй холбоотой. Биеийн хамгийн их ажилладаг булчин учраас амархан муудаж, өвчилдөг юм байна. Манай улс нүдний олон төрлийн өвчнийг оношилж, эмчилж буй. Гэхдээ хүмүүсийн тэр бүр анзаардаггүй, мэддэггүй торлог шилэнцрийн эмгэгийн талаар энэ удаа мэдээлэл хүргэхийг зорилоо.
Нүдний торлог бүрхүүл нь гэрэл зургийн хальстай адил үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүний харж буй хэлбэр дүрсийг үүсгэдэг аж. Торлогийн төв хэсгийн шар толбо нь ном унших, хүн таних зэрэг хамгийн чухал үүрэгтэй. Уг толбо цоорох эрсдэл 60-аас дээш насанд, эмэгтэйчүүдэд эрчүүдээс гурав дахин их тохиолддог болохыг эмч нар хэлэв. Аливаа юмс хэлбэр дүрсээ алдаж харагдах нь дээрх өвчний шинж тэмдэг гэнэ.
Нүдний алим тунгалаг, хагас шингэн, цэлцгэнүүр бодисоор дүүрэн байдаг ба үүнийг анагаах ухаанд шилэнцэр (нүдний цэцгий) гэж нэрлэдэг юм байна. Хэвийн үед шилэнцэр нь нүдний алимыг бүрэн дүүргэж, торлог бүрхүүлийн гадаргууд наалдсан байдаг. Нас дээр гарах тусам энэ нь шингэрч, торлог бүрхүүлээс хөндийрсөөр, хуурдаг гэнэ. Үүнийг шилэнцрийн арын хуурал гэх ба ихэвчлэн дунд насныханд тохиолддог. Мөн ойрын хараа муутай хүмүүс үүгээр өвчлөх нь элбэг аж.
Нүдэнд хар юм хөвөх буюу шилэнцэр хуурах нь голдуу чихрийн шижин, үрэвсэл, гэмтэлтэй холбоотойг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Цэгэн, толбон, зураасан, аалзны тор шиг гэх мэт олон янзын дүрс нүдэнд үзэгдэх нь торлог шилэнцрийн эмгэг үүссэнийг “хэлж” буй хэрэг. Шилэнцрийн арын хуурлын эхэн үед нүдэнд гэрэл гялбах зовиур илрэх нь элбэг гэсэн. Харанхуйд ч уг шинж илэрч болно.
Торлог бүрхүүл нь гэрлээр биш шилэнцрийн хөдөлгөөнөөр өдөөгддөг учраас тэр. Шилэнцэр хуурах явцад торлогоо урах аюултай аж. Энэ нь цаашид торлог хуурах, хараагүй болох эрсдэлтэй гэсэн үг. Гэхдээ аз болоход ихэнх өвчтөнд шилэнцрийн хуурлын дараа торлогийн асуудал үүсдэггүй аж.
Торлог шилэнцрийн хагалгааг дэвшилт тоног төхөөрөмжид суурилан, өндөр ур чадвар шаардаж хийдэг бөгөөд улсын эмнэлгүүд техник хэрэгсэлгүйгээс болж үргэлж хоцордог байв. Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн БНСУ-ын эмч нартай хамтран торлог шилэнцрийн мэс заслыг 2015 онд эх орондоо анх хийсэн юм. Түүнээс хойш улс, хувийн эмнэлгүүд дээрх хагалгааг нутагшуулснаар монголчууд гадаад улс руу явж эмчлүүлэх нь багассан.
Гэвч хувийн эмнэлэгт дээрх хагалгааг өндөр үнэтэй хийдэг тул иргэдэд хүнд тусах болсон аж. Энэ төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын ганц эмнэлэг нь алдаг оног мэс засал хийх болсноор эрэлт буцаад нэмэгдсэн гэсэн үг. Харин Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн торлог шилэнцрийн мэс заслыг өнгөрсөн оны сүүлчээс хийж эхэлсэнд иргэд ам сайтай байна.
ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА
С.ЭНХТУУЛ: Шилэнцэр ховхрох явцдаа торлогоо татаж, урах аюултай
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлалын тасгийн их эмч С.Энхтуулаас дараах зүйлийг тодрууллаа.
-Танай эмнэлэг нүдний ямар ямар төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Нүдний даралтын, болор, зовхи, ухархайн, нүдний мах авах зэрэг ихэнх төрлийн хагалгааг хийж байна. Хамгийн сүүлд буюу 2018 оны аравдугаар сараас торлог шилэнцрийн мэс засал хийх болсон. Тасаг 30 ортой, есөн эмчтэй үйл ажиллагаа явуулдаг ч ачаалал ихтэй.
-Торлог шилэнцрийн эмгэг юунаас шалтгаалж үүсдэг юм бол?
-Нүдний алимыг өмнөд болон арын хэсэг гэж хуваадаг. Өмнөд хэсэгт эвэрлэг, болор, ард талд шилэнцэр, торлог байрлана. Шилэнцэр гэдэг нь манайхны хэлдгээр нүдний цэцгий юм. Нүдний гурван давхар бүрхүүлийн хамгийн дотор талынх нь торлог бөгөөд мэдрэлийн эд, эс агуулдаг тул тархинд мэдээлэл дамжуулж, харах боломж олгодог чухал хэсэг.
Торлог шилэнцрийн өвчин үүсэх олон шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд манайд гэмтэл, чихрийн шижинтэй холбоотой энэ төрлийн эмгэг ихсэж байна. Дээрх өвчний үед ихэнх тохиолдолд мэс засал хийлгэх шаардлагатай болдог.
-Уг өвчнийг хэрхэн таних вэ?
-Нүдний тунгалаг орчин буюу болор, шилэнцэр бүдгэрсэнтэй холбоотойгоор ихэнх хүнд хар юм хөвөх шинж тэмдэг ажиглагддаг. Энэ нь нас ахих тусам бодисын солилцооны эрчим буурч, шилэнцэр нь гель (цэлцгэнүүр)-н бүтцээ алдаж, усжиж эхэлсэнтэй холбоотой. Шилэнцэр нь анхнаасаа торлогтойгоо хальсаар холбогдсон байдаг.
Усажсаны дараа хатингаршиж, торлогоосоо хуулардаг. Нүдний хөндийд шилэнцэр чөлөөтэй хөвж эхэлмэгц тухайн хүнд янз бүрийн хэлбэр дүрстэй зүйл харагдах зовиур илэрнэ. Физиологийн явцад үүссэн шилэнцрийн хуурлыг эмгэг гэж үзэхгүй. Зарим тохиолдолд залуу насанд шилэнцэр хуурч болно. Энэ нь харааны шил зүүдэг хүмүүст хамаатай.
Нүдэнд янз бүрийн хэлбэр дүрстэй юм хөвөх зовиур аажимдаа арилна. Гэхдээ алга болно гэсэн үг биш. Тархи түүнд дасан зохицож, анзаарахаа больдог.
-Тэгвэл ямар тохиолдолд эмгэг хэмээж, урьдчилан сэргийлдэг юм бэ?
-Шилэнцэр усжих, ховхрох явцдаа торлогоо татаж, урах тохиолдол гардаг. Торлог урагдвал хараагүй болох аюултай. Тэгэхээр нүдэнд хар юм хөвөх, оч гялалзах, хараа таллаж, хөшиг шиг хаагдах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт цаг алдалгүй хандах шаардлагатай.
Иргэд эрүүл мэндийн боловсролтой байж, өвчний эхэн үед эмчид хандах нь чухал. Эдгэрэх магадлал нь ч өндөр. Харамсалтай нь, өвчтөнүүдийн олонх нь хар юм хөвөх байтугай “хөшиг нь хаагдсан”, хараагүй болсон хойноо хүртэл эмчид хандаж байна. Хүндэрсэн үед нь хагалгаа хийлээ ч үр дүн маш муу.
-Торлог шилэнцрийн мэс заслыг хэзээ хийлгэх вэ?
