82 настай Абдул Азиз Бутефлика Алжир улсыг 20 жил удирдсаны эцэст олон нийтийн шахалтаар албан тушаалаа өгчээ. Хэдэн хоногийн өмнө түүний энэ сарын 28-аас урьтаж огцорно гэсэн мэдэгдэл эсэргүүцэгчдэд хангалттай санагдаагүй аж. Бүтэфликааг ийнхүү огцрохоос өмнө Алжирын Армийн Ерөнхий штабын командлагч Ахмед Гаед Салах тус улсын Ерөнхийлөгчийг үүргээ гүйцэтгэх чадваргүй тул албан тушаалаас нь огцруулахыг шаардсан мэдэгдэл хийсэн юм.
“Бид энэ хямралаас нэн даруй гарах хэрэгтэй байна. Гэхдээ үндсэн хуулийнхаа хүрээнд” гэж тэрээр өнгөрсөн сарын 26-нд Алжирын төв телевизээр хэлээд Үндсэн хуулийн 102 зүйлийг ашиглахыг санал болгожээ. Эл зүйлээр бол хэрэв ерөнхийлөгч цаашид үүргээ биелүүлэх чадваргүй болсон нөхцөлд ерөнхийлөгчийн албан тушаалыг чөлөөтэй орхиж болох аж.
Ерөнхий командлагчийн ийнхүү мэдэгдэл хийх болсон нь цус харваад тэргэнцэр дээр явах болсон Абдул Азиз Бутефлика дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа нэр дэвшинэ гэж хэлсэнтэй холбоотой аж. Үүний дараа Алжирт нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Эсэргүүцэл хэдэн долоо хоног үргэлжилсний дараа Ерөнхийлөгч Батерфлика сонгуульд нэрээ дэвшүүлэх шийдвэрээсээ буцсан юм. Гэвч нэгэнт хүчээ авсан эсэргүүцлийн хөдөлгөөн улс төрийн системийг бүхэлд нь өөрчлөхийг шаардах болжээ.
Абдул Азиз Бутефлика төрийн толгойд 1990-ээд онд тус улсад дэгдсэн иргэний дайны дараа цэргийнхний дэмжлэгтэйгээр гарчээ. Тэрээр Алжирын цэргийн дээд удирдлагуудыг хүрээний хүн бөгөөд улсынхаа тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцож байсан ахмад дайчин, асар нэр хүндтэй нэгэн байжээ. Өмнөх сонгуулиудаар тэрээр бусад нэр дэвшигчдээс саналын их зөрөөтэйгөөр ялж байсан ч бүх өрсөлдөгчид нь сонгуульд луйвар орсон гэж мэдэгдэж байжээ. 2008 онд Ерөнхийлөгчийнхөө хоёр дахь хугацаанд Батерфлика Үндсэн хуульд ерөнхийлөгч хоёр дээш удаа сонгогдож болох өөрчлөлтийг оруулсан байдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд газрын тосны үнэ дэлхийд өндөр байсны ачаар Батерфлика олон нийтийн дургүйцэлтэй тулгардаггүй байжээ. Үүний зэрэгцээ түүний удирдсан 20 жилийн 19 –д нь Алжир улсад онцгой байдал үргэлжилсэн байна. Мөн энэ хугацаанд дэд бүтцийн хэд хэдэн том төсөл хэрэгжиж, жижиг дунд үйлдвэрт зээл олгож, хямдхан орон сууцнууд олноор баригдсан ажээ. Харин газрын тосны үнэ буурсантай зэрэгцэн тус улс эдийн засгийн хүндрэлтэй учирч, нийгмийн хангамжийн санхүүжилт зогсож, ажилгүйдэл өсжээ.
Батерфликагийн огцорсон мэдээ эсэргүүцлийн жагсаалыг гудамжны баяр наадам болгожээ. Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Алжирын шилжилтийн Засгийн газрыг тус улсын парламентын дээд танхимын тэргүүлэгч Абделькадер Бенсалах толгойлох ажээ.