Төв Америкийн орнуудынх голдуу 338 цагаачийг Мексикийн өмнөд нутгийн Чьяпас мужид хүн наймаалагчдаас чөлөөлсөн тухай тус улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ. Тус мужид Хондурас, Гватемал, Никарагуа, Сальвадор, Куба улсын 181 иргэн, тэдний дотор 157 хүүхэд тээвэрлэж явсан таван автобусыг саатуулсан гэнэ.
Цагаачдыг хууль бусаар тээвэрлэсэн хэргээр 15 хүнийг баривчилжээ. Тэдгээр автобус албаны хүмүүсийн анхаарлыг татахгүйн тулд орон нутгийн шороон замаар явж байсан аж.
Өнгөрсөн оны намраас АНУ-ыг чиглэсэн Төв Америкийн цагаачдын цуваа хөвөрч эхэлсэн юм. Одоо Мексиктэй залгаа АНУ-ын хил дээр хэдэн мянган хүн цугласан байна. Аюулгүй байдлаа хангах үүднээс АНУ-ын эрх баригчид олон мянган цэрэг хил рүүгээ илгээсэн.
Жил бүр хэдэн мянган хүн Мексикээр дамжин АНУ-д очихыг оролддог байна.Тэдгээр цагаачийн олонх нь мансууруулах бодис наймаалагчдын гар, хөл болж, хохирдог. Хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр Мексикт хууль бус цагаачдыг хулгайлсан хэрэг жилд дунджаар 20 мянга бүртгэгддэг. Гэмт этгээдүүд нэг хүнийг суллахын оронд 2000 доллар нэхдэг гэнэ.