-Нүдэнд хар юм хөвөх шинж илрэнгүүт эмчид заавал үзүүлэх ёстой гэж дээр хэлсэн. Хараа муудаж, оч үсрэхийг нь хүлээх хэрэггүй. Энд тэндээ цоорсон байна уу, торлог урагдсан, эсэхийг шалгуулна. Ялангуяа, 40-өөс дээш насны, шилэнцэр нь хуурсан хүмүүс жилд дор хаяж нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх хэрэгтэй. Нас ахих тусам нүдний өвчинд өртөх магадлал ихэсдэг.
Нүдний цэцгий их хэмжээгээр бүдгэрсэн, шохойжсон үед хараа мууддаг. Энэ тохиолдолд мэс засал хийлгэх заалттай. Түүнчлэн нүдний даралттай, чихрийн шижинтэй, гэмтэл авсны улмаас цэцгийд нь цус хурсан, гаднын биет орсон тохиолдолд хагалгаа хийлгэнэ.
Торлог хуурсан тохиолдолд мөн мэс заслын аргаар эмчилдэг. Эрүүл мөртлөө физиологийн хувьд өндөр настай хүмүүсийн торлог нь хуурч унах нь бий. Энэ нь маш бага тохиолддог. Үүнээс гадна харааны шил зүүдэг хүмүүсийн нүд хэмжээнээсээ сунасантай холбоотойгоор торлог нимгэрдэг. Өөрөөр хэлбэл, торлог бүрхүүл хэврэгшдэг гэсэн үг. Ийм үед торлог урагдаж, хуурах эрсдэлтэй.
-Эмчилгээний үр дүн хэр хугацаанд гарах бол?
-Ямар шалтгаанаар мэс засал хийлгэж байгаагаас хамаарч арга, хэрэгслүүд нь өөр. Торлог хуурсан бол шахаж, наах, шилэнцэр бүдгэрсэн үед шингэнийг юүлж, тос, хий, уусмалаар дүүргэдэг. Нүд өөрийгөө тэжээх хангалттай шингэн ялгаруулдаг тул аажимдаа солигдоод, нөхөгдөнө гэсэн үг.
Тухайн өвчтөн мэс засал хийлгэх шаардлагатай болсон нь хараа муудсаныг илтгэнэ. Шилэнцэр бүдгэрсэн, торлог хуурсан тохиолдолд харж чадахгүй. Хагалгаа амжилттай болбол хараа сэргэнэ. Энэ нь өвчний хүндрэл, явц зэргээс хамаардаг. Торлог хуураад удаагүй байхад эмчилгээний үр дүн 85 хувьтай байх жишээтэй. Хугацаа алдах тусам эдгэрэх магадлал нь буурна.
Хүн хөгшрөх явцад шилэнцэр усжиж, хууларсны дараа нүдэнд хар юм хөвөхөөс өөр шинж тэмдэг илрэхгүй бол асуудалгүй. Ихэнх тохиолдолд зүгээр өнгөрдөг гэж ойлгож болно. Гэхдээ хүндрэл гарч болзошгүй тул мэргэжлийн эмчид үзүүлж, оношоо баталгаажуулах нь зүйтэй. Хүн амын таван хувьд торлог шилэнцрийн эмгэг үүсдэг гэсэн судалгаа бий.
-Хагалгааны зардлыг хүмүүс сонирхох байх. Даатгалаар үйлчлэх үү?
-Манайх 2018 оны аравдугаар сараас өдий хүртэл өөрсдийн нөөц бололцоо, олон улсын байгууллагуудын хандив тусламжаар дээрх мэс заслуудыг үнэ төлбөргүй хийж байна. Удахгүй санхүүжилт дуусна. Нүдний мэс засал нь өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд ордог учраас торлог шилэнцрийн хагалгааны зардлын тодорхой хувийг даатгалаас санхүүжүүлэх болсон.
Удахгүй төсвийг нь шийдэх байх. Уг хагалгаанд 10 орчим сая төгрөгийн эм тариа, материал, багаж хэрэгсэл шаарддаг. Даатгалтай иргэд 2.5 сая төгрөгөөр эмчлүүлэх боломж бүрдсэн.