Үржлийн үе эхэлж буйтай холбогдуулан загас барихыг ирэх зургадугаар сарын 15 хүртэл хориглолоо. Загасны үржлийн оргил үе 4-6 дугаар сард тохиодог. Тиймээс БОАЖЯ-наас жил бүр ийм шийдвэр гаргасаар ирсэн. Дээрх хугацаанд загас 20 дахин өсдөг аж. Үржлийнх нь үед загас барихад тухайн төрөл, зүйлийг устах эрсдэлд оруулдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа.
Агнуурын бүс нутгаас бусад газарт, заасан хугацаанд, хориглосон эд зүйл ашиглан загасчилбал хууль бусаар олсон орлогыг нь хурааж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэн, хүнийг 300, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох заалт Зөрчлийн тухай хуульд бий.
Гутаарь, зэвэг, хадран, цурхай, тул загасыг 210 хүртэлх мянган төгрөгөөр үнэлж, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн уг мөнгөн дүнг хоёр дахин өсгөж нөхөн төлүүлэх хуультай.