Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene resource development” компани 2018 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, алтны “Хөндий” төсөлд энэ жил хийх төлөвлөгөөгөө танилцууллаа.
Тус компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли “Алтны “Хөндий” төслийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч, жилд хамгийн багадаа 50 мянган унци олборлох хүчин чадал бүхий ил уурхайг хөгжүүлэлтийн шатанд аваачих, нэмэлт эрэл хайгуул, худалдан авалт хийх замаар цаашид дээрх хэмжээг 100 мянган унцид хүргэхийг зорьж байна.
Хөндий алтны дүүрэгт хэтийн төлөв бүхий талбайд хайгуул хийх, урьдчилсан ТЭЗҮ-ийг “дэмжих” өрөмдлөгийн хөтөлбөр эхлүүлэх юм” гэжээ. Тодруулбал, нийт 2000 метрийн өрөмдлөг хийх нь. “Хөндий” төслөөс нэг унци алт үйлдвэрлэх нийт зардал 714 ам.доллар, жилд олборлох алтны дундаж хэмжээ 51 200 унци, уурхайн ашиглалтын хугацаа найман жил байна хэмээн тооцсон аж.
Өнгөрсөн онд тус компани 3.65 сая канад долларын алдагдалтай ажиллажээ. Тэд энэ хугацаанд хайгуулын зардалд 5.95 саяыг зарцуулсан байна. Ер нь уг төслийн хайгуул болон нөөцийн хөгжүүлэлтэд нийт 17 сая ам.долларын хөрөнгө зарцуулжээ.